Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 4

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 4

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(БУДДИЗМ: “НОМХОН, ХҮЛЦЭНГҮЙ, ДУУЛГАВАРТАЙ БАЙ!”)

Либертари үзлийн эрхэмлэн дээдэлж, нэн тэргүүнээ тавьдаг зүйлсийн нэг бол эрх чөлөө, тэр тусмаа оюун санааны эрх чөлөө билээ.

Бидний оюун санааны уламжлал бол 32 модон хүний үлгэр, Эрдэнийн эрхи, Цагаан түүх энэ тэрхэн. Хамгийн лут нь Нууц товчоо шив дээ. Эсвэл хэл, утгыг нь эс мэдэх төвд номыг бусдын амнаас сонсож ирсэн байдаг. “Багш доор мөргөмүй”, “Ном доор мөргөмүй” гэсэн сайхан үгнүүдтэй. Эдгээр нь лам-багшийн хэлснийг нягтлан бодож, эргэлзэж болохгүй, үг дуугүй дага, шашин номд юу гэж өгүүлсэн байна, түүнийг яс мөрдөж, сөгдөн мөргө гэсэн утга санаа шүү дээ. Ер нь ямар соёл, яачихсан ёс заншил, хаашаа янзын шашин гэхээрээ “нүгэл болно” гээд бие дээрээ гүйж буй бөөсийг алж, “буян арилна” гээд хир даахиа угааж, “зүс царай гундана” гээд зарим гарагт үсээ засуулж болдоггүй байна аа.

Христ, ислам, буддизм гэсэн монотеист шашнууд төдийгүй политеист болон үндэсний гээд аливаа шашин сүсэгтнүүдээ номлол сургаалынхаа хүрээнд л байлгахыг эрмэлздэг. Энэ жам ёсоор буддизм ч гэсэн сүсэгтнүүдээ даруу төлөв, номхон хүлцэнгүй, дуулгавартай байхыг шаардана.

Аливаа шашны зүгээс оюун санааны эрх чөлөөнд хэрхэн ханддагийг маш товчоор илэрхийлбэл, тухайн бодол санаа шашны номлолтой таарч байх юм бол хэрэггүй. Учир нь шашны номд тэр бүх зүйл бий. Таарахгүй байх юм бол тэдгээр худал зүйл хэрэггүй хэмээнэ. Тэгээд үлдэх ганц зүйл нь шашны номлол. Тэгвэл “үнэн гэдгийг нь няцаах зөвшөөрөл олдоогүйн улмаас өдий хүртэл үнэнд тооцогдож байсан үнэн, өрсөлдөх боломж бүхий үнэн хоёрын хооронд асар их ялгаа байдаг” (Милль).

Либертари үзэл шашныхны зүгээс гардаг ийм тулгалтыг сэтгэн бодох эрх чөлөөнд харшилж байна хэмээн үздэг. Сэтгэлгээг нэг шашны хүрээнд барих нь либертарианизмын суурь зарчмуудад зөрчилдөнө. Либертари үзэл дэх оюун санааны эрх чөлөөний зарчмыг хүлцэн тэвчихүй (либертариудын хүлцэн тэвчихүй бол хүлцэнгүй байдал биш), эс түрэмгийлэх аксиом хэмээн нэрлэдэг. Эдгээр нэр томьёоны үндсэн санаа бол бусад хүн өөрөөс чинь хэчнээн өөр үзэл бодолтой байсан ч түүнийг тэвчиж байх ёстой. Ө.х. коммунистууд, нацистууд, шашны тулгар үзэлтнүүд лугаа өөрсдөөсөө өөр үзэл бодолтнуудыг хавчин хяхаж, шорон гянданд хийж, алж хядах ёсгүй гэсэн үг. Мөн ямар ч тохиолдолд өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгахгүй, хэтэрхий шахахгүй, албадахгүй гэсэн утгаар “эс түрэмгийлэх” явдлыг аксиом хэмээн үздэг. Хүн төрөлхтний түүх өөрөөсөө өөр үзэл бодолтнуудыг эс тэвчдэг үзэл суртал ямар аюултай болохыг ханатлаа үзсэн билээ. Энд коммунист, фашист нийгэмд явагдаж байсан хавчлаг, мөрдлөгө, тамлалтын тухай дурьдах нь илүүц ажил болох биз.

Эрх чөлөөний талаар хамгийн лут бүтээл туурвисан сэтгэгч Ж.С.Миллийн үзэж байснаар, олон түмэнд зөвшөөрөгдөөгүй үзэл санаа гэдэг бол дуугүй байх шалтгаан биш. Бидэнд танил биш үзэл санааг хамгаалах хангалттай шалтгаан байдаг. Учир нь эсрэг үзлийг буруу ч, зөв ч, буруу зөв холилдсон ч бай хүмүүс түүнээс татгалзсанаараа хождоггүй. Хэрэв үнэн үзлээс татгалзвал алдаагаа засах боломжийг алдана. Худал үзлийг сонсохоосоо татгалзвал өөрийнхөө үнэнийг батлах боломжоо алдана. Тэгэхээр аль алинаас нь хожоо гардаггүй.

Оюун санааны эрх чөлөөний талаар хамгийн буурьтай сэтгэсэн философич Ж.С.Милль, түүний хамгийн алдарт бүтээл болох Эрх чөлөөний тухай

Хүмүүсийн үнэн гэж үзэж буй зүйл, үнэхээрийн үнэн хоёрын хооронд том ангал байдаг. Үнэхээрийн үнэнийг хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байсан ч түүх тэр үнэнийг баталдаг. Хүмүүсийн үнэн гэж үзэж байсан олон зүйл худал төдийгүй утгагүй байсан, хүмүүс үнэний авторуудыг хэлмэгдүүлж байсан нь хожим харагдсан тохиолдол олонтоо гарч байв. Ийм жишээ дэндүү олон. Тухайн үеийн ёс суртахууны абсурд байдлыг эсэргүүцсэн Сократ, дэлхий бөөрөнхий болоод өөрийгөө тойрон эргэлддэгийг баталж байсан Бруно, Галилей, хүний цусны эргэлтийн онолыг нээсэн Сервет, хувьслын онолыг нээсэн Дарвин гээд.

Эцэст нь хэлэхэд, шашны номлол догм (хэвшмэл), ортодокс (анхдагчаасаа хараат), коллективист (олонх дээр тулгуурласан) шинжтэй байдаг бол либертари үзэл онол рационализм (оюун ухаан) дээр тулгуурласан, объектив (юмс, үзэгдлийг бодитой) авч үздэг, индивидуализм (хувь хүнийг дээдлэх үзэл) дээр тулгуурладаг. Тэгэхээр оюун санаагаа нэлээд ортодокс шашин болох буддизмд хүлүүлсэн ард түмний хувьд либертари үзлийг хүлээн авахад хүнд байдаг.

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж