Чуулган: Ногоон орон сууц байгуулах зээлийн хэлэлцээрийг баталлаа
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Засгийн газраас 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд орж ирж байна. Төсөл батлахад бид төсөл, арга хэмжээг баталдаг. Монгол Улсын өрийн тааз өндөр болсон байгаа. Гэтэл энэ олон хөнгөлөлттэй зээлээр юу хийгдэх нь тодорхойгүй баталдаг. Удахгүй 2020 оны улсын төсөв батлагдах, хэлэлцэхээс өмнө гадаадын хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт аудит хийлгэх хэрэгтэй. Зээл тусламжийнхаа үр ашиг дээр эргэж харах хэрэгтэй. Гадаадын зээл тусламжийн үр ашиг дээр Сангийн яамнаас хангалтгүй ажиллаж байгаа шүү.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Азийн хөгжлийн банкны хөтөлбөрийг оруулж ирж байгаа. Төсөвт багтаагүй зүйл байхгүй. Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Арвайхээрийн автозамын ажилд нэмэлт төсөл гээд 60 сая ам.доллар, боомтуудыг хөгжүүлэхэд 20 сая ам.доллар, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн үлдэгдэл арга хэмжээг хэрэгжүүлнэ гээд зургаан төсөлд хэрэгжүүлэхээр оруулж ирж байгаа юм.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Гадаадаас хөнгөлөлттэй зээл авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ээлжит асуудлыг ярьж байна. Хөгжингүй орнууд өөрийн орны үйлдвэрлэлийн борлуулалтыг дэмжихийн тулд хөнгөлөлттэй зээл олгодог гэж би харж байгаа. Тухайн зээл олгож байгаа орны компаниуд ерөнхий гүйцэтгэгч байдаг. Зээл Монголд өр болж үлдэнэ. Хэдийгээр 10-40 жилийн хугацаатай гэж байгаа ч өөрийн орны компаниудыг дэмжиж байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр зээл олгож байгаа банк хамгийн найдваргүй банк байдаг гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд тодорхой хэллээ. Гадаадын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр яамдад ажлын алба байгууллагддаг. Тэр ажлын албадын хүмүүс нь маш өндөр цалинтай. Тухайн хөтөлбөр нь хугацаа алдаж, сунгагддаг.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Азийн хөгжлийн банк 67 орны гишүүнчлэлтэй. Аль нэг орны бүтээгдэхүүнийг нөгөө нэг улсад нь худалдах сонирхол байхгүй. Хөгжлийн банкнаас олгож байгаа зээл эрсдэлтэй. Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн 700 гаруй тэрбум нь муу зээл болсон гэж сонссон. Хугацаа алдаж сунгагддаг тал байдаг. Бид хугацаанд нь хэрэгжүүлэхийг шаарддаг.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Иргэдийн саналыг Өргөдлийн байнгын хороон дээр тавихаар 600 хүний гарын үсэг зурах хэрэгтэй болдог. Би тиймээс чуулганы хуралдаанд дамууулах үүрэгтэй. Багш нарын цалинг нэмдэг ч үйлчилгээний ажилчдын цалинг нэмдэггүй. Тийм учраас үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэхийг Ё.Баатарбилэг сайдаас хүссэн. Ховд аймгийн зэрэг сумын Харнүдэн гэж эмэгтэй ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилсноос хойш мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ байнга унаж байна. С.Бямбацогт гишүүнийг сайдаар томилж өгөөч" гэж хүслээ. Жаргалант сумын ахмад багш Даваа "Цахилгааны үнийн өсөлт нэмэгдлээ. Тэтгэвэр цахилгааны үнэд яваад байна. Тийм учраас ЭХ-ний сайд Даваасүрэн гуайг яамны төсвөө багасгаад цахилгааны үнийг бууруул.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын цаг дууссан хэдий ч хэлэлцэх асуудлаа дуусгахаар чуулганы хуралдааныг сунгасан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг яг ийм мягаар иргэдэд хүргэмээр байгаа юм. Байршлуудыг Азийн хөгжлийн банктай хамтран гаргасан байх. Хотын төвийн А зэрэглэлтэй, өндөр үнэтэй, иргэд байранд орох сонирхолтой газруудад хөнгөлөлттэй зээлүүдийг түлхүү хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, 100 айлын 7 байр хүн амьдрах ямар ч боломжгүй болсон байгаа. 2010 онд дахин төлөвлөлтийн тендер зарлахад нэг компани шалгарсан ч зургаан жил явсаар 2016 онд хүчингүй болгосон. Нийт 10 удаа тендер зарлаад хүмүүс орохгүй байна. Энэ байршил бол хотын төвд, маш боломжийн байршил. 310 айлын асуудлын нэг тийш болгоход Хотын дарга анхаарах шаардлагатай байна. Нэгэнт бизнесийн горимоор явахгүй байгаа бол төр өөрөө анхаарлаа хандуулж, улсын төсөвт тодорхой төсөв тавьж өгөөч гэсэн хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ асуудалд Хотын дарга та анхаарал хандуулаач.
Гишүүд асуулт, тодруулга авч, санал хураалаа. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжиж, баталлаа.
Ийнхүү хэлэлцээрүүдийг соёрхон баталсанаар чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Чуулган: Зээлийн хэлэлцээр батлах эсэхийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.09.12/-ийн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар олон улсын банк, байгууллага, засгийн газрын зээл, тусламж бүхий зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцлээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны зээлийн хэлэлцээр, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Үдээс өмнө гурван байнгын хороо хуралдаанаар дээрх хэлэлцээрүүдийг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ