Apple үнийн хямдралаар сюрприз барилаа

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Apple үнийн хямдралаар сюрприз барилаа

Apple үнийн хямдралаар сюрприз барилаа

Apple Inc мягмар гарагт олон нийтэд хамгийн санаанд оромгүй бэлэг болгосон зүйл бол шинэ  технологи, дивайс, үйлчилгээний аль нь ч биш, үнийн шинэ стратеги байлаа. Тус компанийн iPhone 11 загвар 699 ам.доллараас эхэлж буй нь 2018 оны iPhone XR-ийнх 749 ам.доллараас эхэлж байсантай харьцуулахад харьцангуй доошилсон үнэ болов. XR загварын үнэ 599 ам.долларын түвшинд хүрч буурсан нь ердөө жилийн өмнөх загвар 150 ам.доллараар хямдарсан гэсэн үг юм. Урьд нь iPhone-ын үнэ ганц жилийн дотор ингэж огцом хямдарч байсан удаагүй.

“Apple-ын танилцуулах арга хэмжээний гол сонин нь iPhone 11-гийн үнэ доогуур байгаа явдал” хэмээн Raymond James & Associattes-ын аналист Крис Касо хөрөнгө оруулагчдадаа хандан хэллээ. Энэ удаагийн үнийн жишгийг “Apple жилийн өмнө бүтээгдэхүүнийхээ үнийг хэт өндөр тогтоосноо зөвшөөрсний илрэл гэж ойлговол зохино” хэмээн тэрбээр тайлбарлав.

Бүр 2017 онд гарсан iPhone 8 загвар өдгөө 449 ам.доллар болж байгаа нь бас л 150 ам.доллараар буусан үзүүлэлт. Мөн онд худалдаанд гарсан Apple Watch Series 3 загвар 279 ам.доллараас 199 боллоо. Ийм үнэ Fitbit Inc-ийн ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд тустай. Өргөн хэрэглээний инновацлаг цахим бүтээгдэхүүний дизайн хийцийн тал дээр Apple нь дэлхийн шилдэг компанийн нэг. Гэсэн хэдий ч тус компани цагтаа их эрэлттэй байсан iPhone-ын борлуулалтыг хадгалж үлдэхийн тулд хүчээ дайчилсаар. Өрнөдийн болон Хятадын хэрэглэгчид шинэ технологийн хувьсгал бүхий орлуулах арай хямд загвар ховор гарч буйгаас одоо хэрэглэж байгаа ухаалаг утсаа шинэчлэх сонирхолгүй болжээ. ICD-гийн судлаачдын тооцоог үзвэл энэ онд шинэ утасны нийлүүлэлт гурав дахь жилдээ буурч, 2.2 хувиар багасах төлөвтэй байна. Харин iPhone-ын нийлүүлэлтийг бүр 15 хувиар унана хэмээн шинжээчид таамаглав.

Цар хүрээ нь ихэссээр байгаа дижитал үйлчилгээндээ шинэ үйлчлүүлэгчдийг ахиу хамруулангаа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах нь зарим хэрэглэгч хуучин ухаалаг утсаа iPhone-оор шинэчилж солих магадлалыг ихэсгэнэ. Apple-ын хувьцаа мягмар гарагт Нью-Йоркт 1.2 хувиар дээшилж 216.70 ам.доллар болсон нь 11 дүгээр сараас хойш тохиолдоогүй өсөлт болов.

“Харьцангуй хямд дивайс худалдаж авсан олон хэрэглэгч яваандаа Apple-ын үйлчилгээнд шилжих байх” хэмээн IDC-гийн судалгааны менежер Житеш Убрани үзлээ. “Техник хангамжтай холбоотой иймэрхүү үзэгдэл урьд нь гарч байсан. Хүн iPhone худалдаж авсан л бол iPad юм уу AirPods авах магадлал ихэсдэг” хэмээн тэрбээр тайлбарласан юм.

Гэхдээ үйлдвэрлэж буй цахим төхөөрөмж, шинэ үйлчилгээний хооронд ийм уялдаа үүсгэх нь Apple-д хялбар бус. Учир нь дижитал үйлчилгээ эрхлэгчид одоо ч асар олон төдийгүй үйлчилгээ нь iPhone зэрэг Appleын бүтээгдэхүүнтэй хангалттай нийцэж ажилладгийг Убрани анхааруулав.

Энэхүү бэрхшээлийг Apple мөн л үнийн түрэмгий бодлогоор шийдэх бололтой. Apple Arcade видео тоглоомын үйлчилгээний сарын төлбөр Apple Music, Apple News+ үйлчилгээний төлбөрийн яг хагас буюу ердөө 4.99 ам.доллар. Apple удахгүй нэвтрүүлэх TV+ видео стриминг  үйлчилгээнээсээ сард 4.99 ам.долларын төлбөр авах гэж байгаа нь ихэнх шинжээчдийн хувьд гайхмаар зүйл. Apple TV+ нь Netflix Inc, Amazon.com Inc-ийн Prime Video, Disney+ үйлчилгээнд халгаатай. Apple-ын iPhone, iPad, Mac компьютер юм уу Apple TV худалдаж авсан хэрэглэгч TV+ үйлчилгээг жилийн турш үнэгүй ашиглана гэдгийг гүйцэтгэх захирал Тим Кук мэдэгдлээ.

TV+ үйлчилгээг “шоу сүйрүүлэгч” хэмээн тодорхойлсон Wedbush Securitiesийн шинжээч Дэн Ив хямд үнэ нь Apple-ын үйлчилгээ захиалагчдын тоог өсгөж өгөх сайн талтай хэмээн үзэж байна.

“Нийт 900 сая iPhone идэвхтэй хэрэглэгчийн бааз-суурь нь Cook & Co-д ойрын 3-4 жилийн дотор стриминг үйлчилгээний салбарт 100 сая хэрэглэгчийг талдаа татах боломж олгоно” хэмээн Ив хөрөнгө оруулагч нарт хандсан тайлбартаа бичжээ.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж