Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалъя!

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ

Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалъя!

Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалъя!

Өнгөрсөн 2019 оны сүүлээр УИХ баталж, энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд "илт худал мэдээлэл түгээх" гэсэн заалт орсон. Энэ нь Эрүүгийн хуульд өмнө байсан "Гүтгэх, доромжлох" заалттай агаар ижил хувилбар юм. Гүтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуулиас халж, 2017 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн хуулиар зохицуулж байгаад ийнхүү буцаан Эрүүгийн хуульд орууллаа.

Иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг боомилох, ардчиллын суурь зарчмыг гажуудуулах сөрөг үр дагавартай байж мэдэх энэ зохицуулалтыг Иргэний хуулиар зохицуулах нь зөв гэсэн байр суурийг "NEWS  АГЕНТЛАГ" илэрхийлж өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 13-нд “Үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалъя” сэдвээр асуудал хөндөн контент бэлтгэн, уншигчдадаа хүргэснээ Монгол Улсад Тогтмол хэвлэл үүсч хөгжсөний 107 жилийн ойн энэ өдөр дахин толилуулж байна. Тиймээс зарим тоо баримт хуучирсан байх магадлалтайг анхаарна уу.


Монгол хүн бүрт үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх бий ч ардчиллаар олдсон, Үндсэн хуулиар баталгаажсан энэ эрх хангагдахгүй иргэд, сэтгүүлчид хуулийн байгууллагад дуудагдан шалгагдах тохиолдол нэмэгдэж байна.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нэг жил гаруйн хугацаанд буюу 2018 оны жилийн эцсийн байдлаар цагдаагийн байгууллагад бусдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэх зүйл ангитай холбогдуулж 370 орчим гомдол мэдээлэл ирсний 182 нь зөвхөн сэтгүүлчдэд хамаарч байгаа юм. Ингэхдээ улс төрийн өндөр албан тушаалтнуудаас өгсөн гомдол 30 хувийг эзэлжээ.

Прокурорын байгууллагын мэдээгээр 2018 онд нийт 35 гүтгэх зөрчлийн хэрэгт шийтгэл оноосноос 24 иргэнд тус бүр 2 сая, 25 сэтгүүлчид тус бүр 2 сая, гурван хуулийн этгээдэд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм байна.

Хүлээх шийтгэл, торгууль зэргээс үүдэж, хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн үнэний дуу хоолойг хүргэх зориг мохож байгаа бол цахим сүлжээнд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг жиргээчдийн хувьд ч асуудал адил төвшинд яригдаж байна. Иймээс “НЬЮС АГЕНТЛАГ” ард түмний мэдэх эрхийг хангах зорилго дор Монгол хүн бүрийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хараат бус байдлаар хангах ямар боломж байна вэ гэдгийг эрэлхийлж,  эрх нь зөрчигдсөн иргэд болон хүний эрх, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөг хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болон хяналт тавьж ажилладаг төрийн байгууллагуудын холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцлага, тодруулга авснаа хүргэж байна.

ЭХ СУРВАЛЖ 1

Э.Бат-Үүл: Хуульгүйгээр засаглахын тулд чөлөөт хэвлэлийн амыг барих нь
батүүл

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлээс дараах асуултад хариулт авлаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монголд айлчлахын өмнө Ц.Уянга, Г.Ганбат нар нийгмийн сүлжээнд жиргэснийг тагнуулын байгууллагын гомдлоор цагдаа шалгаж байна. Таныг мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг гүтгэсэн гэх гомдлоор цагдаа дуудсан. Жиргээг уншихаар үзэл бодлоо хурц л илэрхийлсэн харагддаг. Энэ үйл явдлыг та хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга Путинизмыг Монголд оруулж ирээд байна. Хүмүүс анзаарахгүй байгаа болохоос биш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсад айлчлахын өмнө Москвад эрх баригчид нь сөрөг хүчнээ цагдаагийн хүчээр дарамталж, үр хүүхдийг нь шалгасан бүдүүлэг үйлдэл болсон. Сөрөг хүчнээ сонгуульд оролцуулахгүй, сонгуульд оролцуулаагүйг нь тайван замаар эсэргүүцэхээр тусгай хүчнээр дамжуулан шүүхийн байгууллагатайгаа нийлж дарамталсан. Ийм үйл явдал Монголд яг зэрэгцэж болсон.

Хууль, шүүхийн байгууллагатайгаа нийлж, ардчиллын үнэт зүйлийг нухчин дарж байгаа үйлдлийг Путинизм гэж хэлээд байгаа юм. Үнэндээ бол энэ бүхнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоотойгоор хийж байна. Х.Баттулга бол ардчиллаасаа урваад зогсохгүй ардчиллыг тэвчихээ болиод үзэн ядах боллоо. Тиймээс Путинизмыг Монголд улайм цайм ил тодоор оруулж ирж байна.

-Таныхаар хуулийн байгууллага эрх баригчдын гар хөл болж ажиллаад байна гэсэн үг үү?

-Хууль хүчний байгууллага ичихээ байсан. Цагдаагийн ахмад Б.Ганзориг гэдэг хүн Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгыг гүйцэтгэдэг болсон. Хүмүүсийн үгээ хэлэх Үндсэн хуулийн эрх лүү халддаг болсон. Хүний эрх, хүний үг хэлэх эрх чөлөө Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан байдаг. Цагдаа бол хүний эрх, хүний үг хэлэх эрх чөлөөг хангах үүрэгтэй. Гэтэл хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй цагдаа Ерөнхийлөгчийн захиалгаар ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, хүний үгээ хэлэх эрх чөлөөг нухчин дарж байгаа. Цагдаагийн ахмад Б.Ганзориг “Хууль ямар хамаатай юм бэ” гэж хэлж байна шүү дээ.

Манай залуучууд анхаарах хэрэгтэй. Монголын залуучуудын эрх, эрх чөлөө баталгаагүй болсон. “Ерөнхийлөгч муу ажилласан, Засгийн газар муу ажилласан” гэж бичвэл, жиргэвэл нэр төрд халдлаа гээд ялладаг болж байна. Ийм зүйл рүү улайн цайм орж байна.

Орост, Москвад болж байгаа үйл явдал, нухчин дарж байгаа үйл явдлын аргатай яг ижил. Цагдаагийн хүчээр барьж аваад өөрсдийнхөө гар, хөл болсон шүүхээр оруулаад, цуглаанд хүүхдээ оруулсан гээд шүүж байна.

-Таныг бусдын алдар хүндэд халдсан гэх гомдлоор цагдаа байсхийгээд дууддаг болсон. Нэг хүний гомдлоор уу, эсвэл гомдол нь өөр, өөр эзэнтэй юу?

-Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, дэд дарга Г.Байгалмаа нарын гомдлоор намайг цагдаад гурван ч удаа өгсөн. Ер нь бол шууд л өгдөг болсон. Тэгсэн ч ардчиллыг нухчин дарж чадахгүй. Цагаа тулахад монголчууд, манай залуучууд ардчиллаа хамгаална.

-Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө, үнэн бодит байдлыг мэдээлснийх нь төлөө шийтгэх болсныг хэвлэл мэдээллийн байгууллагынхан Зөрчлийн хуульд асуудал байна гэж тайлбарлах нь бий. Энэ асуудлыг Иргэний хуулиар зохицуулж болдоггүй юм уу гэдэг санал ч өнгөрсөн хугацаанд нэлээд гарлаа. Таныхаар асуудал хуульдаа байна уу, эсвэл энэ нь хүмүүсийн араншинтай холбогдож гараад байна уу? 

-Зөрчлийн хуулийг зориудаар мушгин гуйвуулж, хэрэгжүүлж байна. Улайн цайм буруу хэрэглэж байна. Жишээ нь, би цагдаад Зөрчлийн тухай хууль, Шүүхийн тухай хууль ийм шүү гээд тайлбарлахаар урдаас “Хууль ямар хамаатай юм бэ” гэж орилж байгаа байхгүй юу. Монгол Улсын Үндсэн хуулийг дэвсэлж байна шүү дээ.

-Иргэний үг хэлэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нухчин дарах оролдлого зогсохгүй лавширвал ямар аюултай вэ?

-Монгол Улсыг хуульгүйгээр засаглана. Ерөнхийлөгч Х.Баттулгын дур зоргоор засагладаг болно гэсэн үг.

Үнэнийг хэлэхэд сая болж өнгөрсөн Ерөнхийлөгч В.Путины айлчлалаар нэг зүйл тодорхой боллоо. Х.Баттулга Монголын уул уурхайг Орост л өгөх гэж байна, монголчуудаас булааж авч Орост өгөх гэж байна. Үүний тулд чөлөөт хэвлэл, чөлөөт дэглэмийн амыг барих гэж байна.

Г.ХОРОЛ

ЭХ СУРВАЛЖ 2

“Төрийг иргэд хянах ёстой болохоос төр иргэнээ хянах эрхгүй”
Уянга жиргээч (2)

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа Ц.Уянгатай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан гомдлын дагуу таныг Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан юм байна. Шүүхийн шийдвэр гарч, танд торгуулийн шийтгэл оногдуулснаас хойш мэдэгдсэн гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-2018 оны зургадугаар сараас найман сар хүртэлх хоёр жиргээтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн. Тэр нь Зам тээвэр, хөгжлийн яаманд гарсан хэрэгтэй холбоотой яриа явж байсан үе. Халуун үйлдэл учраас би тэнд сэтгэгдлээ бичээд шүүмжилсэн. Тэр нь “Яагаад энэ хүн чинь одоо болтол ингээд явж байгаа юм. Нэг үгээр тайлбарлавал Женкогийн цэрэг биз дээ. Уг нь мөрдөнд сууж байх ёстой байтал яагаад ингээд явж байгаа юм” гэсэн агуулгатай юм бичсэн шиг санагдана. Заримдаа халуун үйл явдалтай өдөр бүтэн өдөржингөө твиттерт өнждөг асуудал бий. Гэхдээ тэр жиргээ одоогийн Ерөнхийлөгчтэй холбоотой байсан байх. Чухам алийг хэлээд байгааг мэдэхгүй. Миний архивт тэрийг гаргаж ирэх бололцоо байхгүй.

Дээрх хэргийг нээснээс хойш намайг Монгол Улсын нутаг дэвсгэрт байхгүй байна гээд арваннэгдүгээр сард прокуророос энэ хэргийг хаасан юм билээ. Дараа нь долдугаар сарын 2-нд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Г.Байгалмаа гэж хүн ахиад яг ижилхэн асуудлаар хаагдсан хэргийн дагуу гомдол гаргасан юм билээ.

-Хуулийн байгууллагаас танд албан ёсоор биечлэн мэдэгдээгүй, холбогдогч иргэн байхгүй мөртөл шүүх хэргийг шийдвэрлэсэн гэлээ. Таны өмгөөлөгч энэ тал дээр ямар тайлбарыг хэлж байна вэ?

-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд Ерөнхийлөгчийн нэр хүнд яригдана. Бусад үед алдар хүнд гэх ойлголт байх ёсгүй. За яах вэ доромжилсон байна, гүтгэсэн байна зөрчил гаргасан хүн байж болно шүү дээ. Гэтэл би мэдээгүй явж байхад шууд торгуулийн арга хэмжээ авч торгуулийн хуудас илгээсэн байсан.

Тэр нь юу гэхээр би Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирснээс хойш шинээр материал бүрдүүлээд гомдол гаргасан бол нэг өөр. Хаагдсан хэргийн материалыг нотлох баримт болгож оруулаад бүх хуулийн процессийг зөрчөөд протуколын зөвшөөрөл аваагүй байхад хэргийн материалыг штрикээр засаж огноог нь өөрчилж өөр хэргийн материалд оруулсан гэх мэтчилэн илэрхий зүйлийг зөрчсөн.

Дээрээс нь надад биечлэн мэдэгдээгүй. Манай ээжид гардуулж өгсөн байгаа юм. Яг намайг ирнэ гэсэн шиг уралдаж ирж, яаравчлан шийдвэрийн хуудас авчирсныг бодоод үзэхэд анхнаасаа намайг “хашир ах” хохироох, айлгах дуугүй  болгохоор хийсэн зориудын үйлдэл гэж би хараад байна. Энэ хэргийн дагуу байцаагч Б.Ганзоригтой уулзахад “нэгэнт ойлгомжтой зүйл. Чи энийг мэдэхгүй байхдаа яадаг юм” гэж байна лээ. Би ямар хэрэгт буруутгагдаж байгаа юм гэсэн чинь угаасаа бүх юм хуулийн дагуу явагдсан учраас ирээд тайлбараа өгвөл өг. Гэхдээ нэмэргүй гэж хэлсэн.

Нэгэнт шийдэгдсэн юм чинь би мянга тайлбар өгөөд яах вэ дээ. Шүүх дээр давж заалдахад болно гэж бодоод тэрний дагуу саяхан шүүх дээр давж заалдах шатны хурал болсон. Гэтэл бүх баримт, протокол засвартай, штриктсэн дугааргүй байсан. Гэх мэтчилэн маш олон шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчиж байна. Тэгээд энэ хэрэг одоогоор мөрдөн байцаах ажиллагаанд буцаасан.

Шүүгч тухайн үед зөв дүгнэлт хэлж байсан мөртлөө мэдээжийн юмыг шүүгч шийдэж чадахгүй байна гэдэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын нөлөөнөөс айсан гэж би хардаж байна. Нөгөөтэйгүүр, шүүгчдийн хараат бус байдалд нөлөөлөн бүгдийг Ерөнхийлөгчийн үзэмжээр шийдэх дээрээ тулчхаад байна.

Би шүүгчийг буруутгахгүй, гэхдээ процессыг буруутгаад байгаа юм. Хүнийг үндэслэлгүйгээр яллаж болохгүй биз дээ. Бид нар хаант засаглалгүй ардчилсан улс. Төр бол Х.Баттулга гэдэг хүний өмч биш.

Миний эсэргүүцээд байгаа зүйл бол Ерөнхийлөгчид гомдсон гомдоогүй дээ биш үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүн болгонд нээлттэй байх ёстой. Дайн тулаанд турхирах, хэн нэгний эсрэг хүчирхийлэл зохион байгуулах байдаг юм уу, террорист үйл ажиллагаа гэх мэт иймэрхүү зүйлийг бичээд байж болохгүй. Гэхдээ би тийм учраа олохгүй хүн байгаа биш өөрийнхөө  дургүйцлээ шог байдлаар, егөөдлөөр ч юм уу илэрхийлдэг.

-Таныг Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Жонхуу” гэж бичсэн гэж цагдаад өгсөн үү?

-Би заавал тэр хүнд хайртай байх албатай биш. “Еөк, Ёорк, Женко” энэ бол миний зохиосон нэр томьёо биш нийтэд илэрхий хэрэглэдэг үг. Еөк, Ёорк гэж хэлүүлээд тэр хүний албан тушаал ямар байж байгаад ямар болчихсон юм тодорхойгүй байна.

“Женко” гэдэг нь “Жонхуу” гээд Жонхуу гэдэг нь хийж байгаа үйлдлийг жонхуу болгож замхруулж байгаа байдлыг илэрхийлж байгаа дургүйцлийн нэг хэлбэр болохоос тэр бол доромж үг биш. Миний бодлоор ийм мэтийн асуудлыг өлгөж аваад хохирогчийн дүрээр ард түмэнтэй өөрийнхөө эрх мэдэл, өөрийгөө албадан хүндлүүлэх гээд байгааг би эсэргүүцээд байгаа юм. Төрийг бид нар хянах ёстой болохоос биш төр иргэнийг хянах эрхийг олгоогүй. Гэтэл хуулийг улаан цайм зөрчөөд тухайн хүнийг дарамталж, залхаан цээрлүүлэх ажлыг урьтал болгож байна.

Тийм учраас би ардчилллын тулгуур зарчмын төлөө, хууль ёс, хуулийн засаглал, иргэдийн өөртөө итгэлтэй байх баталгааны төлөө явж байна.

Зөрчлийн хууль Үндсэн хуулийн тулгуур зарчимд нийцэхгүй байгаа. Эрх баригчдын хамгийн эхний хийх ажил нь буруу гаргасан хуулиа эцэг хуульдаа нийцүүлэн засварлах үүрэг байхгүй юу. Ардчиллын зарчмыг хамгаална, дархлаажуулна гэж яваа хүмүүс дуугарахгүй юм бол дарангуйлал руу халтирахад маш амархан болдог. Тийм учраас би асуудлыг цаашид гарах үр дүнг нь бодож хуулийн дагуу надад оногдсон үүрэг гэж бодож яваа.

Бид энэ эрхээ хамгаалж явахгүй юм бол Монгол Улс дээхэн үед байсан шиг нэг хүний авторитор дэглэм рүү гулсаад ороход маш амархан.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбогдуулан цахим орчинд бичсэн байр, сууриасаа болж, дахиад л шалгагдаж байгаа. Яг юу болсон юм бэ?

-Тагнуулын ерөнхий газраас шөнийн 22.30 цагийн орчимд хоёр хүн гэрт ирсэн гэсэн. Тухайн үед нь би гадуур ажилтай явж байсан. Би нэн даруй хойшлуулшгүй хэрэг хийгээгүй болохоор шөнийн цагаар тэд над руу холбогдох ёсгүй. Намайг хайгаад байсан нөгөө хүмүүс миний утсыг олоод “Танайх тэр байрны тэдэн тоот мөн биз дээ. Нэн даруй гарч ирж мэдүүлэг өг. Хоёр улсын төрийн тэргүүний айлчлал болох гэж байхад үндэсний аюулгүй байдалд харш юм бичээд байна. Зогсоо” гэсэн. Тэгэхээр нь би “Гадуур ажилтай явж байна. Хуулийн цаг дууссан учраас очихгүй, та нар яаралтай арга хэмжээ авна уу. Өөрсдөө мэд. Та нар ямар үндэслэлээр дуудаж байгааг би ойлгохгүй байна” гэж хэлсэн. Гэтэл “В.Путины талаар муу юм бичээд байна” гэж хэлж байна лээ. Муу юм гэдгийг юу гэж тодорхойлох юм гээд тухайн үед би маргалдаад өнгөрсөн.

Гэтэл хуулиа мэдэхгүй хүмүүс байгаа. Тэд нар гүйж очоод аманд нь ороод хэрэгт орооцолдоод, ял авахыг хэн байг гэх юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилсан нь тусдаа нэг асуудал юм байгаа биз. Үндэсний аюулгүй байдалд халдсан гэдэг нь инээдтэй асуудал шүү дээ. Тийм юм байж болох уу.

-Тухайн үед Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор та яг ямар утгатай зүйл бичсэн юм бэ?

-Миний бичсэн зүйлд манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Халх голын 80 жилийн ойн мэндчилгээндээ дарамтлаад байгаа юм уу, айлгаад байгаа юм уу зүйл хэлсэн. Баабар гуай нийтлэлдээ бичсэн байна лээ. Тэгсэн чинь тэр орой нь бөөн айлгалт  явагдсан байна лээ. Надаас гадна нийтдээ долоон хүн байгаа. Ийм байж болохгүй. Би Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хүн биш. Зөвхөн энэ улсын иргэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, бодлого нууцыг хадгалдаг ямар ч субъект биш.

Би тухайн өдөр “халхын голын дайчдыг гутаалаа ингэж байхаар ОХУ-ын колони болчихгүй дээ” гээд дуусгачихсан.

Түүнээс гадна ОХУ-ын зэр зэвсгийг үзүүлж агаарын хуулийг зөрчөөд,  ямар ч зөвшөөрөлгүй урьдчилсан хөтөлбөргүй хоёр улсын хоорондын хэлэлцээргүйгээр Төрийн ордны дээгүүр бөмбөгдөгч онгоц нисгээд байдаг нь хэнийг доромжлоод байгаа юм бэ гэдэг бодол хэнд ч төрнө. Би Монгол хүн. Чадсан ч, чадаагүй ч бусдад доромжлуулахгүй нэр төрөө боддог хүн. Манай агаарын нисэх хүчний хуульд хүртэл байгаа. Хот суурин газрын дээгүүр зэр зэвсгийн болон байлдааны сөнөөгч онгоц нисгэхийг тас хориглосон. Тэнд бол ОХУ-ын далбаатай онгоцыг харуулж байсан. Энэ бол манай хугацаагүй колони улс гэдгийг илэрхийлж буй хэлбэр гэж би харсан. Би олон улсын харилцааны мэргэжилтэй хүн учраас мэргэжлийн юм бас Хардах эрхтэй шүү дээ. Тэрийг илэрхийлсний төлөө тагнуулынхан инээдтэй байгаа биз дээ.

Цаашлуулаад тухайн хүнийг асуух эрхгүйгээр дарангуйлал руу гулгуулах маш амархан. Би тэнэг юм ярьсан байж болно. Гэхдээ бүгдээрээ уулгалдаг байх юм бол уучлаарай. Маргааш нь чи,  тэрний дараа бүгдэд  нь ижилхэн бэрхшээл тулгарна. Уянгаа юу хэлж байгаад биш процесс юу болох нь чухал. Ардчилалд хамгийн тулгуур зарчим наад зах нь гурван зүйл байх ёстой. Нэгдүгээрт, амьд явах ёстой. Хэн ч хүнийг амьд явах уу, үгүйг шийдэх ёсгүй. Хоёр, хүн өмчтэй байх ёстой. Хэн ч хүний өмчийг хурааж авах эрхгүй. Эцэст нь хүн улс төрийн нөхцөл байдлын талаар үгээ хэлэх эрхтэй тэр нь бүр дархлаатай байх ёстой. Хэн ч хэлсэн үгнийхээ төлөө ял шийтгэл хүлээдэг байх ёсгүй. Ийм л гурван юмыг уучлаарай хэзээ ч бид  алдаж болохгүй.

-Зарим хүмүүс таныг тодорхой зорилго агуулж жиргэдэг гэх байр сууринаас ханддаг. Хуулийн байгууллагынхны хэлснээр хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй  ч бусдын эрхэнд халдаж болохгүй гэж ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Миний тэмцэж буй гол зорилго ардчиллын тулгуур зарчмыг хамгаалах. Өөр би ямар зорилготой байх юм бэ. Улс төрийн нам, гэрээ төсөл ярьж гэж би гүйгээгүй. Би үгээ хэлэх ёстой. Гэхдээ хэлсэн үгнийхээ төлөө шийтгэл хүлээх ёсгүй ийм юм ярихаар зэрэг намайг хардах боллоо.

Ардчиллыг хэн нэгэн хүн, нам өмчилдөггүй. Бид төрөхөөсөө ардчиллын үнэт зүйлүүдийг аваад төрсөн. Үүнийг Ерөнхийлөгч, улс төрийн хүчин, хүн шийддэггүй. Нөгөөтэйгүүр, бусдын нэр хүнд яригдаж байна. Х.Баттулга гэдэг хүн надад гомдсон байж болно. Тэр доромжлуулчихлаа гэж бодъё. Тэгвэл Иргэний хуулиараа л яв л даа. Намайг Х.Баттулга гэдэг хүнийг ингээд доромжлуулчихсан. Энэ хүний амьдралд ингээд гутаагдаад дахин сэргээгдэхгүй боллоо гэсэн зүйл байж болно. Монгол Улсын  Ерөнхийлөгчид алдар хүнд гэж байхгүй. Түүнд ажил хэргийн алдар хүнд гээд тавьчихсан байгаа байхгүй юу. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн алдар хүндийг хамгаалах эрхтэй хүн биш. Би шүүмжлэх, хянах, хардах, бухимдах, муу үгээр хэлэх эрхтэй. Жонхуу гэдэг нь бусдын нэр хүндэд халдлаа гэдгийг яг юу гэж ойлгох вэ. Яг ингээд гүтгэсэн, гутаасан гэдгийг нотолчихооч ээ. Бид ардчиллыг сонгосон. Хариуцлага нэхэх хэрэгтэй. Гэхдээ яагаад над руу дайраад байгаа юм. Дэг журмыг дарангуйллаар тогтоодоггүй шүү дээ.

-Тэрнээс хойш таны фэйсбүүкийг хаачихсан гэв үү?

-Миний фэйсбүүк энэ зун гурав дахь удаагаа хаагдсан. Эхний удаад Ерөнхийлөгчийн Тамгын газраас  хаасан. Дараа нь шийдвэрийн талаар бичихэд хаасан. Саяхан Тамгын газраас ярилаа намайг ингэж байна гэж бичсэний дараа бас хаасан.

-Дээрх асуудлаар олон улсын байгууллагад хандсан уу?

-Хандаад эхэлсэн. Би тухайн үед арай ч ингэтлээ газар авахгүй байх гэж бодсон чинь цагдаа, тагнуул оролцоод эхэлсэн чинь байдал эвгүйтсэн. Дуугарч байгаа нь Э.Бат-Үүл дарга би гэх мэт хүмүүс байна. Бидний хувьд үнэт зүйл бий шүү дээ. Тийм болохоор олон улсын байгууллагад хандсан. Албан ёсоор хүсэлтээ гаргасан явж байгаа. Энэ асуудал яаж шийдсэнээс хамаараад олон улсын конвенцид хандана. Миний асуудал чухал биш л дээ. Хоёр сая төгрөг төлөөд явчих юм бол дараагийн хүнийг дарангуйлахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Э.АРИУН

ЭХ СУРВАЛЖ 3

“Олон улсад улс төрийн жиргээг хаадаггүй, хэвлэн нийтлэх эрх гэж үздэг” 
batbold

Цахим сүлжээгээр дамжуулан нийгэмд сөрөг мэдээлэл түгээсэн гэх Ц.Уянга, Г.Ганбат нарыг хууль хяналтын байгууллагаас дуудаж, цахим хаягийг хаасан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Мөн цахим хаягийг хаах санал хэр ирдэг вэ гэдэг асуудлыг хөндөж, Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Т.Батболдоос дараах асуултад хариулт авлаа.

-Нийгмийн сүлжээнд хувь хүн, байгууллага хууль зөрчсөн тохиолдолд танайхаас хаягийг нь шууд хаах боломжтой юу. Ямар тохиолдолд цахим хуудсыг нь хаах, хязгаарлах арга хэмжээ авдаг вэ?

-Харилцаа холбооны зохицуулах хороо нь аливаа төрлийн контент хууль зөрчсөн эсэхийг хууль, эрх зүйн хувьд тогтоох боломжгүй. Зөвхөн холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу технологийн арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлдэг байгууллага. Тэгэхээр Монгол Улсад бүртгэлтэй вэб сайт дээрх мэдээ, мэдээлэл нь Зөрчлийн тухай хууль, Садар самуунтай тэмцэх тухай хууль зэрэг холбогдох хуулиудыг зөрчсөн бол тухайн эрх бүхий байгууллагаас контентийг хязгаарлах юм уу, устгах арга хэмжээ авч өгнө үү гэсэн шийдвэр, дүгнэлт  ирвэл бид тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад  ханддаг. Монголын вэб сайтууд тухайн мэдэгдлийн дагуу зөрчлөө арилгасан тохиолдолд заавал хаах арга хэмжээ авдаггүй. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийн дагуу хандалтыг хязгаарладаг.

-Тоон баримтаар дурдвал өнгөрсөн 2018 онд цахим сэтгүүл зүйтэй холбоотой гомдол санал хэр ирсэн бэ?

-2017 оноос хойш нийт 228 вэб сайтын хандалтыг хязгаарласан байна. Үүнээс 50 хувь нь Цагдаагийн ерөнхий газраас ирсэн шийдвэртэй холбоотой буюу хар тамхи, садар самуун, кибер гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотойгоор вэб сайтуудын хандалтыг хязгаарласан. Харин 30 хувь нь оюуны өмчтэй холбоотой байсан бол 20 хувь нь бусад байгууллагаас ирсэн шийдвэр, дүгнэлт байсан.

-Бодит жишээн дээр яривал Монгол Улсын иргэн фэйсбүүк хаягаараа үзэл бодлоо илэрхийлсэн пост оруулжээ. Гэтэл нийгэмд сөрөг мэдээлэл түгээсэн, болохгүй зүйлд уриалан дуудсан гээд холбогдох байгууллага танайд дүгнэлт ирүүлсэн тохиолдолд хаягийг нь хязгаарлах арга хэмжээ авах уу?

-Фэйсбүүк сүлжээ бол олон улсын платформ шүү дээ. Монголчуудын олонх нь хэрэглэдэг. Одоогоор Монголд 2.1 сая хүн фэйсбүүк хэрэглэж байна. Энэ жишээн дээр бол Цагдаагийн ерөнхий газраас зөрчлийн хэрэг нээж, тийм нэр хаягтай фэйсбүүк хаах дүгнэлт хийлээ гэсэн бичиг манайд ирүүлээгүй. Хэрвээ ирвэл бидэнд дээрх жишээтэй холбоотой хүсэлт ирвэл Фэйсбүүк компани руу уламжилна. Монгол Улсын эрх бүхий байгууллагаас хууль дүрэм зөрчсөн гэсэн агуулгатай албан ёсны дүгнэлт ирсэн тул арга хэмжээ авч хамтран ажиллана уу гэж ханддаг. Өөрөөр хэлбэл, фэйсбүүк, твиттер, youtube зэрэг олон улсын платформ компаниуд зөвхөн Монгол Улсын хуулийн дагуу ажиллахгүй шүү дээ. Өөрсдийн тогтоосон хэмжээ, хязгаар гэж бий. Тухайлбал, Фэйсбүүк компанид гэхэд “community standart” буюу олон нийтийн дагаж мөрдөх журам гэж байдаг. Энэ ёс зүйн журам дээрээ үндэслээд бидний хүсэлтийг хүлээж авах үгүйгээ шийднэ.

-Санхүү авна, өгнө гэх мэт фэйсбүүк хаяг байдаг. Энэ тохиолдолд яах вэ?

-Фэйсбүүк компанитай бид энэ оны зургадугаар сард Засгийн газрын шугамаар албан ёсны харилцаа тогтоосон. Энэ дагуу бид 13 орчим хүсэлтийг Фэйсбүүк компани руу явуулснаас 60 хувь нь биелсэн. Ихэнх нь садар самуунтай холбоотой. Өөрөөр хэлбэл,  санхүү авна, өгнө гэсэн садар самууныг сурталчилсан агуулгатай гэж Цагдаагийн Ерөнхий газраас дүгнэлт ирсний дагуу компани руу хүсэлт явуулж хаягийг хаасан байгаа.

-Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотойгоор гаргасан хүсэлт явуулсан тохиолдол бий юу?

-Байхгүй. Угаасаа Фэйсбүүк компани алан хядлага, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, үндэсний цөөхийн эсрэг гэх мэт хэрэг, зөрчлийг онцгойлон авч үздэг. Харин улс төрийн өнцгөөс хэлсэн үг, сэтгэгдлийг олон нийт хэлэлцэх ёстой гэдэг утгаараа ерөөсөө тоодоггүй юм байна лээ. Хүний хэвлэн нийтлэх эрх гэж үздэг. Манай байгууллагад ийм төрлийн хүсэлт ирж байгаагүй.

-Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс хаягаа цахим хаягаа хакердуулчихлаа гэдэг. Хакердах бол танайтай холбоогүй юу?

-Бидэнтэй ямар ч холбоогүй. Хакердах бол тухайн хүний аюулгүй байдлаа хэрхэн хангаж буйгаас шалтгаална. Ер нь Фэйсбүүк, Гүүгл компаниудыг хакердахад маш хэцүү. Мэдээж эдгээр компанийн цаана хамгаалалтын том баг ажиллаж байдаг. Хамгийн гол нь иргэд цахим хаягийнхаа нууцлалыг маш хялбархан байдлаар оруулсан байдаг. Төрсөн он, сар өдрөө ашиглах гэх мэт. Үүнийг нь таагаад нэвтрэх боломжтой. Хакердах биш таагаад нэвтэрчихдэг. Ороод паспортыг нь сольчихдог. Энэ тохиолдолд facebook.com-hack линкээр ороод миний профайлыг хакердчихлаа гэдэг гомдлоо гаргаж, шалгуулаад буцаагаад сэргээх боломжтой. Тэгэхээр цахим орчин дахь аюулгүй байдлаа иргэд маш сайн хамгаалж байх ёстой. Зарим тохиолдолд хүмүүс энд тэндээс хаяг руугаа ороод гарахдаа log out хийхгүйгээр шууд гарчихдаг. Дараагийн хүн вэб нээхэд хаяг нь нээлттэй байж таарна шүү дээ. Иймэрхүү ахуйн хэрэглээн дээрээ мэдлэгээ дээшлүүлж, анхаарах шаардлагатай.

Ц.АРИУНЗАЯА

ЭХ СУРВАЛЖ 4

ХЭҮК: Ц.Уянга НҮБ-ын тусгай элчээс хамгаалалт хүссэн
badmaarag

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбогдуулж, жиргээч Ц.Уянга цахим хуудсандаа “Хоёр улс хамтарч ялалтын ойгоо тэмдэглэлгүй яахав. Бид хувь нэмрээ оруулалгүй яахав. Гэхдээ цэрэг, зэвсэг, танк хилээр оруулж ирээд л хот суурин газрын дээгүүр хууль зөрчиж онгоц нисгээд л түгшүүртэй байна. Оросын цэрэг, зэвсгийн сүр хүчийг үзүүлэх баяр юм уу эсвэл дайны хүйтэн жилүүдийг давж энхтайванд хүрснээ харуулах мөч юм уу. Баяр шиг биш дайн байлдаан шиг санагдаж байна” гэсэн утга бүхий зүйл бичээд  цагдаад шалгагдаж байгаа” гэдгээ хэвлэлийнхэнд мэдээлсэн.

Иймээс бид эл асуудалтай холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-т гомдол ирсэн эсэх, мөн хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хууль хяналтын байгууллага нь шалгах болсон энэ үйлдэлд ямар байр суурьтай байгааг ХЭҮК-ийн референт З.Бадмаарагаас тодрууллаа.

-Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/ Ц.Уянга нарын жиргээг үзэл бодлоо илэрхийлсэн гэж үзэж байна уу, эсвэл зөрчил гэж харж байгаа юу. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

-Бид одоогоор зөрчил мөн, биш гэж хэлэх боломжгүй. Иргэн манайд хандсаны дагуу бид хууль, эрх зүйн хүрээнд шат шатны хяналт, шалгалт хийдэг. Үнэхээр үзэл бодлоо илэрхийлсэн байна уу, эсвэл нийгмийг буруу зүйлд уриалан дуудсан уу гэдгийг судалж үзсэний үндсэн дээр хариулах боломжтой.

ХЭҮК нь Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тус хуулийн 11-ийн 2-т заасны дагуу Комиссын гишүүн нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэрэг, маргааны талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байдаг. Тиймээс одоогоор Ц.Уянга нарын хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй. Хэдий иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй боловч нөгөө талдаа тодорхой хязгаарлалтууд бас байдаг юм байна. Энэ хууль тогтоомжийн хязгаарлалтууд иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг боомилох, хаах нөхцөл бүрдэх вий дээ гэсэн болгоомжлол миний хувьд байдаг.

Нөгөө талдаа үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гээд бусад хүний нэр хүндэд бас халдаж болохгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд трансжендер хүмүүсийг нэр бүхий телевиз, ТББ-тай хамтраад сурвалжлахдаа нүүр царайг нь ил тод гаргаж байгаа тохиолдол гарсан. Тэгэхээр уучлаарай, энэ бол хэвлэн нийтлэх эрх чөлөө биш. Энд бол яалт ч үгүй хуулийн асуудал яригдахаас өөр арга байхгүй. Яагаад гэхээр бид хэвлэн нийтлэх эрхтэй хэдий ч бусдыг гутаан доромжлох эрхгүй. Тэгэхээр эрх, үүрэг, хариуцлага гурав байнга хамт явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр мөрдөн байцаалт дууссаны дараа танайд хандах эрх нь Ц.Уянгад байгаа юм байна тийм үү?

-Тийм. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Мишель Форст Монгол Улсад ажилласан. Энэ үеэр ХЭҮК, Монголын Эмнести интершнл байгууллага, Нээлттэй нийгэм форум хамтраад есдүгээр сарын 4-нд хүний эрхийн кино хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд сэтгүүлчид болоод олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг гишүүд оролцсон. Тэдний нэг жиргээч Ц.Уянга бидний урилгаар ирж оролцоод, НҮБ-ын тусгай илтгэгчид өөрт үүсээд буй нөхцөл байдлаа танилцуулсан. Ингэхдээ “Надад хамгаалалт хэрэгтэй байна, аюулгүй байдал болоод бусад зүйл хүнд байдалд орчихлоо” гэж мэдэгдсэн. Зөвхөн айлчлалтай холбоотой бус өмнө нь бас нийгмийн сүлжээнд жиргэснийхээ төлөө шалгагдаж байгаа. Үүнээс болоод цахим хаягаа хаалгах, дарамт шахалт ирж байгаа гэдгээ илэрхийлсэн. НҮБ-ын тусгай элчийн хувьд хүний эрхтэй холбоотой жилд дунджаар 4000 гаруй гомдол хүлээж авдаг. Монголоос энэ жил дөрвөн гомдол цахим шуудангаар ирсэн гэж мэдээлсэн. Гэхдээ энэ нь хамтарч ажиллах гэх мэт өөр төрлийн агуулгатай байсан юм байна. Ер нь хүний эрхийн хамгааллаар “Намайг хамгаалалтанд авна уу, би хүнд байдал байна” гэсэн гомдол манай улсаас ирж байгаагүй гэж байсан.

-Ц.Уянгын хамгаалалт авах хүсэлтэд ямар хариу өгсөн бэ?

-Энэ талаар тодорхой мэдээллийг өөрөөс нь асуусан дээр байх. Ямар ч байсан тантай хамтарч ажиллахад нээлттэй. Хамгаалалтад авахад бэлэн байна гэсэн хариу өгсөн. Маргааш нь олон нийтийн лекцээр мөн сэтгүүлчид ирж уулзсан. Дэнс.mn сайт, МҮОНРТ-ийн сэтгүүлчид ирж санал, сэтгэгдлээ хэлсэн. Ер нь НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгчтэй цахим хаягаар шууд холбогдох боломжтой.

-Танайд хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой хэчнээн санал, гомдол ирдэг вэ?

-Хүний эрхийн Үндэсний комисст хүний эрх зөрчигдсөнтэй холбоотой жилд 600-700 гомдол ирдэг. Үүнээс үг хэлэх, хэвлэн нийтлэхтэй холбоотой гомдол өнгөрсөн жилийн хувьд ойролцоогоор 15 гомдол ирсэн. Гэхдээ энэ бол хэвлэн нийтлэх дотроо мэдэх эрх зөрчигдсөн эсвэл жагсаал, цуглаан зохион байгуулах гэх асуудлууд бас орно л доо. Тэгэхээр энэ төрлийн зөрчил нь хуулийн эрх бүхий байгууллагаар шийдэгдээд явдаг учир манайд ирэх гомдол харьцангуй цөөн байдаг. Энэ нь ХЭҮК-т хандах нь бага гэсэн үг. Нөгөө талдаа бид гомдол хүлээж суулгүйгээр үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг мэргэжлийн сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэж явахад хүндрэл учирч буй сэтгүүлчидтэй хамтраад ХЭҮК-ын дэргэд клуб ажиллуулдаг. Ингэхдээ тухайн сэдвээр өглөөний зочин уулзалтыг зохион байгуулж, хэлэлцүүлдэг хийдэг юм. Нэг хүний асуудлаар 2-3 нийтлэл бичээд жилд 11 удаа цагдаад дуудагдсан сэтгүүлчийн жишээ байдаг. Сүүлдээ ажлаа хийхэд нэлээн хүндрэлтэй ирсэн. Улмаар мөнгөн торгууль оногдож, төлж чадахгүй, санхүүгийн дарамтад орсны улмаас ажлаасаа гарсан байдаг.

Ц.АРИУНЗАЯА

ЭХ СУРВАЛЖ 5

Б.Пүрэвсүрэн: Зөрчлийн хууль тулгамдсан асуудал болж байна
Б. Пүрэвсүрэн Глоб интернэйшл

“Глоб  интернэйншл” төвийн хуульч өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. 

-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөн асуудлаар иргэд танай төвд хэр их ханддаг вэ?

-Сүүлийн үед хувь хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдлаа гэсэн асуудал их яригдах боллоо. 2019 он гарснаас хойш манай байгууллагад эрх нь зөрчигдсөн иргэд хандсан нь их ховор. Гэхдээ манай төвөөс эрх нь зөрчигдсөн хүмүүстэй холбогдож, анхаарал хандуулсан. Уг асуудлыг олон улсын байгууллагад бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд тайлан хэлбэрээр тусгаж байна. Тухайлбал, жиргээч Ц.Уянгын кэйс бол Үндсэн хуулиар олгогдсон хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тулгамдсан асуудал мөн юм. Бид түүнтэй холбогдож, хамтран ажиллахыг санал болгосон.  Мөн сэтгүүлчид Зөрчлийн тухай хуулийн 6.24 дүгээр заалтад тусгасан гүтгэх доромжлох зүйл ангиар шүүхэд дуудагдсан нь их байгаа юм.

-Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн 6.24 дүгээр заалтад тусгасан бусдын нэр хүндэд халдах,  гүтгэх, доромжлох зүйл ангиар хэчнээн сэтгүүлч, хувь хүн торгуулав?

-Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нэг жил гаруйн хугацаанд 2018 оны жилийн эцсийн байдлаар  бусдын алдар нэр төрд халдаж гүтгэж доромжилсон гэх 182 тохиолдол бүртгэгдсэн. Энэ тоо бол Цагдаагийн ерөнхий газрын  Бүртгэл мэдээлэл статистикийн хэлтсээс гарсан мэдээлэл.

Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн сүүлийн хоёр жил гаруй хугацаанд  сэтгүүлчид төдийгүй иргэд ч бас үг хэлэх үзэл бодлоо илэрхийлсний төлөө бусдын нэр хүндэд халдах, бусдыг гүтгэх доромжлох зүйл ангиар торгуулах нь ихэссэн. Дээрх дурдсан 182 тохиолдол нь сэтгүүлчид, 370 орчим иргэн  бусдын нэр хүндэд халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандан бүртгэгдсэн нь маш өндөр үзүүлэлт юм. Энэ бол хэн нэгэн албан тушаалтан нэр хүнд, гүтгэх, доромжлох асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад л хэрэг бүртгэгч нь баримт материалыг судлалгүйгээр тухайн иргэн, сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр торгож байна гэсэн үг.

Мөн хугацааны хувьд их хязгаарлагдмал. Хэрэг бүртгэлийн хугацаа нь ердөө 57 хоног.  Зөрчлийн хэрэгт мэргэжлийн мөрдөн байцаагч биш хэрэг бүртгэгчээр хорооны мөрдөн байцаагч ажиллаж буй зэрэг олон асуудал бий. Хэдийгээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бүх ард түмний эрх боловч сэтгүүлчид илүүтэй эдэлж, хэрэгжүүлдэг. Энэ эрх чөлөөг түгээн дэлгэрүүлдэг чухал хүмүүс юм. Тиймээс л Зөрчлийн тухай хуулиар торгуулсан сэтгүүлчдийн тоо өндөр байгаа юм.

-Хүний эрхийг хамгаалагчдын зүгээс үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Зөрчлийн тухай хуулиар далайлган сүрдүүлж боож байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхэд иргэдэд ямар дарамт ихэвчлэн ирдэг вэ?

-Засгийн газраас  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой бусдын нэр хүндэд халдах, гутаан доромжлох асуудлыг эгүүлэн Эрүүгийн хуульд тусгах байр суурьтай байгаа. Хэрэв Эрүүгийн хуульд уг эрхийн асуудлыг тусгавал олон улсын өмнө хүлээсэн хэм хэмжээний үүргээ зөрчиж буй хэлбэр болно. Нэгдсэн үндэсний байгууллага, Хүний эрхийн дэд хорооноос өгсөн зөвлөмжид “Хүнийг үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотой хэрхэвч хорих ял, ялын шийдвэр санкц байж болохгүй” гэж зөвлөснийг Засгийн газрын тогтоол гарч, хүлээн авсан юм. Товчхондоо,  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хамгийн тулгамдсан асуудал бол одоо  хэрэгжиж буй Зөрчлийн хууль мөн.

-Уг нь хэвлэл мэдээлэл, иргэд  үзэл бодлоо хурцаар илэрхийлснээс бус бусдын нэр хүндэд халдаж, гүтгэж доромжилсон зүйл байхгүй юм шиг харагддаг. Ямар хүмүүс ихэвчлэн нэр хүндэд нь халдсан асуудлаар гомдол гаргадаг вэ?

-Цагдаагийн байгууллага болон шүүхэд миний нэр төрд халдсан гэх асуудлаар гомдол гаргаж Зөрчлийн хэрэг үүсгэж буй хүмүүсийн 1/3 буюу 30 орчим хувь нь улс төрийн өндөр албан тушаалтнууд байгаа юм. Олон улсын хэмжээний факт тайлбараар улс төрийн өндөр албан тушаалтан, эрх баригчид олон нийтийн шүүмжлэлд хүлцэнгүй хандах ёстой байдаг. Шүүмжлэлд хүлцэнгүй хандах үүднээс л улс төрийн алба хашиж байгаа. Тиймээс энгийн иргэнтэй харьцуулахад нэр төрд халдлаа гэх асуудлаар шүүмжлэл гаргах эрх нь хязгаарлагдмал байх ёстой. Улс төрч гэх албан тушаал нь  олон нийтийн хяналтад байдаг, цаад утгаараа хувь хүний эрх ашгаас илүү олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашиг давж үйлчилдэг. Үүнийг улстөрч, урлаг соёл, спортын алдартнууд ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм. Гэтэл одоогийн хууль тогтоомжид энэ ялгаа байхгүй. Хэн ч миний төрд халдлаа гэх шүүмжлэлийг гаргаж Иргэний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар торгуулах хэмжээний гомдол гаргах боломжтой.

-Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль нь олон улсын стандарт дүрэмд нийцдэг үү. Хэвлэл мэдээллийн зүгээс үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө,  бусдын нэр хүндэд халдаж гутаан  доромжилсон гэх асуудлыг Иргэний хуулиар зохицуулахыг санал болгодог?

-Хүний нэр хүндэд халдах, бусдыг гүтгэх доромжлох тухай ойлголт нь  2017 он хүртэл Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр  зүйл ангид тусгагдсан байсныг та бүхэн мэднэ. Гэвч 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн хуульд хоёр өөр ойлголт нэг болсон. Гүтгэх доромжлох зүйл ангийг тус хуулийн 6.21 дүгээр зүйл ангиар торгохоор зүйчилсэн. Энэ нь НҮБ-ын Хүний эрхийн хорооноос  Монгол Улсын Засгийн газарт өгсөн найман улсын зөвлөмжид “Хүнийг үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтэлснийх нь төлөө хэрхэвч Эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй” хэмээснийг өнгөн дээрээ Засгийн газар хэрэгжүүлж буй мэтээр Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр  зүйл ангийг хүчингүй болгож, Зөрчлийн хуульд тусгасан. Хүний нэр хүндэд халдах, бусдыг гүтгэн доромжлох тухай зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хассан мэт харагдавч торгуулийн санкц нь Зөрчлийн хуульд байгаа юм. Гэхдээ торгуулийн хэмжээ нь маш өндөр буюу хоёр сая төгрөг. Тодруулбал, хувь сэтгүүлч хоёр сая төгрөг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл редакцыг 20 сая төгрөгөөр торгож байна. Онолын талаас үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой нэр хүндэд халдах, бусдыг гүтгэн доромжлох асуудлыг иргэний хуулиар зохицуулах саналыг хуульч, өмгөөлөгчид ч гаргадаг. Эрдэмтдийн үзэл номлол ч бий. Гэхдээ энэ асуудлыг Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулах нь одоогоор боломжгүй. Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах маягаар энэ зохицуулалтыг хийж болох юм. Уг хуулийн заалтад тухайн гомдол гаргагч этгээд нь хохирлоо бодитойгоор үнэлж иргэний хуулийн шүүхэд гомдол гаргаж, хохирлын нөхөн төлбөр нь улсын орлого болохгүйгээр хувь хүнд очих байдлаар зохицуулах нь илүү ашигтай. Тиймээс Иргэний хуульд өөрчлөлт хийх байдлаар цаашид зохицуулах бүрэн боломжтой. Олон улсад ийм чиглэлийг илүүтэй барьж байгаа.

-Цахим орчинд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Зөрчлийн тухай хуулиар торгуулах асуудал сүүлийн үед хурцаар яригдах боллоо. Жиргээч Ц.Уянга, Г.Ганбат нарт холбогдсон асуудлыг та бүхэн хэрхэн харж, дүн шинжилгээ хийж байна вэ. Үүнтэй холбоотой тандалт судалгаа хийж байгаа юу?

-Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон, дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг  угтан манай төвөөс жил бүр  хэвлэлийн эрх чөлөөний тайлан гаргадаг. Тайланд үг хэлэх, үзэл бодол нь зөрчигдсөн хүмүүсийн онцлох тохиолдлуудыг тусгадаг юм. Энэ жил 2019 оны тайлан мэдээнд сэтгүүлчидтэй холбоотой таван тохиолдлыг дурдсан. Жишээ нь, сэтгүүлзүйн үүднээс баримт, фактуудаа нийтэлсэн байхад үл хэрэгсэж мөрдөн байцаагчаас хоёр сая төгрөгөөр торгосныг анхан шатны шүүхээс  уг шийдвэрийг нь хэвээр үлдээсэн тохиолдол гарсан.

Нөгөө талаас жиргээ буюу твиттер нь цахим орчин. НҮБ-аас өгч буй зөвлөмжүүдэд цахим эрх чөлөө хэмээх ойлголтыг баталгаажуулсан байдаг. Энэхүү цахим орон зай бол хүний бусад эрхээ эдлэх тулгуур орон зай гэдгийг зөвшөөрсөн юм. Монгол Улс цахим орон зайд үзэл бодлоо илэрхийлснийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бусдыг доромжилж нэр хүндэд нь халдаагүй тохиолдолд цахим хаягийг хаах нь зохисгүй. Төрөөс хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд  аливаа хэлбэрийн цензур гаргахгүй байх ёстой. Жиргээч Ц.Уянгад холбоотой асуудал нь одоогоор шүүхээр шийдэгдэж буй. Түүнд хоёр сая төгрөгийн торгууль ногдуулсан нь процессын алдаанууд гарсан. Тухайлбал, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх эрхтэй байтал иргэн Ц.Уянгаас мэдүүлэг авалгүй торгууль ногдуулсан. Мөн шийтгэврийн хуудсыг өөрт нь гардуулаагүй гэх мэт асуудлууд байгаа юм. Энэ асуудалд манай байгууллага анхаарал хандуулж байгаа. Өөртэй нь холбогдсон. Ийм тохиолдлуудыг цаашид олон улсын хүний эрхийг хамгаалах сүлжээ байгууллагуудын тайлан мэдээнд дурдана.

Цагдаагийн байгууллагаас хэн нэгэн хүн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдол бүрт мэдүүлэг авах нь боломжгүй асуудал юм. Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдийнхээ амыг хаах буюу цензурийн бодлого явж байна гэж хардаж байна. Монгол Улс цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх ёстой. Цахим орчныг нь хязгаарлахаар болбол шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсны дараа тодорхой  баримт нотолгоонд үндэслэн тухайн хүний нэр төрд нь халдсан гэдэг нь тогтоогдсоны  хязгаарлалт хийж болно.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ 6

Ч.Чинбат: Үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг гүтгэж болохгүй
Чинбат

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах мэргэжил арга зүйн хэлтсийн дарга,  цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.

-Иргэнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө үг хэлэх эрх чөлөөнд нь халдаж торгодог, эсвэл цагдаагийн байгууллага шалгадаг гэх асуудал яригдаж байна. Тухайлбал, Элийрэгч гэх цахим хаягтай Ц.Уянгыг ямар шалтгааны улмаас шалгаж байгаа юм бол?

-Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх боловч бусад иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэх нь мөн Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үүрэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг гэж хуульчилсан.

Мөн Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж заасан бөгөөд мөн төрөөс хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар хуульчилсан байдаг.

Ц.Уянгын тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2019 оны зургадугаар сарын 27-ны өдөр манай байгууллагад “Элийрэгч@ Uyanga_TS” цахим хаягийн эзэмшигч Ц.Уянга нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр төрийг гутаан доромжилсон” гэх гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авсан.

Уг гомдолд Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж улмаар холбогдогч Ц.Уянгад 2019 оны долдугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн ажиллагааг цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн.

Ц.Уянгын хувьд үзэл бодлоо илэрхийлсний төлөө шийтгэл хүлээсэн гэж ярьж олон нийтэд бодит бус мэдээлэл тараасан байна лээ. Энэ мэдээлэл бол огт үндэслэлгүй, хүний нэр төрийг гутаан доромжилсон үйлдлээ үзэл бодлоо илэрхийлсэн гэж тайлбарлаж байгаа нь тухайн хүний ёс зүй, хүмүүжил төлөвшил ямар хэмжээнд байгааг харуулж байна гэж үзэж байна. Шаардлага тавихаар дарамталж байна гэдэг, үнэндээ хууль ёсны шаардлага тавих болон бусдыг хууль бусаар дарамтлах гэдэг нэр томьёо газар тэнгэр шиг ялгаатай ойлголтууд шүү дээ.

-Зөрчлийн тухай хууль батлагдсанаар иргэдээс гүтгэх, нэр төр гутаахтай холбоотой өргөдөл, гомдол олон ирсэн үү, хэрхэн шалгаж шийдвэрлэж байгаа вэ?

-Улсын хэмжээнд Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Гүтгэх зөрчил үйлдсэн хүний тоог шууд хэлэх боломжгүй байна. Харин тус албаны эрх бүхий албан тушаалтнууд 2018-2019 оны эхний найман сарын байдлаар дээр дурдсан зөрчлийн шинжтэй 148 гомдол, мэдээллийг хүлээн авч шалган, 114 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдсон 45 хүн, 1 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

-Тэгэхээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө торгуулж байгаагийн гол шалтгаан нь юу юм бол?

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө торгуулна гэсэн ойлголт байхгүй. Иргэн бүр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гагцхүү үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хүний нэр төрийг гутаан доромжлох хууль бус үйлдлээс ялгаж ойлгох шаардлагатай. Мөн цагдаагийн байгууллага торгох, шийтгэх, баривчлах, хорих ажиллагааг урьдал болгодог байгууллага биш, эдгээр ажиллагаа нь тусгайлсан хууль тогтоомжийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулдаг ажиллагаа байдаг. Манай байгууллагын ажлын үндсэн зорилго, суурь үндэс нь ард иргэдээ гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгуурласан байдаг. Тэгээд ч “Цагдаагийн байгууллагын хүч нь ард иргэдтэйгээ нягт холбоотой байдагт оршдог” гэсэн үг байдаг шүү дээ.

-Цахим орчинд нэр төр гутаасан, халдсан асуудалд цагдаагийн байгууллагаас ямар хяналт тавьж байна вэ?

-Ер нь цахим орчинг зөв хандлагатай байлгах асуудалд цагдаагийн алба хаагчид онцгой анхаардаг гэж хэлж болно. Та бүхэн мэдэж байгаа цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим орчныг зөв эерэг байлгах талаар олон ажил, арга хэмжээ зохион байгуулсан нь зохих үр дүнгээ өгч байгаа. Ер нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг явуулах нэг арга хэрэгсэл нь цахим орчинг ашиглан иргэдэд санамж сэрэмжлүүлэг тараах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх мэдээлэл түгээх, ёс зүй, нийгмийн ёс суртахууныг төлөвшүүлэхэд чиглэсэн эерэг мэдээллүүдийг иргэд олон нийтэд тогтмол хүргэн ажиллаж байна. Мөн цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх ажилд онцгой ач холбогдол өгч алба хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа.

-Үндэсний аюулгүй байдалд халдсан цахим хуудас, иргэдийн цахим хаягийг хаадаг уу, ямар зохицуулалт байдаг вэ?

-Үндэсний аюулгүй байдалд халдсан гэж хэлэхээс илүүтэйгээр үндэсний язгуур ашиг сонирхолд харшилсан мэдээлэл гэж хэлэх нь оновчтой болов уу гэж бодож байна. Тухайлбал,  алан хядлага, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх арга, эмх замбараагүй байдалд уриалсан, турхирсан мэдээлэл түгээх нь үндэсний язгуур ашиг сонирхолд харш үйлдэл юм. Хэрэв гэмт хэрэг, хүчирхийлэл, алан хядлагыг сурталчилсан мэдээллийг цахим сүлжээнд оруулсан тохиолдолд уг этгээдийг шалгаж тогтоох, тухайн цахим хаягийг хязгаарлах боломж байдаг. Хэдийгээр цахим орчин хил хязгааргүй мэт боловч хяналтгүй зүйл гэж ойлгож болохгүй гэдгийг энд дурдая.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас жиргээч Ц.Уянгыг зохион байгуулалттайгаар шалгаж байна гэх мэдээлэл байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Дээр дурдсанчлан цахим сүлжээ ашиглан хүний нэр төрийг гутаан доромжлох хууль бус үйлдэл хийсэн хүмүүс өөрийн үйлдлийн учир холбогдлыг бодохоосоо илүү бусдаас тэр тусмаа гомдол гаргагч байгууллага, шалгах эрх бүхий байгууллагуудын талаар бодит бус мэдээлэл тарааж байгаатай холбоотой зүйл гэж бодож байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар гэдэг байгууллага зохион байгуулалттайгаар гэмт хэрэг, зөрчлийг шалгадаг байгууллага биш. Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар гэмт хэрэг, зөрчлийг шалгах эрх бүхий байгууллагууд нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг Цагдаа, Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналт болон бусад төрийн эрх бүхий байгууллагууд байдаг. Уг зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаас харах боломжтой.

-Нэр бүхий жиргээчдийг шалгаж байгаа талаар мэдээлсэн энэ ямар учиртай юм бэ?

-Цагдаагийн байгууллагад Тагнуулын байгууллагаас 2019 оны есдүгээр 02-ны өдөр “ОХУ-ын Төрийн тэргүүний Монгол Улсад хийх айлчлалтай холбогдуулан уг айлчлалыг мушгин гуйвуулах, эсэргүүцсэн өнгө аястай мэдээ, мэдээлэл нийтийн цахим сүлжээгээр олон нийтэд тараагдаж байгаа тул анхааралдаа авна уу” гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд шалгах ажиллагаа явуулсан.

Шалгах ажиллагааны явцад зарим нэр бүхий цахим хаягаар хүний нэр төрийг гутаан доромжилсон, мөн манай улсын ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй мэдээллүүдийг оруулсан байсан тул тухайн иргэдэд уг үйлдлээ зогсоох талаар шаардлага тавьсан. Дээр хэлсэнчлэн үндэсний язгуур ашиг сонирхолд харшилсан мэдээлэл гэж хэлж болох юм.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар цагдаагийн алба бол үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх бодлогыг төр, иргэн, хэвлэл мэдээллийн салбар хамтран хэрэгжүүлнэ”. Мөн “Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшилцлийг бэхжүүлж, улс орон, нийгмийг хагалан бутаргах, дотоодын зөрчил, тэмцэлд хүргэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлнэ”, “Нийгэмд хууль ёс, дэг журам, сахилга, хариуцлага суларч эмх замбараагүй байдал бий болохоос сэргийлнэ” гэж тус тус заасан байдаг. Иймд уг чиг үүргийг хэрэгжүүлэх нь цагдаагийн алба хаагчдын үүрэг шүү дээ.

-Сүүлийн үед трансжендерүүдтэй холбоотой асуудал яригдах боллоо. Энэ талаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэсэн?

-Аливаа хүнийг бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхах, дарамт шахалт үзүүлэх нь хууль бус үйлдэл. Гэхдээ нийгэм, олон нийтэд зохисгүй чиг хандлага, үзэл санааг түгээх нь маш эрсдэлтэй, хор уршигтай гэдгийг бид хаана, хаанаа анхаарч байх хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа өсвөр залуу үе, хойч ирээдүйгээ бид зөв хандлагатай, эрүүл саруул өсгөж хүмүүжүүлэх нь манай хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг бид ухамсарлаж ойлгож байх ёстой гэж хэлэх байна. 

Э.АРИУН

ЭХ СУРВАЛЖ 7

СУДАЛГАА: Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж