Нийслэлийн Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг “Амжилт кибер”, “Уудам Монгол едүкейшн”, Ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль, “Билгүүн номч” сургуулиудад гарсан зөрчилд удирдлагад нь хариуцлага тооцох албан бичгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ.
ЗӨРЧИЛ: ЗОРИУЛАЛТЫН БАЙРГҮЙ, ЗООГИЙН ГАЗАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН
“Билгүүн номч” сургууль зориулалтын байргүй, “Днепр стейк хаус” зоогийн газрын хоёрдугаар давхар болон дээврийн хөндийд үйл ажиллагаагаа эрхэлж байжээ. Тус сургууль нь 1-12 дугаар ангид элсэлт авдаг. Гэтэл сургалтын төлөвлөгөөгөө нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй, стандартын дагуу хичээлийн хуваарь боловсруулаагүй байсан аж. Түүнчлэн бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн стандартыг зөрчиж, “Днепр стейк хаус” зоогийн газарт сурагчдын хоолыг өгдөг байжээ.
"ҮДИЙН ЦАЙ" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ХҮНСНИЙ БУС САВААР ТАРАГ ТЭЭВЭРЛЭСЭН
Нийслэлийн 84 дүгээр сургуульд "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэгч “Коко десерт” ХХК нь хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан бөгөөд лабораторийн шинжилгээгээр гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер илэрчээ. Тодруулал, үдийн цайнд өгөх таргийг барилгын материалын хуванцар саванд хийж зөөдөг байсан аж. Тиймээс тус компанийн үдийн цай нийлүүлэх гэрээг цуцлах саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн байна.
АХЛАХ СУРГУУЛИЙН 19 ХҮҮХЭД ХООЛНЫ ХОРДЛОГО АВСАН
“Уудам Монгол едүкейшн” ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр өчигдөр /2019.09.12/ Халдварт өвчин судлалын үндэсний төвд ханджээ. Үүнээс 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж, 5 сурагч гэрээр эмчлүүлж байна.
"Уудам Монгол" сургуульд энэ сарын 11-нд өдрийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет хийж, нийт 103 сурагч, есөн багш, ажилтан хооллосон байна. Тус сургуулийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ”Фаунд таун” ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг болох нь тогтоогджээ.
СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ
“Амжилт кибер” сургуулийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр 1-5 дугаар ангийн сурагчдыг элсүүлэн, суралцуулсан зөрчил илэрсэн байна. Иймд Зөрчлийн хэрэг нээж, Прокурорын хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ