АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг ажлаас нь чөлөөлсөн. Энэ тухай “Associated Press” агентлаг онцолсныг орчуулан хүргэе.
Жон Болтон гэнэт л Монголд айлчилсан. Харин яг тэр үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1,930 километрийн цаана Хойд Солонгост хөл тавьж, удирдагч Ким Жон Унтай хоёр Солонгосын зэвсэггүй бүсэд түүхэн гэж хэлж болох уулзалт хийсэн. Даан ч тэр уулзалтад хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийг дагалдан явах ёстой хүн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон байсангүй. Хол зай ихийг үгүйлж байв.
Олон жилийн турш Хойд Солонгост шүүмжлэлтэй хандаж ирсэн Жон Болтон Ким,Трамп нарын уулзалтын үеэр байхгүй байсан нь уулзалтын уур амьсгалыг улам сайхан болгож, хоёр удирдагч илүү дотно ярилцах боломж олгосон гэж олон улсын шинжээчид үзжээ.
Трамп, Болтон хоёрын үзэл бодол, хэв маяг хэзээд таарч тохирдоггүй байж байгаад мягмар гаригт /2019.09.10/ тэвчээр нь алдарсан Трамп бүхнийг дуусгахаар шийдэж твиттертээ түүнийг огцруулж байгаа тухайгаа жиргэсэн байна. Тэдний харилцаа эхнээсээ л таагүй байсныг Цагаан ордонд ажиллаж байсан, ажиллаж байгаа ойр дотно байдаг хүмүүс нь хүртэл ярилцдаг байжээ.
Тэд дэлхийн халуун цэгт болж буй үйл явдлуудын талаар ярилцахдаа хэзээ ч санал нийлдэггүй байсан гэнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Болтон Иран, Хойд Солонгос, Афганистаны асуудлын талаар “Америк үргэлж нэгдүгээрт” гэсэн уриатай Ерөнхийлөгч Трампаас илүү “дайсагнасан” үзлээр шийдвэр гаргахыг хичээдэг байж.
Трамп зургадугаар сард нэгэн телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Жон Болтон бол зүгээр л махчин шувуу гэсэн үг. Тэр хангалттай өндөрт гарч чадвал байгаа нэг удаагийн дайралтаар л агнаж чадна. Гэхдээ тэр хамаагүй л дээ. Би аливаа зүйлийг хоёр талтайгаар хардаг” хэмээн хошигнож байжээ.
Тэр доод ажилтнуудынхаа талаар олон ч удаа хошигнож, тоглоом шоглоом хийж байсан. Гэхдээ Болтоны тухайд бол тэр үгэндээ үг дайж байсныг түүний шийдвэрээс харагдаж байгаа юм. Болтон гаднын удирдагчидтай яриа хэлэлцээ хийх үеэр тэднийг өдөж, зэвүүцлийг нь төрүүлэх үйлдэл хийдэг байсан гэж Трамп үздэг. Ингэж явсаар Трамп “хутгаар нааддаг” Болтоныг тэвчихээ байж ажлаас нь чөлөөлжээ.
Болтоны хувь заяа ерөнхийдөө хавраас л тодорхой болжээ. Трамп Кимтэй уулзаж, түүхэн үйл явдлын эзэн болж байхад Болтон Монголд ирчихсэн, түүнийгээ Төв Азид Орос, Хятадын нөлөөг багасгах зорилготой хэмээн тайлбарлаж байв. Энэ хоёр айлчлал л Болтон Цагаан ордныг орхих цаг нь болжээ гэдгийг хэлж байсан юм.
Бас нэг сонирхолтой үйл явдал болсон нь Болтонг Улаанбаатар руу нисэхийн өмнөхөн Трамп сэтгүүлчдийн нүдэн дээр Болтоны нэрийг гурван ч удаа буруу хэлсэн байна. Тэрбээр “Энд Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Помпео, аан биш Майк Болтон, уучлаарай Жон Болтон ирчихсэн байна” хэмээн хэлжээ. Тэрбээр “Энд Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Помпео, аан биш Майк Болтон, уучлаарай Жон Болтон ирчихсэн байна” хэмээн хэлжээ. Албаар уу, үнэхээр түүний нэрийг ийнхүү гурван удаа холь сольж хэлсэн үү гэдгийг зөвхөн Трамп л мэднэ. Харин энэ үеэр гярхай сэтгүүлчид Болтоны хөмсөгөө зангидан зэвүүцсэн байдалтай харж буй дүрийг буулгажээ.
Трампад Болтоны сахал огт таалагдаж байгаагүй. Трамп ажилтнуудынхаа гадаад төрх, тэдний гэр бүлийн гишүүдийн талаар сайрхан ярих дуртай нэгэн. Гэхдээ Болтоны өтгөн сахал түүнд анхнаасаа л таалагдаагүй.
НҮБ-д элчин сайд асан, дараа нь “Fox News”-т үндэсний аюулгүй байдлын тайлбарлагчаар ажиллаж байсан Болтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд өөрийн хатуу гадаад бодлогоо шахан орж ирсэн байна. Болтоны неоконсерватив үзэл баримтлал Трампын үзэл бодолтой байнга зөрчилддөг байж.
Болтоны таних тэмдэг шахуу болсон сахал нь түүний засаг захиргаанд хэзээ ч тохирохгүй гэж Трамп хэлж байв. Магадгүй Болтон “Fox News”-т байхдаа Ерөнхийлөгчийн талаар үргэлж магтан сайшаасан мэдээ нийтлэл хийдэг байсан нь түүний Цагаан ордонд ороход нь тусалсан байх.
Ингээд Трамп мягмар гаригийн орой /2019.09.10/ “Өчигдөр орой би Жон Болтонд түүний хэрэг Цагаан ордонд байхгүй болсныг мэдэгдлээ. Жоны хийж, гүйцэтгэсэн ажилд нь би маш их талархаж байна. Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхийг би ирэх долоо хоногт зарлана” хэмээн жиргэв.
Гэтэл удаа ч үгүй Жон Болтон мөн твиттер хуудсандаа Трампын хэлсэнтэй зөрчилдөн “Өчигдөр орой намайг огцрох өргөдлөө өгөхөд Ерөнхийлөгч Трамп энэ асуудлаар маргааш ярилцья гэж хойшлуулсан” гэж бичсэн байна.
Хамгийн сүүлд Талибан хөдөлгөөний удирдагчидтай Афганистаны дайныг дуусгах талаар уулзах Трампын төлөвлөгөөг Болтон эсэргүүцэж байсан гэнэ. Өдгөө 70 настай Болтон нь 2018 оны дөрөвдүгээр сараас энэхүү албан тушаалыг хаших болсон бөгөөд Трампын засаг захиргааны гурав дахь үндэсний аюулгүй байдлын зөвлөх болсон юм. Тэрбээр Трампын засаг захиргаанд ажиллах болсон цагаасаа АНУ-ын Иран, ОХУ-тай харилцах харилцаанд хатуу байр суурь баримталж, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг унагах зэрэг ажилд идэвхтэй оролцож байв.
Цагаан ордныг орхисон Болтоны талаар шинжээчид хоёр талтай байр суурьтай байна. Зарим нь Болтон шиг дайнч үзэл бодолтой хүн Трампын дэргэдээс явснаар АНУ-ын гадаад бодлогод ихээхэн өөрчлөлт гарч, бусад улс орнуудтай харилцаагаа сэргээх боломж гэж харж байгаа бол зарим нь ийм хүн байж гэмээнэ гадаад бодлого тэнцвэртэй байна гэж үзжээ.
Эх сурвалж:AP
Холбоотой мэдээ