Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак нар “Дэлхийн эрчим хүчний XXIV конгресс”-ийн үеэр уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ОХУ-ын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг нэн яаралтай ажил хэрэг болгох саналтай байгаа талаар дурдлаа.
ОХУ-ын Эрчим хүчний эрхэм сайд А.В.Новак хариу хэлэхдээ “Ерөнхийлөгч В.В.Путин уг асуудлаар Газпром компанийн захиралд судалж үзэх талаар онцгойлон үүрэг даалгавар өгсөн” хэмээгээд гурван талын эрчим хүчний яам, компаниудын оролцоотой ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулан ажлыг яаралтай эхлүүлье гэлээ. Мөн тус уулзалтаар Монгол, ОХУ-ын эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлаар хэлэлцэв. Мөн эрчим хүчний сайд нар Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлын явцын талаар ярилцсан бөгөөд ОХУ-ын Уралын турбины завод нь “ДЦС-IV” ТӨХК-ийн хоёр турбогенераторыг 2019 онд, 2020 онд үлдсэнийг шинэчилж, ашиглалтад оруулах юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зүүн хойд Азийг цахилгаан эрчим хүчээр хангах буюу Азийн супер сүлжээ байгуулах санаачлагын хүрээнд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам байгуулах талаар судалгааны ажлыг эхлүүлэх саналыг Монголын тал тавилаа.