Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тогтоолын төслөө танилцуулав. Үдээс өмнө МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлаар байнгын хороод хуралдаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм.
Чуулганы хуралдаад МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэллээ.
Тэрбээр “Монгол Ардын нам сонгуулиа намаа бодсон бол АН-тай хамтарч ажиллах хэрэггүй байлаа. АН-тай гэрээ байгуулаад хэрэггүй гэсэн яриа ч иргэдийн дунд байна. Ардчилсан намын дарга З.Энхболд та Алтанхуяг буруу ажиллажээ, хамтарч ажиллая гэж хэлж байсан. Таны ой санамж ийм богинохон байсанд харамсч байна. МАН Засгийн газарт ажилласан хэдэн сарын хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, Монгол Улсаа нэг төсөвтэй боллоо. Дарга нарын данхайсан бүтэц, тансаг хэрэглээг хумилаа. Эдийн засгийг хүндрэлээс гаргах хөтөлбөрийг санаачлан баталсан . Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгов. Хууль бус мод бэлтгэлийг зохицуулах эрх зүйн орчинг бий боллоо. Зайсангийн уугуул иргэдийг асуудлыг шийдлээ. 11 мянган хүнийг татварын хэргээс болж байцаалаа. Тавантолгойн асуудлыг шийдсэнгүй. Тавантолгой төсөлд ард түмний биш Ардчилсан намын бүлэглэлүүдийн эрх ашгийг тусгах гэж удлаа. Хөрөнгө оруулагчидтай зүй бус харьцсаны хохирлыг олуулаа амслаа. Ардчилсан нам хар машиндаа найдаж байгаа бол Ардын нам ард түмэндээ итгэж байна.
Ардчилсан намын хууль бус үйл ажиллагаатай МАН санал нийлээгүй нь гэрээ биелээгүй гэдэг шалтгаанаар засгаас шахан гаргаж байна. Ардчилсан нам ардчилалын 25 жилийн хугацаанд хоёр удаа төр барьж байна. Олуулаа хөгжих биш цөөхүүлээ хөлжих гэсэн дүр эсгэсэн ардчилал дарангуйлагчдаас хортой гэдгийг бодит жишээ Монголд нүүрлэж байна. Цаашдаа Засгийн газрын зөв бодлогод ташуур, буруу үйлдэлд хазаар болж явна. Ардын нам ард түмэнтэйгээ хамт Ардчилсан намын үйл ажиллагаанд хатуу бодлого тавьж ажиллана” гэв.
Д.Лүндээжанцан: Төрийн байгуулалтын хороонд үг хэлсэн. Сүүлийн үед Ардын намынхан сандал ширээтэйгээ зууралдаж байна гэсэн Пи-Ар-ыг сайн явуулж байна. Гэлээ гэхэд Ардчилсан намын дарга нар Засгаас сайд хөөхийг хурга хөнгөлөхөөс амархан юм шиг санаад байх юм. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл УИХ-ын бүтцийн байгууллаг үүрэг өгч байх жишээтэй. Ерөнхийлөгч дэмжихгүй байгаагаа хэлэхэд Ерөнхий сайд нь тогтоолын төсөл оруулж ирж байх жишээтэй. Үндэслэлээ Ардын нам, АН-тай байгуулсан гэрээгээ биелүүлээгүй гэсэн. Харахад Ардын намаас болсон юм байна. Ардчилсан намаас болсон нь бүр их байна. Тиймээс хариуцлагаа хамтдаа үүрэх ёстой. Хэрэв гэрээнийхээ залтуудыг адилхан биелүүлээгүй бол АН ямар хариуцлага хүлээх ёстой вэ. Миний хувьд АН, МАН засгаас хоёулаа гарах ёстой.
Ч.Сайханбилэг: Монголын улс төрд гарч байгаа зүйл бол анх удаа болж байгаа юм биш. УИХ-д хамгийн олон суудалтай АН цаашдаа “Шударга ёс эвсэл” болон ИЗНН-тай гэрээгээ үргэжлүүлээд явна.
Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын бүтцийг оруулж ирэхээс эхлээд энэ биш юм байна гэж бодсон. Нам дотроо яаж хувааж авахаа шийдээгүй Тавантолгойн асуудлыг шийдээгүй юм байна. Энэ дотор эрүүлээр сэтгэж байгаа хүмүүсийн буянаар Гацууртын 50 тонн алтыг авч үлдлээ. Хүмүүс сайн анхаарах ёстой. Үнэндээ Оюутолгой бол аварга орд шүү дээ.Би бол ганц найдаж байгаа юм бол бие даагч гурван нөхөр байна. Ерөнхий сайд хар толгойгоороо хариуцлага хүлээнэ гээд Дубайд очоод гэрээ байгуулчихсан. Одоо улс орноо бодох цаг болсон.
О.Баасанхүү: Зургаан сайдыг өргөдлөө өг гэхэд нь би гайхсан юм. Зургаан сайдад сайн ч ажилласан хүн бий. Муу ч ажилласан хүн ч бий. Ардчилсан намын сайдууд дунд ч сайн ажиллаж байгаа нь, муу ажиллаж байгаа нь бий. Ерөнхий сайдаас би асууя, та нар болохгүй байгаа сайдуудаа явуулахгүй юм уу. С.Баярцогт байна. Л.Пүрэвсүрэн байна. Гадаад ертөнцөд Монголыг нүдний булай болгож байна. Ерөнхий сайд та энэ зургаатай хамт оруулаад ирж болоогүй юм уу? Ардын намынхан одоо уйлах шахан хэлж байна л даа. Хайрын захиа шидсэн гээд. Тасарсан мах, үсэрсэн цус гэгчээр эднийгээ бас би өрөвдөөд байна. Та нээрэн хууран мэхэлсэн бол уучлалт гуйж болохгүй юм уу?
Ө.Энхтүвшин: Ардын нам өрөвдүүлээд, нөгөө нь өрөвдөөд ч байгаа юм байхгүй. Ардчилсан нам багаа хууллаа. Ардчилсан намын гуравдугаар ээлж хоолонд орох гэж яарч байх шиг байна. Энхболд даргаас нэг зүйл асууя. Та ч гарын үсгээ зуран. Хоёр талаас гарын үсэг зураагүй тохиолдолд гэрээгүй цуцлахгүй гэж. Та яагаад ийм шийдвэр гаргав. Ерөнхий сайдад хэлэхэд танд их хэцүү болно доо, цаашдаа. Та уг нь намын асуудал тусдаа, төрийн асуудал тусдаа гээд байр сууриа илэрхийлээд байж суух байсан юм уу. Засгийн газар таны бүрэн эрхийн асуудал шүү дээ. Таныг гадаад явж байх хойгуур ийм шийдвэр гарчихсан. Тантай ч зөвлөөгүй шүү дээ. Танд жин бага байна уу. Дараагийн зургааг нь хэзээ оруулж ирэх гэсэн юм. Энэ зунжингаа тэрийгээ болгоно, энийгээ болгон гэж та хэд ярьсан гэсэн ш тээ.
З.Энхболд: АН-ын даргын хувьд хариулъя. Хэтэрхий худлаа зүйлийг үнэн болгох гээд ядчих юм. Би дүгнэсэн. Хангалттай гэдгийг зөв гэж үзэж байгаа. Анх төрийн албанд сайдаар очихдоо хэдэн зуун төрийн албан хаагчийг халж, хамаатан саднаа ажилд авна гэж томилоогүй. Баруун бүсийн зам, Хөшигтийн хөндийн замын ажлыг зогсоосон. Бүх юм нь бэлэн байхад та нар хэдэн хамаатан саднаа ажилд авахаас өөр юу ч хийгээгүй. За ,Ерөнхий сайд хариул. Сайдууд сайн, муу ажилласан эсэхийг?
Ч.Сайханбилэг: Хэн нэгэн хүний асуудлыг оруулж ирээгүй. Хоёр намын гэрээг дүгнэж байгаа. Зургаан сайдтай холбоотойгоор хэлэхэд бүгдээрээ өөрсдийнхөө хүрээнд үүргээ биелүүлсэн. Үлдсэн 13 сайд маань ч бас өөрийнхөө хэмжээнд сайн ажиллаж байгаа.
Д.Ганхуяг: Засгийн газраас өргөн барьсан хуулийн 50 хувиас дээшийг нь Ардын нам эсэргүүцсэн байна. Үүнийг яаж хамтарсан гэх юм. Н.Алтанхуягийн үед та нар ажил хийлгээгүй ш тээ.Чуулганы ихэнх хугацаанд сандал суудлын хэрүүл хийсэн шүү дээ.
С.Ганбаатар:Дубайн гэрээн дээр олон тэрбум долларын луйвар юу болов оо гэсэн бичиг явуулсан. Үүний хариуг хэзээ өгөх вэ. Өгвөл өгсөн юм шиг, авбал авсан юм шиг ажилдаа ормоор байна. Сайн сайд байгаа. Хөдөлмөрийн сайд Хөдөлмөр эрүүл ахуйн нэмэлт өөрчлөлт дээр олон жил яригдсан зүйлийг оруулсан. Мөн ажилтны эрүүл мэнд амь насны давхар даатгал оруулж ирсэн. Дарханы зам гэж там байна. Энэ зам хэзээ дуусах вэ. Мөн төмөр зам, авто замын асуудлаар Төмөрхүү сайдаас хариулт авмаар байна.
Зам тээврийн сайд Н.Төмөрхүү: Энэ есөн сардаа багтаад Бичигт-Хөөтийн төмөр замын ажлыг эхлүүлэхээр болсон. Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замын ажил ирэх он гэхэд дуусна. Ирэх оноос энэ замаар нүүрсээ зөөгөөд эхэлнэ. Хөөтөөс-Нөмрөг хүртэл ТЭЗҮ-г боловсруулж байгаа. Нэг ялангуяа Завхан, Дорнод, Сүхбаатарын чиглэлийн замууд үргэжлээд явна. Хятадын хөрөнгө оруулалтаар Баянхонгорын Байдраг чиглэлийн автозамыг барина.
З.Энхболд: Н.Төмөрхүү сайд худлаа ярихгүй шүү. Гансүх байхдаа жилд дөрөв, таван аймгийг авто замаар холбоод байдаг. Гэтэл чи юу ч хийгээгүй ш тээ. Хэрүүл хийгээд яваад байдаг. Дархан дээр 500 гаруй сая төгрөг хуваарилагдсан. Бид нар төсөв мөнгөндөө тааруулаад явж байгаа. Бичигтийн замыг ТЭЗҮ-г шинээр боловсруулаад явж байгаа. Энэ есдүгээр сар гэхэд эхлүүлэхээр ажиллаж байна.
Ё.Отгонбаяр: Манай нам сөрөг хүчнээрээ үлдэх ёстой гэж үзэж байсан хүн л дээ. Нэг хэсгийгээ дарамталдаг, иргэдээ барьж хорьсон,ичих айхаа мэддэггүй байдал бий боллоо. Цаашдаа эдийн засаг улам сайжирна гэж ойлгож болох уу. Таны засгийн газар АН,МАН гэж хоёр хөлтэй засгийн газар байсан. Өнөөдөр нэг хөлөө тайраад сууж байна. Энэ чинь улстөрийн тогтвортой байдал бий болгоно. Улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийн тогтворгүй байдал бий болно. Ерөнхий сайд аа, таны үг үг биш боллоо. Нэг гоё үг хэлээд ам руугаа алгадуулж байдаг. Таны шийдлийг шийдэл биш гэж үзэхэд хэцүү байна. Та хэзээ болтол морь унасан толгойгүй хүн шиг явах вэ. Хөрөнгө оруулагчид зугатах процесс үргэжлээд байна шүү дээ. Хоёр том нам нийлсэн юм бол улс төр нь тогтвортой, бид хөрөнгө хийж болох нь гэж хөрөнгө оруулагчид хэлж байсан. Баяраа өөрөө уначихсан юм ш тээ гэгчээр та нар Тавантолгойг унагасан, өөр бусад хуулиудаа унгасан. Өөрсдөө халтирч уначихаад битгий ингэж ярьж бай. УИХ-ын даргаа танд хандаж хэлэхэд, та настай хүнийг уймраа энэ тэр гэж хэлж болохгүй. Та есөн сарын өмнө манай бүлэг дээр юу гэж ярилаа. Та өөрөө л их уймраа хүн байна.
З.Энхболд: Чиний ярьж байгаа юм чинь таалагдахгүй байна.
Д.Хаянхярваа: Их хурал засгийн ажил руу давхиж ордог өвчин тусаад байна. Тавантолгой, зам, барилгын асуудал гээд. Жишээлбэл, Отгонбаяр товч дурдаад өнгөрлөө. Ерөнхий сайдаа та, чуулганы өмнө Тавантолгой, Оюутолгойг хөдөлгөнө. Ноён улаа явуулна гээд үлгэр шиг юм ярьсан. Тэгтэл сүүлд нь хэзээ ч зургаан сайдаа өргөн барихгүй гэсэн юу болов. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хэлсэн үгэндээ хариуцлагатасй ханддаг, хэлснээ хэрэгжүүлдэг байх ёстой. Хий шоу хийдгээ, хийрхдэгээ боль.
О.САР