УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ
С.Бямбацогт: Цааш, цаашдаа шударгаар татвар төлдөг байсан баялаг бүтээгч маань шударгаар татвар төлөх нь буруу юм байна гэсэн ойлголттой болох нь. Мөн татвараас бултсан, татвар төлдөггүй хүмүүсээ 100 хувь өршөөж байснаас ядаж нэг хувийн татвар авч болох уу. Татвараа шударгаар төлж байсан хүмүүс яах вэ?
Б.Болор: Хууль өргөн баригдсанаасаа хойш багагүй хугацаанд хэлэлцэгдэж байгаа хууль. Энэ хууль маань өөрөө дэлхийн жишиг. Улс орнууд тодорхой үед авч ашигласан байдаг. Эдийн засаг хүндрэлтэй үед далд эдийн засгаа ил болгож, татварын бааз сууриа өргөжүүлэх зорилготой.
Б.Бат-Эрдэнэ: Том компанийн эрх ашгийг хамгаалах гэсэн хууль гаргаж байна гэж иргэд эсэргүүцэж байна. Яг үнэнчээрээ төрд татвараа төлөөд, ажиллаж байгаа ажилчдынхаа цалинг тавиад явж байгаа өчнөөн аж ахуйн нэгж байна. Гэтэл том компаниуд өнөөдөр ажилчдынхаа цалинг өгөхгүй байгаа шүү дээ. Ажилчдынхаа цалинг өгөхгүй байгаа компаниудын татварыг бүр тэглэнэ гээд явж байдаг.
Б.Болор: Өршөөлийн хуульд хамрагдсан аж ахуйн нэгжийн судалгааг харахад 50 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаачид байж. Энэ хууль батлагдсанаар хүндрэлтэй байгаа эдийн засаг сэргэх боломжтой гэж хууль санаачлагчид үзсэн.
Б.Бат-Эрдэнэ: Энэ хууль маань иргэдэд тэгш, шударгаар үйлчилж чадна гэж үзэж байгаа юу?
Б.Болор: Энэ талаар байнгын хорооны хуралдаан дээр маш их ярьсан.
З.Энхболд: Болороо энд ийм нэг юм яриад байна. Хэдэн том компаниуд өршөөгдөх нь гээд. Хуульд том жижгээр ялгасан юм уу, ямар нэгэн босго тавьсан юм байгаа юу?
Б.Болор: Хардлагын чанартай асуудал яваад байна. Өмнөх өршөөлд хэдэн том компани хамрагдсан юм байхгүй. Энэ хуульд ч жижиг, том, дундаар нь ялгаж, босго тавьсан юм байхгүй.
Ж.Энхбаяр: Үнэхээр хардахаас өөр аргагүй байна. Хуулийн төслийг харахад хэтэрхий цөөнх зориулагдсан. Өөрөөр хэлбэл, “Чингис”, “Самурай” бондоос мөнгө авсан хэдэн аж ахуйн нэгж, тэр мөнгийг захиран зарцуулсан төрийн албан хаагчдыг өршөөх нь байна шүү дээ. Үнэхээр хариуцлагагүй байна. Энэ хуулийг батлагдвал эдийн засаг дөрвөн их наяд төгрөг орж ирнэ гэж ТЕГ-ын дарга ярьж байна. Өмнө нь үүнийгээ яагаад мэдээгүй юм. Татвар төлсөн улсуудад урамшуулал олгох ёстой шүү дээ. Төлснийх төлөө яллаж болохгүй. Төлөөгүй хүмүүсийг нь урамшуулж болохгүй. Дээрээс нь тэд мөнгө завшина
Б.Болор: Байнгын хороон дээр таны ярьж байгаа асуудал бүгд яригдсан. Энэ талаар хэлэлцүүлэг өрнөсөн. Миний хувьд тантай санал нэг байгаа.
Ж.Энхбаяр: Хуульд заасан хариуцлагаас чөлөөсөн юм байна гэж ойлголоо. Гэхдээ яагаад татвараа төлөх гэж. Давхар , давхар шударга бус юм яваад байдаг. Хуулийн хариуцлагаас чөлөөлөгддөг. Татвараа тэглүүлдэг. Нөгөө талаас улс төрийн албан тушаалтан, төрийн албан тушаалтны асуудлыг яагаад оруулж ирж байгаа юм. Авлигын ямар, ямар заалтууд нь энд зайлшгүй суух ёстой болсон юм бэ. Авлигын асуудлыг Өршөөлийн хуульд яагаад ч хамруулж болохгүй. Үүнийг явуулчих юм бол Авлигын өмнө Монгол хүчин мөхөсдлөө гэж харагдана. Ялангуяа авлигатай тэмцэнэ гэж хамгийн их ярьж, гарч ирсэн Ардчилсан намын үед авлигчдыг өршөөж болохгүй. Үүнийг ингэж санал гаргасан Б.Болорчулуун гишүүн өөрөө тайлбарламаар байна.
Б.Болорчулуун: Миний хувьд авлигын хэргийг үүнд хамруулж болохгүй. Хэзээ ч ямар ч орон авлигачдыг өршөөдөггүй юм. Урд, хойд хоёр хөршөө хар л даа.
Л.Цог: Бүхэлдээ энэ хууль буруу гарч байгаа юм. 2008 онд ингэсэн ш тээ. Ингэснээрээ Монголын төр авлигатай эвлэрч байна ш тээ. Авлигын хэргийг өршөөж байгаа юм бол АТГ-ыг татан буулгах хэрэгтэй.
Б.Болорчулуун: Эдийн засгийн байнгын хороогоор орсонгүй. Төсвийн байнгын хороогоор ороод авлигын хэргийг өршөөж болохгүй гэснийг гишүүд дэмжээгүй. Ээлжит бус чуулган зарлаад үүнийг яаралтай батлах гэж улайрч байна.
Ё.Отгонбаяр: Эдийн засгийн өршөөлд авлигын хууль зарлах хэрэггүй. Ямар учраас ээлжит бус зарлан яаран сандраад авлигачдыг өршөөх гээд байгаа юм бэ? Бүлэг хулгайч нар шиг өөрсдийгөө харагдуулах ямар хэрэг байна. Авлигын эсрэг хуулийг өршөөлд хамруулах юм бол АТГ-ыг татан буулгавал яасан юм бэ. Шалгах хэрэг байхгүй болчи хоор тэр хүмүүс нэг өндөр цалин аваад суугаад байх шаардлага байгаа юм уу. Б.Болорчулуун гишүүнийн байнгын хороонд гаргасан саналыг дэмжээч гэж хэлмээр байна.
Д.Дорлигжав: Энэ бол Засгийн газрын санаачлагаар орж ирж байгаа хууль биш. Авлигын гэдэг бол АТГ-аас шалгадаг бүх хэргээс мулталж байгаа юм биш. Хөрөнгө оруулалтаа нуусантай холбоотойгоор үүсдэг асуудлыг оруулж ирсэн юм. Авлигачдыг өршөөх гээгүй.
О.САР