Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тогтоолын төслийг УИХ өчигдөр хэлэлцэж, МАН-аас томилогдсон зургаан сайдыг огцруулсан билээ. МАН-ыг засгаас гаргахдаа АН “Гэрээ хангалтгүй биелүүлсэн” гэдэг тайлбар өгсөн. Харин Ардын намын зүгээс "Гэрээг АН ганцаараа дүгнэх ёсгүй байсан" хэмээн буруутгаж буй. Болж өнгөрсөн улс төрийн үйл явдалтай холбоотойгоор тус намын удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сар Ардчилсан нам манай намд урилга илгээж, засагт хамтрах хүсэлт тавьсан. Тэгээд таван бүлэг бүхий 20 гаруй асуудлаар гэрээ байгуулж ажилласан. Эдийн засгийн асуудлыг хамтад нь шийдэх, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, өмнөх Засгийн газрын алдаа мадагийг засч залруулах үүднээс МАН засагт орж ажилласан. Өрийн босгыг АН өмнө нь 46 хувьтай байна гэсэн боловч манай нам засагт орж ажиллахдаа 58,3 хувьтай байгааг олж тогтоосон. Тиймээс гадаад өрөө нэмэхгүйгээр, эдийн засгаа яаж сайжруулах вэ мөн Оюутолгой, Тавантолгойн төслийг олон түмний хяналт дор авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэх зэрэг олон асуудлаар гэрээ байгуулсан билээ. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын даргатай уулзаад Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж шийдэх ёстой. Засч залруулахыг нь залруулаад, УИХ шуурхай хэлэлцээд явуулах ёстой гэж ярилцаж шийдсэн байсан. Харамсалтай нь, УИХ-ын дарга түгжих, гацаах бодлогыг барьж байсан юм билээ.
М.ЭНХБОЛД: МАН-ыг Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах гэж байна гэсэн яриаг АН өөрсдөө гаргаж байна. Бид засаг төр тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байгаа. Ардын нам Ардчилсан намаас оруулж ирж байгаа шинэ сайдуудыг дэмжинэ. Харин сайн хүн оруулж ирэх ёстой гэдгийг хэлье.
Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэгчийг Ерөнхий сайд манай намтай зөвшилцөлгүйгээр Дубайд очиж зурсан. Өмнө нь Ерөнхий сайдыг Дубайд Оюутолгойн гэрээг зурах нь гэсэн мэдээлэл авсан байсан. Тиймээс МАН-д гэрээгээ танилцуулаарай гэсэн боловч танилцуулаагүй. Ирснийх нь дараа энэ асуудлаар мэдээлэл авах гэсэн боловч гадаад яваад гүйцэгдээгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад хэлэлцэж шийднэ гэж гэрээнд заасан ч АН-ын манайтай ярилцаагүй. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Н.Батбаяр ахалж ажиллаж байгаа. Сонгуулийн хуулийн төсөл дээр Р.Бурмаа ахалж ажиллаж байгаа. Аль нь ч орж ирээгүй байна. МАН-ын зүгээс хяналтын тооллогыг гараар явуулах, сонгуулийн тогтолцооны талаар ард түмнээсээ санал асуулга асууя гэсэн хуулийн төсөл өргөн барьсан ч одоо ч хэлэлцэгдээгүй байна.
Ардчилсан намын дарга З.Энхболд өчигдөр “Танай нам хамаатан саднаа ажид авсан” гэж чуулганы хуралдаанд хэлсэн. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс авсан хэдэн тоог мэдээлье. Зам тээврийн яамд шинээр 24 хүн, Барилга хот байгуулалтын яамд шинээр 28 хүн, Хөдөлмөрийн яамд шинээр 48 хүн оржээ. Тэгвэл АН-ын сайдтай байгаад дараа нь АН-ын хүн сайд болсон Гадаад хэргийн яамд 31 хүн, Аж үйлдвэрийн яам 33 хүн, МАХНы-н сайдтай байгаад МАХН-ын хүн очсон ЭМСЯ-д 31 хүн шинээр ажилд орж. Сайд нь солигдоогүй Боловсролын яам гэхэд энэ жил 11 хүнийг халж сольж ажилд авсан байна.
Төрийн албан хаагчдын халаа сэлгээ бүх яаман дээр өрнөсөн. Хөдөлмөрийн яам бол системээрээ үүрэг гүйцэтгэгч байсан. Энэ салбарыг Я.Санжмятав тэр чигээр нь үүрэг гүйцэтгэгч болгосон байсан. Манай нам хууль зөрчсөн томилгоо хийгээгүй. АН-ын дарга З.Энхболдын үйлдэл хэтэрч байна. УИХ-ын гишүүний эрхэнд халдаж, Дэгийн тухай хууль зөрчиж, “Надад таалагдахгүй байна” гэж микрофоныг нь хаалаа. Их хурлын гишүүнийг уймраа энэ тэр гэж доромжилсон. Ийм дээрэнгүй байдлаар ханддаг болжээ. МАН-ыг Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах гэж байна гэсэн яриаг АН өөрсдөө гаргаж байна. Бид засаг төр тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байгаа. Ардын нам Ардчилсан намаас оруулж ирж байгаа шинэ сайдуудыг дэмжинэ. Харин сайн хүн оруулж ирэх ёстой гэдгийг хэлье.
МАН-ЫН ЕНБД Ж.МӨНХБАТ
-АН-ынхан МАН орон нутагт манай намыг шүүмжиллээ гээд байна. Үнэндээ Шинэчлэлийн Засгийн газрын үед улс орон ямар болсныг иргэд биднээс асууж тодруулсан. Биднээс Чингис бонд, Самурай бондыг асуусан. Бид үнэнийг л хэлсэн. Мөн Н.Алтанхуягийн засгийн алдааг үүрэхгүй, хамтарсан цагаас хойшхи хариуцлага хамтдаа хүлээнэ гэсэн.
СУ.БАТБОЛД
-Улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд хор хохирол учруулдаг байдлыг дахин дахин гаргаж байгаа нь АН-ын төлөвшилгүй, фракцуудын тэмцэлд идэгдсэнийг харуулж байна. Нэг л хүний араншингаар фракц, олигархиудын улс төрийн тэмцлийн золиос болгож улс төрийг хямралд оруулж байгаа нь харамсалтай. Төрийн төвшинд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж чадахгүй, дүгнэж чадахгүй байгаа нь аж ахуйн нэгж, иргэд хооронд байгуулж байгаа гэрээнд ямар үлгэр жишээ үзүүлж байгааг бодолцох нь зүйтэй. Цаашид АН дангаараа хариуцлагаа хүлээгээд явах байх. 26 гишүүний, парламентад хоёр дахь олон суудал авсан намын байр суурийг АН дааж чаддаг байх хэрэгтэй. Одоо МАН сөрөг хүчин гэж юу байдаг юм, ямар асуудлыг яаж шийдвэрлүүлэх нь бидний тоглолтоор явагдана. Үнэхээр сөрөг хүчний үйл ажиллагааг дааж ажиллах юм бол ажилласан шиг ажиллах хэрэгтэй. Хоёрын хооронд хор найруулж, фракцийн зөрчилдөө идэгдээд Монгол орныг бүр ангал руу битгий унагачихаасай билээ.
О.САР