Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-д 2019 оны 09 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Дэлхийн эрчим хүчний XXIV конгресс”-д оролцож байна.
Тэрээр дэлхийн эрчим хүчний сайд нарын хэлэлцүүлэгт оролцож, эрчим хүчний шилжилтийн нөлөө, бодлого (эрчим хүчний аюулгүй байдал, хүртээмжтэй байдал, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны нөлөө, НҮБ-ын тогтвортой хөгжлийн асуудлууд) болон эрчим хүчний бодлогыг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл (бүс нутгийн зах зээлийн интеграци, технологи, байгаль орчны зорилт) зэрэг асуудлуудаар санал бодлоо илэрхийлэв.
Дэлхийн эрчим хүчний конгресс нь 150 гаруй улс орны төлөөлөл оролцож буй дэлхийн эрчим хүчний хамгийн том нөлөө бүхий арга хэмжээ юм. Дэлхийн эрчим хүчний зөвлөл нь 1924 оноос хойш дэлхийн эрчим хүчний конгрессыг зохион байгуулж байгаа бөгөөд конгресс нь эрчим хүчний сайд нар, гүйцэтгэх удирдлагууд, бодлого боловсруулагч, салбарын мэргэжилтнүүдийн дунд дэлхийн улс орнуудын эрчим хүчний салбарын асуудлууд, өөрчлөлтүүд, шийдлийг хэлэлцэх, чиг хандлагыг тодорхойлдог дэлхийн тэргүүлэх арга хэмжээ юм. 90 жилийн түүхтэй энэхүү их хурал нь дэлхийн 20 гаруй хотуудад зохион байгуулагдаж ирсэн бөгөөд дэлхийн “Эрчим хүчний XXIVконгресс” нь АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулагдаж байна.
Тус хуралдааны үеэр дэлхийн эрчим хүчний 250 гаруй шилдэг удирдагч нар болон 15,000 гаруй олон улсын эрчим хүчний хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бөгөөд дэлхийн 70 гаруй орны эрчим хүчний сайд нарын уулзалт, хэлэлцүүлэг болж байна.