Ганц цэцнээс 76 тэнэг дээр

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Ганц цэцнээс 76 тэнэг дээр

Ганц цэцнээс 76 тэнэг дээр

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо танхимдаа халаа, сэлгээ оруулж, 13 сайдаа өөрчилж, мөн Либерал ардчилсан намынхаа удирдлагын бүрэлдэхүүнийг сольжээ. Япон бол Гүйцэтгэх эрх мэдэл нь том, Ерөнхий сайд нь танхимаа мэддэг, шүүх засаглал нь парламент болон Засгийн газраасаа хараат бус бие даасан үндсэн хуульт улс. Харин Монголд өөр. “Тохиролцоо”-ны Засгийн газартай, Засгийн газар нь зуун хувь давхар дээлтэй, Ерөнхийлөгчийн оролцоо их, шүүх засаглал нь нэгдүгээр хүнээс шууд хамааралтай, саармаг тогтолцоотой.

Хамгийн сүүлд гэхэд Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах кноп дарсан МАН-ын гишүүд ЖДҮХС-гаас жигд хүртээмжтэйгээр зээл авсан хэрэг тохиролцооны Засгийн газрын болоод тогтолцооны гажуудлын тод жишээ. Үндсэндээ, У.Хүрэлсүхийн засаг Ерөнхийлөгчийн “хараат”, Г.Занданшатарын УИХ бүрэн барьцаатай байгаа нь саармаг тогтолцооны алдаа. Энэ алдаа завхралыг засахын тулд Ардын намын үнэмлэхүй олонх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр бүтэн зунжин ажиллаж, ард түмнээсээ санал асуухаар УИХ өчигдөр /2019.09.11/ ёсчилсон.

Тэгэхээр том хаантай болох уу эсвэл тогтолцоогоо боловсронгуй болгох уу гэдгийг эцэст нь ард түмэн шийдэхээр болж байна. Харамсалтай нь, ямбыг нь эдэлж яваа Ардын нам ялыг нь ард түмэнд үүрүүлэхээр болсон нь энэ юм.  

Хоёр туулай хөөж, гучин жил хямарсан тогтолцоогоо өөрчлөх, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, ардчиллаа, үг хэлэх эрх чөлөөгөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоо авч үлдэх эсэх эгзэгтэй, хариуцлагатай мөч  бидний өмнө байна гэсэн үг. Товчхондоо, Монгол Улс өмнө нь тусгаар тогтносон улс байх эсэхээ бүх ард түмнээсээ асууж байсан бол эхоёр дахь удаагаа бүх ард түмнээсээ тусгаар улсаа хамгаалж үлдэх эсэхийг асууна.

УИХ угаасаа нэр хүнд муутай. Дээр нь МАН-ын үнэмлэхүй олонхын боов, шоов, жаран тэрбум, ЖДҮ-гийн хэрэг явдал Монголын парламентыг бүр шавар шавхайтай нь хутгасан. Гэвч, Д.Гантулгын хүчингийн хэрэг, Д.Муратын “боов шоов”-ны хэрүүл, ЖДҮ-чид, жаран тэрбумчдын томоохон хулгай, луйвар тогтолцооны гажуудлаас гадна хувь хүний өөрсдийнх нь ёс зүйн асуудал. Тэр тусмаа тогтолцооны гажуудлаас болоод Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон гэвэл хүүхэд ч үүнд итгэхгүй биз. Хүүхэмсэг зангаасаа болоод Д.Гантулга өөрөө ширээн дээрээс унасан. Давхар парламентын нэрийг баастсан. Харин тогтолцооны гажуудал нь ЖДҮ, жаран тэрбумын хэрэг хийгээд өөрсдийнхөө ЖДҮ-чидтэй хариуцлага тооцож чадахгүй дүлэгнэж байгаа У.Хүрэлсүхий нам,  барьцаатай, бөлдөгтэй УИХ мөнөөсөө мөн.

Нөгөө талаар, Монголын парламент муу гэвэл, тэнд бас сонгогчдын буруу ч бий. Гурил будаа, сав суулга, арав, таван цааснаас сонголтоо, саналаа арилжаалдаггүй, ядахнаа л Жүдогийн Сумъяа, чөлөөтийн Сумъяагаа ялгаж мэддэг бол  “бөх бол төр” байхгүй  байлаа. Даанч, монголчуудын тэн хагас нь хар масс. Хар масс  бол цагаан цаас нь үнэн. Цагаан цаасан дээр "Ерөнхийлөгчийн засаглал мандутгай" гэж бичих амархан биз. Харин энэхүү санал асуулгад ардчилал, эрх чөлөөндөө хайртай бүхэн оролцож, оролцоогоороо парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй болжээ.

Ардын намын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард түмнээс санал асуулга явуулахаар шийдсэнээрээ одоо тэд “орших уу, эс орших уу”-гаа шийдэх ёстой болж байна, бас.  ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцэх үед намын дарга У.Хүрэлсүх чуулганы танхимд  бараагаа ч харуулаагүй. Энэ нь  улс төрийн шалтгаантай байв уу, дарамттай байсан уу гэдгийг мэдэхгүй. Гэвч, тэр өөрөө парламентын засаглалын дэмжинэ гэдгээ аль эрт ард түмэндээ зарласан билээ.

Ямартай ч, улс төр, эдийн засагт реформ хийх том амлалт авсан Ардын намын дарга, ордны хананд зургаа өлгөх биш, түүхэнд нэрээ “сийлэх” асар том амбицтай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мөрөөдөл лав талаар өнгөрөх нь. Түүнд одоо жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Тэгээд ч түүхэнд нэрээ үлдээх гол боломжоо ард түмнээс асуухаар шийдчихлээ.

Хэрэв ард түмний санал асуулгаар ҮХНӨ унавал Ардын нам парламенттайгаа хамт унана. У.Хүрэлсүхийн засаг огцорно. Улс орны ирээдүйд эрсдэл үүснэ. Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал ч яригдана. Тиймээс МАН-ынхан АН-тай  яг одоо гар барихгүй бол Монголын нэн шинэ түүхээс  тэд адилхан арчигдаж мэднэ. Тэгээд ч Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд Х.Баттулга ялна гэж хэн хэлсэн юм бэ. Манай попын хаан Ж.Батзандан жинхэнээсээ “хаан” болбол яах вэ.  Сүүлийн үеийн “Сант Марал”-ын судалгаагаар топ 10 улстөрчийн тоонд байнга багтаж яваа хүн шүү дээ.

Тиймээс ганц цэцнээс 76 тэнэг дээр. Аравдугаар сарын 30, 31 бол монголчуудын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах, эрх чөлөөтэйгөө үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай өдрүүд юм. Арав таван цаасаар саналаа худалддаг шигээ  хариуцлагагүй, хайнга хандвал ард нь авторитори дэглэм, ШХАБ хүлээж байгааг сана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж