Э.Сумъяадаа амжилт хүсье, үзүүлээд өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Э.Сумъяадаа амжилт хүсье, үзүүлээд өгөөрэй

Э.Сумъяадаа амжилт хүсье, үзүүлээд өгөөрэй

Эх орныхоо нэрийг олимпийн дэвжээнээ цуурайтуулж, тив дэлхийн тэмцээнээс медалийн хур буулган, олон шилдэг тамирчныг төрүүлсэн спорт бол яах аргагүй Монголын чөлөөт бөх. Амжилт гаргавал нь баярлаж, ялагдвал туньж, баяр, гунигийг нь хуваалцаж ирсэн монголчуудын хувьд Казахстан улсад есдүгээр сарын 19-нд товлогдсон “Нур-Султан-2019” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн их анхаарал татаад байна.

Уг тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн 20 гаруй тамирчин, дасгалжуулагчийнхаа хамтаар өнөөдөр /2019.09.12/ эх орноосоо мордлоо. Тэдний дунд тамирчин Э.Сумъяа бий. Түүнд Чөлөөт бөхийн холбоо нь 2020 оны Токиогийн олимпт 53 кг-ын жинд өрсөлдөх эрх авах хариуцлагатай үүргийг энэхүү тэмцээнээр ногдуулсан юм.

Хэдийгээр энэ жинд анх чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалаг өрсөлдөх эрхийг Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ын жинд өрсөлдөн түрүүлснээр олж авсан ч холбооны шийдвэрээр өөрчлөгдөж, олон улсын хэмжээний мастер, тамирчин Э.Сумъяад ногдуулсан тухай маргаан өрнөсөн ч эрүүл мэндийн шалтгаанаар өнжихөөс аргагүй болсон байдаг.

Монголын чөлөөт бөхийн холбоо дээрх шийдвэрийг гаргахдаа М.Пүрэвтунгалагийн эрүүл мэндийн асуудлыг харгалзан үзсэн төдийгүй тэднийг хооронд нь барилдуулахад тооны харьцаа 30:0 гарсан нь Э.Сумъяа барилдааны хувьд илүүрхэж, цэвэр ялсан байдаг.

Гэтэл тэмцээн болоход ердөө арав хоног дутуу байхад М.Пүрэвтунгалагийн эцэг, эх “Э.Сумъяаг “Нур-Султан-2019” тэмцээнд оролцуулбал амиа хорлоно” гэж мэдэгдэл хийсэн нь үнэндээ бол Э.Сумъяад сэтгэл зүйн хувьд маш том цохилт өгсөн нь мэдээж… Хүүхдээ өмөөрөх нь эцэг, эхийн  зөв ч амь насаа егүүтгэнэ зэргээр сүрдүүлэх нь тэнэглэл юм. Энэ үйл явдал сургамж үлдээсэн байгаасай гэж найдъя. Спорт бол багийн тоглолт. Нэг тамирчны асуудлаа ойлгуулж чадаагүйн уршиг, нөгөө талдаа спортын эмч нар чадах ядахаараа эмчилсээр байтал хатиг дахив уу, эсвэл энэ салбарын эмч нарын ур чадвар дутав уу. Яагаад М.Пүрэвтунгалагийн хатиг эмчлэгдсэнгүй вэ гэдэг асуудал ч сөхөгдөх учиртай.

Гэхдээ одоо монголчууд Э.Сумъяаг уг маргаан сэтгэл зүйн том сорилт байлаа гэж тооцоод тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч байна. Үзүүлээд өгөөрэй.

Жилийн өмнө болсон “Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа оролцохдоо гялалзсан амжилтыг үзүүлж, хүрэл медальтай эх орондоо ирж байсан тэрхүү үйл явдал өчигдөрхөн болсон мэт тодхон санагдаж байна.

Энэ тэмцээнд тэрбээр тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, 1/4 шигшээд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялж, хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны хашир туршлагатай бөх Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Шин Хиг цэвэр ялж байсныг монголчууд мартаагүй.

Амжилт хүсье, Э.Сумъяадаа. Үзүүлээд өгдөг юм шүү. Монголын мянга, мянган хөгжөөн дэмжигчид дээлийн тань захыг мушгин амжилт ерөөн үдлээ.

“Нур-Султан-2019” тэмцээнд оролцохоор мордсон бүх тамирчиддаа амжилт хүсье.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж