Чин ван М.Ханддоржийн эмгэнэлт түүхийг эргэн сөхөв

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

Чин ван М.Ханддоржийн эмгэнэлт түүхийг эргэн сөхөв

Чин ван М.Ханддоржийн эмгэнэлт түүхийг эргэн сөхөв

Оросын хотоор орлоо доо

Оргодлын шинжтэй явлаа даа

Олз ашгийг хайсангүй

Олныхоо төлөө зүтгэлээ дээ…Энэ дууг Монголын төрийн алтан аргамжааг атгалцаж явсан, Үндэсний үзэл, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Чин ван Ханддорж 1911 онд зохиож байсан түүхтэй. Ханд вангийн дуу хэмээх энэхүү дөрвөн мөрт аялгуу Ханд Вангийн хошуугаар алдаршиж байжээ.

Монгол Улсын анхны Гадаад харилцааны сайд Чин ван М.Ханддорж 1911 оны Үндэсний хувьсгалыг түүчээлж, эрх чөлөөнийхөө төлөө тууштай тэмцэж байсныг түүх мартахгүй. Түүний мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтан Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2019.09.13/ болж байгаа юм. Хурлаар  түүний улс төр, урлаг соёл, боловсролын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл, амьдралын тухай илтгэл хэлэлцүүлж байна.

Монгол Улсын анхны Гадаад харилцааны сайд Чин ван М.Ханддорж бол язгууртан цэргийн хүн байсан төдийгүй гоо зүйн өндөр мэдрэмжтэй хүн байжээ. Түүний хүүдээ зориулсан “Ай нанаа” хэмээх эцгийн хүний гуниг харууслаас төрсөн

Зүүн уулын зэрэглээ байнаа хө, ай Нанаа минь ээ

Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө

Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ

Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө

Урд уулын зэрэглээ байна аа хө, ай Нанаа минь ээ… хэмээх энэ дуу хожим нь ардын дуу болсон. Энэ дуу бүтсэний түүхийг сөхвөл 1905 онд Чин ван М.Ханддорж XIII Далай ламыг хүрээндээ урьж, өвөлжүүлсэн. Энэ үед түүний хүү Далай ламд шавь орсноор номын хүмүүсийн ёсоор XIII Далай ламыг дагаж эрдэм үзэхийг хүү нь эцгээсээ хүссэн байна. Далай лам 16 настай хүүг нь дагуулан явахдаа Бээжинд Манжийн хаанд бараалхсан аж. Гэтэл Манжийн хаан Чин ван М.Ханддоржийн хүүг зөвхөн ихэс дээдэс морилж зорчих ёстой замаар зорчлоо хэмээн шалтаг гаргаж, цаазаар авчээ.

Түүгээр зогсохгүй Манжийн хаан Чин ван Ханддоржид элч илгээн төрийн хэргээр ордондоо дуудсан бөгөөд ирсэн өдөр нь зоог барьж “хүндлэл” үзүүлэхдээ цар тавагтай, хадгаар бүтээсэн зоогт хонины толгой бус хүүгийнх нь толгойг тавьсан байжээ.  Чин ван М.Ханддорж “Надад зориулсан үүц биш та нарын үүц байж” хэмээн хүүгийнхээ толгойг өвөртлөөд, гашуудал үйлдэн гарч оджээ. Тэрээр цагаан хэрмийн наана дагуул хүмүүсийнхээ хамтаар гарч ирээд “Жанч хүүгийн даваанаас хойш хятад шаахай, марал илжигний мөр үлдээхгүй болтол үзэлцэнэ” хэмээн тангарагласан цагаас хойш Манжийн эсрэг тэмцлийг хүчтэй явуулж, мөн хүүгээ санан дуу зохиосон түүхтэйг түүхч, академич Ж.Болдбаатар илтгэлдээ  онцолсон юм.

ЧИН ВАН М.ХАНДДОРЖ ЦЭРГИЙН ХҮН БАЙСАН Ч УРЛАГ СОЁЛ, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН

Академич, шинжлэх ухааны (Sc) доктор, профессор Ж.БОЛДБААТАР: 

-Чин ван М.Ханддорж бол Чингисийн удмын хамсаа, төрийн түшээ хүн юм. Түүний мэндэлсний 150 жилийн ойг угтан өнөөдөр  Гадаад харилцааны яам, ШУА-ын Түүх угсаатны зүйн хүрээлэн, Булган аймгийн ЗДТГ-аас эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэ хурлыг есдүгээр сарын 15-нд Чин ван М.Ханддоржийн мэндэлсэн нутаг Булган аймагт зохион байгуулна. Түүнд зориулан босгосон Дүгрэгийн гэрэлт хөшөөнд  цэцэг өргөж хүндлэл үзүүлнэ.  Чин ван М.Ханддорж 1911 оны Үндэсний хувьсгалыг түүчээлэн хөдлөх оройлон зохион байгуулах ажлыг хийгээд зогсохгүй Монголын төрийн алтан аргамжийг таталцах албыг нэр төртэй биелүүлсэн юм. Энэ хүн Монголын тусгаар тогтнолын  бэлэг тэмдэг болсон Мигжид Жанрайсаг шүтээнийг босгох ажлыг анх үүсгэн зохион байгуулсан юм. Өөрийн Вангийн хүрээг Халхын хүрээдийн тэргүүн зэрэгт олгох гэж оролдож байсан. Халхад хамгийн том цагаан суваргыг байгуулсан, Булган Хан ууланд ан амьтныг шахан оруулж, өвөлдөө тэжээл өвс өгч байгалийн зоопарк бий болгох гэж оролдож байсан гэх мэт асар их гавьяаг байгуулсан хүн юм.

ЧИН ВАН М.ХАНДДОРЖТОЙ ХОЛБООТОЙ БАРИМТЫГ ДЭЛХИЙН НОМЫН САНГУУДААС ТАТНА

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, академич С.ЧУЛУУН: 

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн нь монголчуудын хувьд өнөөдөр оршин тогтнох үндсийг нь тавьж өгсөн. Боломжгүй нөхцөл байдалд монголчууд нэгэн үзүүр сэтгэлээр нэгдэж тусгаар тогтнолоо олж авсан юм. Тусгаар тогтнолын төлөөх их үйл хэрэг, тэмцлийг удирдан чиглүүлж байсан хүн бол Чин ван М.Ханддорж. Тэрээр хувьсгалын удирдагчдын нэг төдийгүй Монгол Улсын орчин цагийн гадаад бодлогыг үүсгэн байгуулсан түүхэн зүтгэлтэн. Өнөөдрийн хурлаар Чин ван М.Ханддорж улс төрийн үйл ажиллагаа, амьдрал, түүний гадаад бодлого, бусад улс төрчдийн харилцаа, гадаадын номын сангуудад /АНУ, ЯПОН/хадгалагдаж буй Чин ван М.Ханддоржтой холбоотой архив, баримт материалыг эргэлтэд хэрхэн оруулж болох вэ гэх мэт олон асуудлыг хэлэлцэж байна. Гадаадын орнуудад хадгалагдаж буй түүхэн баримт материалаа бид татаж, судалгааны эргэлтэд оруулна.  Чин ван М.Ханддоржийн судалгаа өргөжнө гэдэг 1911 оны Үндэсний тусгаар тогтнолын их үйл хэргийг илүүтэй танин мэдэж, түүхээ зөв танина гэсэн үг юм.

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД ХАНДУН ИХ ХҮРЭЭТЭЙ ХОЛБОГДОХ АРХИВЫН БАРИМТ МАТЕРИАЛ ХАДГАЛАГДАЖ БАЙНА

-Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.АМГАЛАН: 

-Монголчууд төрийн зүтгэлтэн хүнийхээ түмэн өлзий гийсний 150 жилийн ойг тэмдэглэж байна. Мэргэжлийн судалгааны байгууллагынхан өнөөдрийн хурлаар Чин ван М.Ханддоржтой холбоотой олон төрлийн шинэ баримт материалуудыг дэлгэж байна. Манай Гандантэгчинлэн хийдэд Хандун их хүрээтэй холбоотой архивын баримт материалууд бий. Энэ хүрээ бол XIII Далай лам өвөлжиж байсан, Чин ван М.Ханддоржийн өвлийн ордон байв. Далай лам тэнд өвөлжиж байхдаа хүрээний мэргэдтэй уулзсан түүхэн үйл явдлууд болж байв. Хийдтэй холбоотой шинээр олдсон бичиг материалыг өнөөдрийн хурлаар танилцуулна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж