Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 3

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 3

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(ПАТЕРНАЛИЗМ БУЮУ ИВЭЭГЧДИЙН НИЙГЭМ)

Өнөөгийн Америк юм уу Европын орнуудад төдий л их биш, харин ази маягийн нийгэмд түгээмэл харагддаг үзэгдэл бол патернализм. Энэ бол хэн нэгэн нь бусдынхаа хариуцлагыг булаан авч, өмнөөс нь үүргийг нь гүйцэтгэж байдгаас тэднийг өөрөөсөө хараат байдалд оруулж, ивээлдээ авах үзэгдэл (Айн Рэндийн Сайтар эргэцүүл! жүжигт гардаг даа, Брекенриж хэмээх бүхнийг ивээж, тэтгэж, харж үзсэнээрээ бүгдийг эрхшээлдээ байлгадаг баян эрхэм шиг).

Монгол дахь патернализм түүх, соёлын гүн гүнзгий учир шалтгаантай.

Насны ялгаа  буюу насаар ах байна гэдэг бол Монголд том ололт, давуу тал. Тэд ахмадаараа далимдуулж, үргэлж өөрсдөдөө ашигтай сургаал айлдана, залуусыг аль болох эрхшээлдээ байлгах далд санаа агуулна. Насны ялгаа нь зөв буруу, үнэн худлыг тогтоох шалгуур болдог. Насны зөрүүтэй хоёр хүн маргалдахад ахмадынх нь буруу байсан ч зөв, залуугийнх нь зөв байсан ч буруу, настайгийнх нь худал байсан ч үнэн, нөгөөгийнх нь үнэн байсан ч худал болж таардаг.

Ийм давуу тал эрх мэдэлтэй болон мөнгөтэй хүмүүст мөн олгогдоно. Мөнгөтэй юм уу эрх мэдэлтэй байх юм бол ёс суртахууны асуудал дээр төдийгүй хууль шүүхийн шатанд ямагт ялалт байгуулдаг. Монголын шүүх эдгээр хүмүүсийн талд улайн цайм үйлчилнэ. Албан тушаалтантай заргалдах нь зүгээр л “хоолноосоо сална” гэсэн үг.

Ерөөсөө, патерналист нийгэмд нас, хүйс, мөнгө, албан тушаал асуудлыг шийдэх үндсэн шалгуур болдог. Н.А.Бердяевийн “евро-ази менталитет” хэмээн нэрлэсэн ийм психологитой нийгэмд патерналистууд залуус, ядуус, албан тушаалгүй хүмүүсээ ямагт дээрээс нь харж харьцана. Нэг л зааварлангуй, нигүүлсэнгүй, өршөөнгүй байдлаар. Албан тушаалгүй, хөрөнгө мөнгөгүй, насаар залуу хүн өөрийн санаснаар явах гэвэл ёс суртахуун, зан заншил, бүр зарим тохиолдолд хуулийн хувьд ч хавчигдаж мэднэ. Хүн, хүнтэйгээ хүнийх нь хувьд харьцахаа больчихдог тул бүгд ямар нэг хэмжээгээр хуурмаглалд автаж, хоосон дүр үзүүлцгээнэ.

Патернализм яагаад амь бөхтэй оршдог шалтгааныг Айн Рэндийн Сайтар эргэцүүл! жүжигт үнэхээр ойлгомжтой харуулсан. Харвэй Флемингийн үг: “Хэрвээ хүнийг бүр мөсөн дуусгамаар байвал түүнээс бүх ачаа, зорилгыг нь булаагаад авчих!”. Биллигийн үг: “Хүн өөрийгөө болгодог байна гэдэг маш чухал. Дандаа бусдаар туслуулдаг нэгэн болно гэдэг үнэхээр гутамшигтай.” Тони Годдардын үг: “Таны эсрэг дайсан чинь босоод ирвэл та тэмцэж чадна. Харин тус болсон хүнийхээ эсрэг босвол өөрийгөө тус мэддэггүй, өөдгүй амьтан гэж үзэх болно” (та ачтанаасаа мөнхөд хараат байх ёстой). Дахиад Биллигийн үг: “Туслагчид тусламж авагч хэрэгтэй. Хүн бүр биеэ даасан, бусдаас хамааралгүй байвал туслагч хэцүүднэ биз дээ” (Энэ бүх үгийг Welfare State буюу Халамжийн төрд хамааруулж бүрэн болно).

Ингээд харахаар патерналист нийгэмд ивээгчид нь тэтгүүлэгчдэдээ бүх зүйлийг өгөх боловч ганцхан зүйлийг эс өгдөг, тэр нь эрх чөлөө.

Тэтгүүлэгчид эцэстээ яг ийм л байдалд ордог

Зурган дээр байгаа шиг ийм орчинд өссөн хүн либертари үзлийг хэрхэн хүлээн авах нь ойлгомжтой.

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж