Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсон Тапан Мишра өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт итгэмжлэх захидлаа гардуулав.
Сайд Д.Цогтбаатар НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, манай улс НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирсэнийг тэмдэглэсэн байна. Мөн олон улсын энхтайвны асуудлаарх судалгаа, энхтайвныг түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд залуучуудын оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Ноён Т.Мишра Монгол Улс – НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Ноён Тапан Мишра нь Энэтхэг Улсын иргэн бөгөөд НҮБ-ын системд 2003 оноос хойш ажиллаж байгаа ба 2015-2019 онд БНАСАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр ажилласан ажээ.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ