Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны Тэргүүн сайд, хошой Чин Ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан ГХЯ, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Архивын Ерөнхий газар хамтран энэ 9 дүгээр сарын 13-ны өдөр “Монголын 1911 оны Үндэсний хувьсгал ба хошой Чин Ван М.Ханддорж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-нд зохион байгуулав.
Хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн багш, академич Ж.Болдбаатар “Монголын 1911 оны үндэсний хувьсгалын гол удирдагчдын нэг Минжиддоржийн Ханддорж”, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун “Чин ван М.Ханддоржийн амьдрал, үйл ажиллагаанд холбогдох гэрэл зургууд”, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын зөвлөх, доктор, профессор Ц.Батбаяр “Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд”, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, доктор, профессор Г.Мягмарсамбуу “Түшээт хан аймгийн Цэргийг захирах жанжин Чин Ван М.Ханддорж”, “Чин Ван М.Ханддорж” нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Д.Энхтайван нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар тус тус илтгэл тавив.
Эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ШУА-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Б.Авид, Булган аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нар нээж үг хэлэв.
Хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Архивын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Санхүү Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их сургууль зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд, судлаачид, ГХЯ-ны дипломат ажилтнууд оролцож байна. Энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны Тэргүүн сайд, хошой Чин Ван М.Ханддоржийн амьдрал, үйл хэргийг харуулсан түүхийн баримт, гэрэл зургийн үзэсгэлэн гарсан болно.
Эх сурвалж: ГХЯ