Элсэгчгүй ч төлбөрөө нэмнэ

Хуучирсан мэдээ: 2015.08.06-нд нийтлэгдсэн

Элсэгчгүй ч төлбөрөө нэмнэ

Хувийн сургуулиудын ирээдүй бүрхэг тийшээ хазайжээ. Учир нь энэ жил Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо ердөө л 19 мянга дээр тогтоно. Энэ нь өмнөх жилээс даруй 50 хувиар буурсан тоо юм. Үүн дээр бяцхан тооцоо хийе. Улсын сургуулиудын элсэгч хүлээн авах тоог харуулъя.

МУИС-3500

МУБИС-2500

СУИС-1000

ШУТИС-3980

ХААИС-1600

ХААИС-ийн Дарханы салбар-200

ХСИС-435

АШУҮИС-1400

БХИС-270

Тээврийн дээд сургууль-250

Ховд их сургууль-350

Эдгээр сургууль нийлээд л нийт элсэгчдийн 80 хувийг хамаад явчихна. Үлдсэн 20 хувь дээр нь хувийн их, дээд сургуулиуд “тоглолт” хийнэ гэсэн үг. Гэхдээ хувийн сургууль дотроо бас давхаргатай. Сургалтын орчин, бааз, нэр хүндээрээ ялгардаг сургуулиуд нь үлдсэн 20 хувийн ихэнхийг нь хамаад алга болохыг ч үгүйсгэхгүй.


“ТЭД ЮУ ХЭЛЭВ?”

-Инфляцийн түвшинтэй уялдуулж төлбөрөө нэмнэ-

“Чингис хаан дээд сургууль” гэх сүрдэм хаягтай өндөр байрыг зорив. Сургууль нам жим. Засвар хийж байгаа бололтой, эргэн тойрон эл хуль.  Коридорын хажуугийн өрөөнд жижүүр эмэгтэй л сууна. Тэрбээр “Бүртгэл, элсэлт гэсэн юм яриагүй. Хүн ирэхгүй, нам жим л байна” гэв.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг зорив. Өмнөхийг бодвол арай хөл хөдөлгөөнтэй угтана. “Манай сургуулийн хувьд өнгөрсөн хавраас эхлээд бүртгэлээ онлайнаар явуулсан. ЭЕШ-ын дараагаас дахин элсэлтийн бүртгэлээ эхэлсэн юм. Мэдээж хаа сайгүй хямралтай учраас элсэгчдийн хувь өмнөхөөс багассан. Гэхдээ хүнд нөхцөл үүсэх хэмжээний элсэгчгүй болсон зүйл байхгүй” хэмээн тус сургуулийн тэнхмийн эрхлэгч С.Эрдэнэтуул хэлэв. Тус сургуулийн хувьд БСШУЯ-наас гаргасны дагуу босго оноогоо 400-гаар тогтжээ.

Хүмүүнлэгийн сургуулийн хувьд энэ жил сургалтын төлбөрийг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоохоор болжээ. Дунджаар найм орчим хувиар сургалтын төлбөрөө нэмэх талаар ярьсан гэв.

“Этүгэн” дээд сургуулийг зорив. Энэ сургуулийн хувьд жилд 700 хүүхэд хүлээн авдаг. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил элсэгч бага байгаа талаар мөн л дурьдав. Нийт элсэгчдийнхээ 90 хувьд хүрэхтэй үгүйтэй байгаа хэмээн тус сургуулийн зөвлөх С.Нямзагд мэдээлсэн юм. Гэхдээ сургуулийн үйл ажиллагааг доголдуулах хэмжээнд хүрээгүй гэдгийг онцлов. “Этүгэн” дээд сургуулийн хувьд сургалтын төлбөрийн эцсийн шийдвэр гараагүй гэв. Наймдугаар сарын 20-ноос хойш хэдэн хувиар нэмэгдэх эсэх нь тодорхой болох аж.

“Газарчин” дээд сургуулийн хувьд элсэлтийнхээ 50 хувьд л шүргэж байгааг дуулгав. Жилдээ 400 оюутан элсүүлдэг тус сургуулийн төлбөрийн дундаж хэмжээ 1 400 000 юм. Энэ жил элсэгч бага учраас төлбөр нэмэх асуудал хараахан яригдаагүй хэмээн “Газарчин” дээд сургуулийн сургалтын албаны дарга Д.Наранзул мэдээлсэн юм. Энэ жилийн хувьд элсэгч бага учраас оюутнууддаа аль болох төлбөрийн уян хатан бодлого явуулна гэдгээ хэлэв.

“Отгонтэнгэр” дээд сургуулийн хувьд жилд 500 элсэгч авдаг. Гэтэл энэ жил 350 хүрвэл их юм болоод байна. Хэдийгээр элсэгч багатай ч сургалтын төлбөр нэмэгдэх нь тодорхой болжээ. Инфляцийн түвшинтэй уялдуулаад 10 орчим хувиар төлбөрөө нэмэх шийдвэр гаргасан талаар тус сургуулийн захирлын туслах Б.Солонго мэдээлсэн юм.


Ийнхүү хувийн их, дээд сургуулийн төлөөлөл болсон хэдэн газраар ороход нэг ийм байдалтай угтав. Зарим сургуулийн хувьд хямралын үед баримтлах хөтөлбөрийг хүртэл боловсруулжээ. Ийнхүү элсэгч тааруу, квотондоо хүрэхгүй гээд зовлонг тэд хэлсэн ч “инфляцийн түвшинтэй уялдуулна” гэх тайлбартайгаар сургалтын төлбөр энэ жил мөн л нэмэгдэх нь ээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж