Франц улсын шүүх Саудын Арабын гүнж Хасса Бинт Салманд хүн зодсон хэргээр 10 сар тэнсэн харгалзах ял, 10,000 еврогийн торгууль оноох шийдвэр гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэг явдал 2016 онд болж өнгөрсөн ба тухайн үед Саудын Арабын хааны охин буюу угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы төрсөн эгч Парисын нэгэн тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байхдаа сантехникийн ажилтанг бие хамгаалагчаараа зодуулж, доромжилсон аж.
Гүнжийн энэхүү үйлдэл газрын тосны хаант улсын угсаа залгамжлагч дүүгийнхээ нэр хүндийг улам унагааж байгааг хэвлэлүүд онцолж байна. Учир нь Мохаммед Бин Салманыг өнгөрсөн оны аравдугаар сард Турк дэх Саудын Арабын элчин сайдын яаманд алагдсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргийн захиалагч хэмээн олон нийт буруутгаж байгаа. Үүнээс гадна Йемен дэх Саудын Арабын нөлөөгөөр хэдэн мянган энгийн иргэд амь үрэгдэж байгаа гээд түүний нэр хүндийг унагасан олон үйл явдал ар араасаа өрнөж байна.
Өдгөө 42 настай гүнж угаалгын өрөөндөө засвар хийлгэхээр сангийн ажилтанд дуудлага өгсөн бөгөөд дуудлагаар ирсэн ажилтан дараагийн ажилд хэрэг болно гээд угаалгын өрөөний зургийг авчээ. Гэтэл гүнж сангийн ажилтны авсан зурган дээр толины тусгалд өөрийнх нь дүрс буусан байна гэж буруутган бие хамгаалагчаараа сантехникчийг зодуулж, гарыг нь хүлж, тэр ч байтугай өөрийнхөө гутлыг үнсүүлж ёс зүйгүй авирласан байна. Үүний дараа гар утсыг нь эвдүүлээд тавьж явуулжээ. Мөн тэрбээр “Муу нохойг ал! Наадах чинь амьд явах эрхгүй” хэмээн хашхичиж байсныг хохирогч мэдүүлсэн байна.
Харин шүүх хуралд гүнжтэн өөрийн биеэр ирээгүй бөгөөд бие хамгаалагч нь ирсэн аж. Шүүхээс бие хамгаалагчид зургаан сарын тэнсэн харгалзах ял, 5,000 еврогийн торгууль оноосон бол гүнжид нэг дахин илүү ял оноожээ.
Эх сурвалж: CNN