"Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн зөрчлийг захирал нь өгдөггүй"

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн зөрчлийг захирал нь өгдөггүй"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар “Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэж, зургаан сараар онцгой дэглэмийн хугацааг сунгахыг байнгын хорооны гишүүдийн 69.2 хувиар дэмжлээ.

Шүүхийн процессыг дуусах хүртэл буюу холбогдох байнгын хороонд танилцуулж, нэг удаа зургаан сараар сунгах боломжтой аж.

Өнгөрсөн гуравдугаар сард "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 49 болон 51 хувийн маргаантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан албаныхан "Эрдэнэт" үйлдвэрт очиж зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон билээ.

Онцгой дэглэмийг сунгах шалтгааныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Онцгой дэглэм тогтоосноор үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн хэдий ч шалгалтын актаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай байна. Мөн холбогдох албан тушаалтнууд мөнгө угаалтын схемд оролцсон байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлууд шүүхэд шилжсэн учир энэхүү асуудалд тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэж байна. Иймд “Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү" гэсэн юм.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маргаан он дамжиж үргэлжилж, шүүх дээр асуудал очсон. Онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгахгүй бол дахин Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсч цаг хугацаа алдах гээд байна гэж ойлголоо. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр тал дээрх тарган үнээ байхаа больсон юм уу. Миний ойлгосноор нөөц нь нэмэгдсэн гэж ойлгосон. Цаашид хэдэн жил "Эрдэнэт" үйлдвэрийг ашиглах нөөц тогтоогдсон юм бэ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Онцгой дэглэм авахад хоёр долоо хоногийн хугацааг алдсан бол 100 хувь Сингапурын мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь шилжих нөхцөл үүссэн. Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд онцгой дэглэм тогтоосон. Мөнгө угаалтын схем тодорхой болсон гэж Засгийн газрын хувьд үзсэн. Үндсэндээ 402.4 сая ам.доллартай холбоотой мөнгө угаалт гэж үзэн шүүхэд шилжүүлсэн. Онцгой дэглэм тогтоосон өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь ТӨҮГ болсон.

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн:

"Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар намайг очих үед буюу 2016 оны сүүлээр одоогийн хүчин чадлаар "Эрдэнэт" үйлдвэрийг цаашид ажиллуулахад 40 орчим жил ажиллуулах нөөц боломжтой гэсэн тоо баримт байсан. 2017 оны геологи хайгуулын ажлыг 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлсэн. Урьдчилан байдлаар геологи хайгуулын ажлын үр дүнг авч үзвэл цаашдаа "Эрдэнэт" үйлдвэрийг өнөөгийн хүчин чадлаар ашиглахад багадаа 60 жил хүрэлцэх нөөцтэй болсон гэж үзэж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлдвэрийнхээ ашиглаж болох нөөц, баялгийг 20 жилээр нэмэгдүүлсэн гэсэн үг.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжиж байна.Би захирлаар нь ажиллаж байсан хүний хувьд "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг сайн мэднэ.  Төр "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь авсан асуудлыг анхнаас нь дэмжсэн. Өнөөдрийн байдлаар зэсийн үнэ унаж, орлого тэр хэмжээгээр буурч байгаа. Зэсийн үнэ унах хэрээр үйлдвэрт амаргүй. Үйлдвэрийн нөхцөл байдал ямар байна вэ? "Эрдэнэт" үйлдвэр Оюутолгойгоос өндөр татвар төлдөг. Хүчин чадлын хувьд Оюутолгой ХК "Эрдэнэт" үйлдвэрээс илүү.  "Эрдэнэт" үйлдвэрийг төр авч байгаа бол  эрдэнэтчүүд  ашиг хүртэх эрхтэй шүү. Эрдэнэт хот бол "Эрдэнэт" үйлдвэрийг дагаж бий болсон.

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн:

-Зэсийн үнэ сүүлийн үед унаж байгаа. Улсын төсөвт суусан ханшаас өнөөдрийн байдлаар 430 ам.доллараар доогуур байна. Тонн тутамд ийм хэмжээний ам.доллар алдаж байгаа гэсэн үг. Хүдэр дахь зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулга өсч байгаа. Энэ нөхцөлд бид ашиг орлогоо бууруулахгүй байхын төлөө ажиллаж байна. Ингэхийн тулд өртөг, зардлаа хямдруулах чиглэлд ажиллаж байна. Эхний найман сарын байдлаар зардлаа хоёр хувиар буюу 30-аад тэрбум төгрөгөөр бууруулсан. Үүний үр дүнд  эхний найман сарын техник, технологи, эдийн засаг, санхүүг төлөвлөгөөт хэмжээнд ажиллуулах боломжийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Өнгөрсөн онд улсын төсөвт 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: 

"Эрдэнэт" үйлдвэрийн гаргасан 40 сая ам.долларыг буцаан авах ажил хэр явж байна вэ? "Жаст"-ын өрийг буцаан төлүүлэх ажил ямар байна вэ?

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн:

"Стандарт" банкны асуудал гадаад талдаа шийдвэрлэгдэж, "Эрдэнэт" үйлдвэрт үүссэн эрсдэлтэй байдал шийдэгдсэн. Одоо бид өмгөөллийн компани аваад "Жаст" групптэй хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал. "Жаст" группийн нэр дээрх хөрөнгийг битүүмжилсэн. Төр засгийн дэмжлэгтэй хөөцөлдөөд ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг дэмжиж байгаа. Гэхдээ онцгой дэглэм тогтоосон өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрт хувь эзэмшил нь 100 хувь төрийн хяналтад орсон гэж ойлгосон зөв үү. Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд Засгийн газар хяналт тавьж байгаа юу.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Тэгж ойлгож болно. Тагнуулын Ерөнхий газар, Сангийн яамны хяналт дор үйлдвэрийн үйл ажиллагаа явагдаж байгаа. АТГ-ын удирдлагуудад байнга бичгээр сануулж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Тогтоолын төслийг дэмжиж байна. "Эрдэнэт" үйлдвэрт гарсан ноцтой зөрчлүүд бүрэн таслан зогсогдоогүй гэж үзэж байна. Шаардлагатай бол Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагатай холбоотой арга хэмжээ авахгүй юм уу. Ямар эрх дархтай  хүмүүс болоод дархлагдсан мэт байдаг юм бэ. Төрийн мэдэлд 100 хувь авсан гэсэн атлаа үйлдвэрийн үйл ажиллагаа нь хаалттай.

"Эрдэнэт" үйлдвэрийг шалгах УИХ-аас байгуулсан ажлын хэсэг татан буугдаагүй, дүгнэлт нь ч УИХ-аар ороогүй байгаа. Үйлдвэрт үүссэн санхүүгийн зөрчил, нөхцөл байдлын талаар мэдээллээ  яагаад удирдлагууд нь өгөхгүй байгаа юм бэ. Стандарт банкны өр, авлага үүссэн  гурван жилээс хойш өнөөг хүртэл санхүүгийн нөхцөл байдлыг шаардсан материал яагаад өгөхгүй байгаа юм бэ. Х.Бадамсүрэн захирал та авчирсан бол одоо өг. Олон нийт мэдэх ёстой. "Эрдэнэт" үйлдвэрийг эрсдэлээс салгах ёстой. Бүх юм ул мөртэй гэдгийг сүүлийн үед улам нотолж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

"Жаст"-ын Ш.Батхүүд зээл авахад нь зуучилсан бүх хүний хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна. Энэ хугацаанд Засгийн газар үйлдвэрт онцгой дэглэм тогтоож багагүй хугацаанд ажиллачхаад  холбогдох хүмүүсээс нь 143 тэрбум төгрөгийг өнөөдөр барагдуулж аваагүй байна. Зарим  нөхөд "Жаст"-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг нь авсан. Жишээ нь Олон овоотын ордыг Нямдоржийн Алтан гэдэг хүнд бэлгэдлийн гэрээгээр шилжүүлсэн байхад үүнийг буцааж авах талаар ямар ч ажил хийхгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж