АНУ-ын Засгийн газрын өндөр албан тушаал хашиж байсан гурван хүн Израилийн тагнуулын алба Цагаан ордон болон АНУ-ын нийслэлийн бусад онцгой байгууламжуудад гар утас чагнах төхөөрөмжүүд байрлуулж, хоёр жилийн турш ажиллуулсан болохыг баталсан байна.
Дээрх гурван хүний нэгийн мэдээлснээр, Америкийн нутаг дэвсгэр дээр гадаадын тагнуулын үйл ажиллагаа илэрсэн бусад тохиолдлуудаас ялгаатай нь Трампын засаг захиргаа дээрх мэдээллийг сонссоныхоо дараа Израилийн засгийн газрын эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Харилцаа холбооны станцтай төстэй, "Sting Rays" хэмээх бяцхан тандалтын төхөөрөмжүүдийг Дональд Трамп болон түүний туслах болон ойр дотны хүмүүсийг тагнах зорилготойгоор Израилийн тагнуулын алба байрлуулсан гэж мэргэжилтнүүд дүгнэж буй бөгөөд тагнах ажиллагаа үр дүнтэй болсон эсэх нь тодорхойгүй байгаа аж.
“Politico” өнгөрсөн 2018 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Трамп найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгөө харилцахдаа баталгаагүй гар утас ашигладаг гэж мэдээлжээ. Үүний дараа “Нью-Йорк Таймс” сонин 2018 оны аравдугаар сард "Трампын гар утасны дуудлагыг Хятадын тагнуулууд байнга сонсдог" гэж мэдээлсэн байна.
Тэр үед холбооны засгийн газрын туршилтын ажиллагааны дагуу Дотоодын аюулгүй байдлын департаментын ажилтнууд улсын нийслэл орчимд хяналтын төхөөрөмжүүд байгааг нотлох баримт олж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль Цагаан ордон орчимд чагнах төхөөрөмж байрлуулсан гэх мэдээллийн талаар “Би Израиль Цагаан ордныг тагнаж чагнасан гэж бодохгүй байна. Израильтай гайхамшигтай сайхан харилцаатай байгаа. Юу ч тохиолдож болох ч би итгэхгүй байна" хэмээн хэлжээ.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху уг мэдээллийг үгүйсгээд, “Бид АНУ-ын нутаг дэвсгэрт тагнуулын ямар нэг ажиллагаа явуулахгүй гэсэн амлалтаа олон жилийн турш биелүүлж байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Израилийн Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Элад Строхмайер дээрх мэдээллийг үгүйсгэж, “Үнэхээр утгагүй юм. Израиль АНУ-д тагнуулын ажиллагаа явуулдаггүй" гэж мэдэгджээ.
Вашингтон дахь Израилийн Элчин сайд ч дээрх мэдээллийг няцаасан байна. Цагаан ордон, АНУ-ын тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо энэ талаар тайлбар мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.
Эх сурвалж: POLITICO
Холбоотой мэдээ