Б.Галиндэв: Монголын газрын зураг дээр цэгтэй болохыг зорьж байна | News.MN

Б.Галиндэв: Монголын газрын зураг дээр цэгтэй болохыг зорьж байна

Б.Галиндэв: Монголын газрын зураг дээр цэгтэй болохыг зорьж байна

Б.Галиндэв: Монголын газрын зураг дээр цэгтэй болохыг зорьж байна

Дэлхийн хоёрдугаар дайны үед Герман, Япон зэрэг орнууд хүн дээр янз бүрийн туршилт хийдэг байжээ. Эм бэлдмэл, тариа, биологийн зэр зэвсэг гаргахын тулд байж боломгүй хэрцгий арга хэрэглэж, цэргүүдийг тамлан зовоодог байсан тухай баримтууд бий. Харин “Толидамид”-ын аюулаас хойш судлаачид хүнд турших эмийн судалгаанд маш болгоомжтой хандах болжээ.

Тиймээс хүн дээр туршиж болохгүй судалгааг амьтан дээр хийх болсон байна. Гэхдээ мэдрэлийн систем өндөр хөгжсөн хөхтөн амьтан дээр хийдэг байна. Монгол Улс 2017 онд Олон улсын судалгаанд түгээмэл ашиглаж буй C57BL/6J буюу хар хулганыг нутагшуулснаас хойш эрдэм шинжилгээний ажил амжилттай яваа гэнэ. Энэ сэдвээр бид АШУҮИС-ийн Цөм лабораторийн мэргэжилтэн, биологийн ухааны доктор Б.Галиндэвтэй ярилцлаа.

-Хүн төрөлхтний түүхэнд “Толидамидын гай гамшиг” гэх аюул тулгарсан байдаг. Энэ ямар туршилт байсан юм бэ?

-1957-1961 оны үед Баруун Германд зохион бүтээгдсэн толидамид гэдэг өвчин намдаах зорилготой эмийн бодисыг жирэмсэн эмэгтэйчүүдэд туршилтаар уулгасан байдаг. Жирэмсний 1-3 сартай байх үе бол эмэгтэй хүний хувьд хамгийн эмзэг үе. Энэ үедээ уг эмийг уусан эмэгтэйчүүдээс дөрвөн мөчгүй 10 мянга гаруй хүүхэд төрсөн байдаг.

Уг нь энгийн хүн уухад хордлогын шинж тэмдэг илрэхгүй мөртлөө жирэмсэн хүнд ийм аюултай нөлөөлсөн байгаа юм. Үүнээс хойш эмийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид туршилтад онцгой анхаарч эхэлсэн.

-Тэгээд био-анагаахын судалгаанд амьтан дээр түлхүү туршилт хийх болжээ. Ер нь хүн дээр огт хийж болохгүй ямар туршилтууд байдаг вэ?

-Хүн дээр хийгдэх боломжгүй судалгаандууд их байдаг. Тухайлбал, хавдар, генетик, түлэгдлийн судалгаа гэх мэт судалгааг хүн дээр хийх боломжгүй. Ер нь 19, 20-р зууны үед хүн дээр хэрцгий туршилтуудыг их хийдэг байж. Ялангуяа дайн байлдааны үед химийн зэвсэг гаргаж авах, атомын туршилт хийх, биологийн зэр зэвсэг гэх мэт туршилтуудад олзны цэргүүдийг ихээхэн хамруулдаг байв. Ахуй амьдралд ч гэсэн Оросын нэгдүгээр Петр хаан эрүү, нүүрний эмчилгээг турших зорилгоор эрүүл хүний шүдийг бахиар суга татдаг байсан тухай уншиж байлаа.

Уг нь лабораторийн жижиг амьтад дээр биологийн судалгаа хийж байж хүн төрөлхтний насыг уртасгаж байгаа юм.

Био-анагаахын судалгаанд туршилтын амьтнаар дамжуулан өвчний механизм, шинэ эмчилгээ, аюулгүй байдлыг тодорхойлдог. Ийм туршилтад хоёр ба түүнээс дээш төрөл зүйлийн амьтан ашиглахыг шаарддаг. Судалгаа шууд үр ашгаа өгөхгүй. Урт хугацааны явцад үр дүн илрэх боломжтой. Амьтны туршилт нь хүний хүссэн сөрөг нөлөөллийн 70 хувийг урьдчилан таамаглах боломжийг олгодог. Жишээ нь аспирин гэх эм хүн, харх хоёрын өвдөлтийг намдаадаг. Үүнээс үзэхэд амьтанд аюулгүй байдал, үр ашгийн туршилт хийснээр хүний хувьд эмчилгээний шинэ аргуудыг нээж болно.

 -Ер нь амьтдыг ямар ямар туршилтад оруулдаг юм бэ, генетикийн хувьд хүнтэй төстэй байх ёстой юу?

-Ерөнхийдөө бүх салбар шинжлэх ухаанд хэрэглэгдэж болно. Хоол боловсруулах, хор судлал, эм судлал болон физилоги, анатоми бүр сансар судлалд хүртэл амьтдыг ашиглаж байна. Жишээ нь 1959 онд нохой “Спутник” хөлгөөр сансарт анх удаа гарсан шүү дээ. Тэгэхээр сээр нуруутай, нуруугүй амьтдын хувьд бол агаарт ямар байдгийг судалж байна.

Анагаахын туршилтад орох амьтдын хувьд хүний генетик бүтэцтэй 90 хувиас дээш төстэй байх ёстой.

Жишээ нь усан гахай дээр туршилт хийж байгаад сахуу, татран, менингит гэх мэт хавдарт өвчний эсрэг урьдчилан сэргийлэх эм бэлдмэлийг гаргаж авсан байдаг. Үүнээс гадна галзуу, боомын вакцинууд байна. Гэхдээ сүүлийн үед нэг амьтан дээр эмийн хоруу чанарыг тоолох боломжгүй гэж үзэж байгаа. Хоёр ба түүнээс дээш. Мэрэгч болон мэрэгч бус амьтдыг хамруулж байна. Гахай гэхэд дотроо лабораторийн, зэрлэг, тэжээвэр, үзэсгэлэнгийн гэсэн дөрвөн янз байдаг. Эдгээр гахайнууд зориулалтаараа өөр байна. Зэрлэг гахайг экологийн судалгаа хийхэд ашигладаг бол гэрийн тэжээвэр гахайг хоол хүнсэнд хэрэглэнэ. Лабораторид ашигладаг нь болохоор тусгай мини пик буюу жижигхэн гахай байдаг. Манайхан бүх хулганыг цагаан хулгана гэж ярьдаг. Цагаан хулгана гэдэгт маш олон төрөл зүйл байдаг. Жишээ нь Балбаси буюу СИ хулгана мөн КМ, С3H, NIH гэх мэт. Эдгээр нь бүгд цагаан хулгана. Гэхдээ дотроо ялгаатай. C3H хулгана бол өөрөө хөхний хавдар үүсэх магадлал 90 хувь байдаг. Тэгэхээр туршилтын амьтад гэхээр өөр хоорондоо бас ялгаатай байдаг байх нь. Ерөнхийдөө туулай, харх, усан гахай, хулгана дөрвөн зүйлийн амьтныг туршилтад ашигладаг.

-Хүн дээр хийх боломжгүй туршилтыг амьтан дээр хийж байгаа хэдий ч нөгөө талдаа байгаль, ан амьтнаа хайрлах хүний ёс зүй яригдах байх. Шинжлэх ухаанд амьтныг ашиглахад хэр эсэргүүцэлтэй тулгардаг вэ?

-Амьтан хамгаалагчдын эсэргүүцэлтэй маш их тулгардаг. 1959 онд Олон улсад Рейчил нарын 3R-ийн онолыг мөрдөх болсон. Онолд бол амьтдын тоо толгойг бууруулж, орчныг нь сайжруулж, өөр зүйлээр орлуулах гэсэн зарчим байдаг. Тэгэхээр орчин үед амьтан дээр туршилт явуулахаас илүү хуруу шилний аргаар судалгааны ажил хийх нь дээр гэж үзэх болсон. Өөрөөр хэлбэл, амьтнаас татгалзаж байна шүү дээ. Үүний оронд сээр нуруугүй амьтад болох нялзгай биетэн, зебра загасыг ашиглахыг зөвлөж байна.

Дэлхийн амьтан хамгаалах холбоо гэж байдаг. Уг холбооны гаргасан тунхаглалд амьтныг цангаахгүй, өлсөөхгүй, өөрийн зан араншингаа илэрхийлэх боломж олгох гэх мэт амьтны эрхийг заасан байдаг. Амьтанд хийсэн судалгаа нь хүний ​​амь насыг аварч, шинжлэх ухааны дэвшилт авч ирж байгаа хэдий ч эсрэгээрээ амьтанд дарамт болдог. Амьтны эрүүл мэндийн байдал таагүй болсноор хязгаарлагдмал нөхцөлд тодорхой зан үйлийг гүйцэтгэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, туршилтын субъект нь хүн тул судалгаанд зарцуулах санхүүжилт бус  зовлонгоор хэмжих зардал гэсэн ойлголт гарна. Гэхдээ их хэмжээний өвдөлтийг бууруулах, арилгах арга хэмжээ авахыг чухалчилж байна.

Монголд био-анагаахын шинжлэх ухааны хөгжил ямар түвшинд байна вэ, ямар амьтад дээр туршилт хийж байна?

-Миний хувьд 2015 онд БНХАУ-д идэвхгүйжүүлсэн шүлхийн вакцины 146S гэдэг уургын судалгаа хийж, холбогдох вакцин гаргаж авах туршилт хийж байсан. Мөн манай АШУҮИС-ийн Цөм лабораторийн хүрээлэн үсний ургалтын туршилтыг хулгана дээр хийж байв. Үүнээс гадна нүүрний нөсөө, сэвхний эмчилгээ болон эсийн үүсгүүрээр гэдэсний хавдар, чихрийн шижингийн өвчний загварыг тэжээл, химийн бодисын замаар загвар үүсгэж эмчлэх судалгааг хийж байна.

Био-анагаахын хөгжил шинжлэх ухааны салбарт оруулж буй хөрөнгө оруулалттай их холбоотой.

Дотоодын нийт бүтээгдэхүүний шинжлэх ухаанд зарцуулж байгаа хувь их бага. Өөрөөр хэлбэл, газрын зураг дээр харахад хөрөнгө оруулалтын хэмжээгээр цэг байхгүй гэсэн үг. Израйль улс дотоодын ний бүтээгхдэхүүний таван хувийг зарцуулж байхад манай улс 0,02 хувь байгаа нь Балба улсын дараа орж байна. Балба цэгтэй юм байна л даа. Одоо сүүлийн үед манайх цэгтэй болох зорилго тавиад байна. Ер нь Монгол Улс шинжлэх ухааны салбараа орхиод байна уу даа гэсэн бодол төрдөг. Сэтгэлтэй, зорилготой судлаач, эрдэмтэд байна. Харин дэмжлэг тун бага.

-Та нарын цаашдын зорилго юу вэ, дэлхийн бусад улс орны судалгааны чиг хандлага юу байна вэ?

-Гадаадад хийж байгаа судалгааг бид аль болох Монголдоо туршиж үзэхийг эрмэлзэж байна. Ингэснээр хийх аргачлалыг мэдэх, нөгөөтэйгүүр бүтээгдэхүүн бий болгоход ашиглах юм. Япон, Солонгос, ОХУ-ын эрдэмтэн, судлаачид амьтны тархи дээр хийсэн судалгааг Анагаахын шинжлэх ухаанд их ярьж байна. Энэ бол суурь судалгаа.

Сүүлийн үед дэлхий дахинаа эмнэлзүйгээс илүү суурь судалгааг их анхаарах болсон. Амьтад мэдээж ярьж чадахгүй. Гэхдээ ой санамж, зан үйлийг нь тусгай сорилын аргаар туршиж байна.

Альцгеймер буюу ой санамжаа мартах өвчнийг эдгээхийн тулд тархин дээр туршилт хийх хэрэгтэй болно. Тархи гэдэг маш баялаг эрхтэн. Тархи судлалын хүрээлэн, Монголын нейросайнсын нийгэмлэгийн санаачлагаар IBRO-ийн сургалтыг АШУҮИС-ийн Цөм лаборотори болон Монгол-Япон сургалтын эмнэлэгт тус тус амжилттай зохион байгууллаа. Сургалтад нейросайнсын үндсэн техник сургалтад С57 хулганыг ашигласан. Энэ нь суурь судалгааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болж байна. Бид Старакс тарилгыг хулганы тархинд яаж хийдэг вэ, чипийг яаж суулгах вэ гэдгийг сурч байна. Олон улсад судалгаа-шинжилгээнд түгээмэл ашиглах C57BL/6J хулганыг Монгол Улсад  2017 онд нутагшуулсан юм. Ингэснээр эрдэм шинжилгээний in vivo судалгааны ажил эрчимтэй нэмэгдэж байна. Цаашид манай хамт олон трансген хулгана /нокаут/ гарган авах, хавдрын судалгаа, зан авирын судалгааг нэвтрүүлэх зорлго тавин ажиллаж байна.

 -Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-13 103.10.23.75

үнэхээр сайхан мэдээ байна сайн ажилаарай

Avatar

Zochin 2019-09-13 124.158.95.187

Ajlin amjilt husie.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж