Зөрчилгүй Монгол, зөв Монгол

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

Зөрчилгүй Монгол, зөв Монгол

Зөрчилгүй Монгол, зөв Монгол

Монгол улсад 2010-2016 он хүртэл таван жилийн дунджаар хүн амины хэрэг жилд 260-300 бүртгэгддэг байсан бол 2017 оны статистикаар 186 хэрэг бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, хүн амины хэрэг 2018 оны байдлаар өмнөх жилүүдээс 40 хувиар буурсан судалгааг эндээс харж болно. Ийнхүү онц ноцтой хүн амины хэрэг эрс буурсан шалтгаан нь 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь даамжирсаар хүн амины хэрэг болдог. Өөрөөр хэлбэл, хөнгөн хэлбэрийн зөрчил даамжирсаар эрүүгийн онц ноцтой, хүнд гэмт хэрэг болдог байсныг Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр таслан зогсоож чадсан юм.

2015 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Зөрчлийн тухай хуулийг өргөн барьж Байнгын хороодоор хэлэлцүүлж, УИХ-аар баталсан байдаг. Тухайн үедээ Х.Тэмүүжингийн өргөн барьсан Зөрчлийн тухай хууль нь иргэд, олон нийтийн дунд багагүй хэл ам дагуулж байсан ч тэгсхийгээд намжсан. Харин 2016 оны УИХ-ын сонгуулиар дийлэнх олонхи болсон Монгол Ардын Намынхан өмнөх парламентын үед баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийг ёсчлон батлаагүй гэдэг үндэслэлээр эргүүлэн татаж дахин УИХ-аар хэлэлцүүлж баталсан байдаг. Эл ажлын хэсгийн даргаар одоогийн УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар ажилласан нь Зөрчлийн тухай хуулийг хоёр автортай болгож орхисон.

Х.Тэмүүжин сайдын өргөн барьж батлуулсан Зөрчлийн тухай хууль Монгол Улсад хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Саяхан болсон Парламент телевизийн “Аргумент” хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, хуульч Ж.Эрхэмбаатар нар үүнийг маш тодорхой баримт, кейст тулгуурлан тайлбарласан. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хууль зүйн салбарт маш зоригтой реформ, шинэчлэл хийсэн Х.Тэмүүжинд баяр хүргэх ёстой. Манай улс зарим нэг улс орноос хууль эрх зүйн хөгжлийн хувьд түрүүлж алхаж байна. Жишээ нь, ОХУ-ын Хууль зүйн яамны хүмүүс ирсэн. Тэд нар одоо л хуулийн салбартаа иймэрхүү кодификаци хийх гэж байгаа гэж ярьж байна. Манайхаас туршлага судалъя гэж байх жишээтэй” хэмээсэн.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн зориглон байж хийсэн хууль зүйн салбарын шинэтгэлийн байгаа олсон ганц зүйл нь Зөрчлийн тухай хууль. Өнөөдөр олон нийтийн дунд энэ хууль цоо шинэ хууль юм шиг ойлголт байдаг. Угтаа бол Монгол Улсад 2015 оноос өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан 230 аад хуулиудын ард байсан хариуцлагын тогтолцоог ил болгож төрөлжүүлэн нэгтгэсэн хэрэг .

Өмнөх парламентын үед санаачлаад, батлаад гаргачихсан хуулийг сайжруулаад, зүгшрүүлээд явах нь одоогийн парламентын үүрэг бас хариуцлага. Хүмүүс бие биетэйгээ харилцаж байгаа цагт зөрчил үүсч л таарна. Харин зөрчлийг эрүүгийн юм уу, иргэний хуулиар заавал шийдэх албагүй гэдгийг Х.Тэмүүжин сайд асны санаачлан батлуулсан Зөрчлийн тухай хууль олон нийтэд ойлгуулсан. Мөн хялбаршуулсан болон энгийнээр шийдэж болдог болсон процесс нь иргэдийг чирэгдүүлэхгүй, хүндрүүлэхгүй байх нөхцөл боломжийг бий болгож өгсөн гэдэг нь энэ хуулийн давуу тал юм. Эцэст нь, зөрчилгүй Монголын төлөө зориглон Зөрчлийн тухай хуулийг санаачлан батлуулсан Х.Тэмүүжинд талархах нь зүйн хэрэг.

Р.ЗАМИЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж