Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.09.13/ хуралдлаа. Хуралдаанаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн Ард нийтийн санал асуулга явуулах төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Намрын чуулган онцлогтой. Улсын төсөв ордог. Хаврын чуулган сонгуулийн жилтэй давхацна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой гурван сонгуулийн хууль ороод ирнэ. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай, хот төлөвлөлтийн тухай зэрэг хуулиуд байна. Энэ дотор мөн Шүүхийн хуулиудыг оруулах шаардлагатай байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд дагаж мөрдөх хуулийг батална гэж байгаа. Улс төрийн намын тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэж амжихгүй. Хуучин хуулиараа явна. Нийт 28 хуулийг баталж амжихгүй, багтахгүй байх. Өргөн нэвтрүүлгийн хуулийг бид 2-3 жил ярилаа. Цаашдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа ч шинэчлэх шаардлага тавигдаж байна. Хамгийн гол нь ирц, менежмент сайтай хуралдаж байж энэ олон хуулийн ард гарна хэмээлээ.
Мөн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ардчилсан нам 23 хуулийн төсөл өгсөн ч ихэнхийг нь хасчихсан хэмээн Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн юм.
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Нөхөн үржихүйн хууль болон Нийгмийн даатгалтай холбоотой хуулийн төслүүдийг нэмэх саналыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хэлснийг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ