"Чинээлэг малчин" хөтөлбөр хэрэгжсэнээр малчид орлоготой болно

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

"Чинээлэг малчин" хөтөлбөр хэрэгжсэнээр малчид орлоготой болно

"Чинээлэг малчин" хөтөлбөр хэрэгжсэнээр малчид орлоготой болно

“Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллагаас “Чинээлэг малчин” хөтөлбөрийг эхлүүлж байгаа талаар өнөөдөр /2019.09.12/  мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид Говьсүмбэр аймгийн малчдад хэрхэн богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиг шимийг нэмэгдүүлж орлогоо өсгөх талаар сургалт явуулсан байна. Мөн илүү нугаламтай сайн чанарын барга, үзэмчин хургыг бүх малчин өрхөд олгожээ.


АШИГ ШИМ БҮХИЙ ҮҮЛДРИЙН ЭМ ХОНИНООС БҮРДСЭН ЭХ СҮРГИЙГ БИЙ БОЛГОНО

 “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Л.Одсэр энэ хөтөлбөр зөвхөн малчин өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй, цөлжилт доройтолд нэрвэгдээд буй бэлчээрийг хамгаалж, өөрөөр нь сэргээх зорилготойг онцоллоо. Тэрбээр “Бид хөдөлмөрөө хөнгөвчлөн зардлаа багасган эрсдэл багатай илүү ашиг орлоготойгоор ажиллах боломж бидэнд бий. Ингэхдээ нүүдэлчин ахуй соёлоо хадгалан бэлчээрийн аж ахуйдаа суурилж жинхэнэ утгаар үйлдвэрлэл эрхэлж өөрсдийнхөө төлөө гэр бүлийнхээ төлөө баян чинээлэг амьдрах боломж бидэнд байна. Монгол орны цаг уур, өвс,ургамал орчин нөхцөлд хамгийн сайн дасан зохицсон хамгийн их махны ашиг шим бүхий үүлдрийн эм хониноос бүрдсэн эх сүргийг бий болгоно. Нэг малчин өрх хамгийн ихдээ ойролцоогоор 500 эм хонь бүхий эх сураг 200-300 ямаа, 50 адуу, 50 үхэртэй байхаар тооцъё. Энэ нь өрхийн бизнесээ эхлүүлэхэд тохирсон боломжтой тооны мал сүрэг гэж тооцож байгаа юм. Бид энэ удаад зөвхөн Хонь дэд хөтөлбөрийг танилцуулж буй учраас хонин сүрэгт суурилан бизнес загварыг танилцуулж байна. Эх сүрэг мэдээж 100-500 хооронд байх бөгөөд сонголтыг тухайн өрх өөрөө хийнэ. Хэдийгээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хамгийн эхний загвар аймаг нь Говьсүмбэр болж байгаа ч цаашид бүх аймаг, бүх малчинд  хүргэнэ” гэлээ.

Тус төрийн бус байгууллага эхний ээлжинд “Хонь” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ зөвхөн нас гүйцсэн эр хонь дээр жишээ авахад ашиг шимийг нь хүртэхийн тулд наад тал нь таван жил маллах шаардлагатай. Энэ хугацаанд тухайн малыг маллах, тэжээх зардал зах зээл дэх эр хонины үнээс илүү гардгийг судалгаагаар тогтоосон. Монгол омгийн хонины 7-8 сартай хурганы гулуузны жин дунджаар 11-12 кг байдаг харин энэ байдлыг “Чинээлэг малчин” хөтөлбөрөөр өөрчлөхөөр зорьж байгаа аж. Жишээ нь, хургыг 8-9 сар маллаад зах зээлд нийлүүлэх замаар богино эргэлттэй, ашигтай хувилбарыг малчдад танилцуулах юм. Өөрөөр хэлбэл, олон малыг олон жил өнжөөж маллахгүй аж.

Олон улсын стандартаар хурганы мах зөөлөн, уураг ихтэй, олон жил маллаагүй учраас хур өөх байхгүй, цэвэр махны гарц их байдаг аж. Тиймээс хонины махнаас илүү үнэтэй зарагддаг. Гол нь манайхаас хурганы мах авах сонирхолтой худалдан авагчид гулууз нь 15 кг-аас дээш байх шаардлага тавьдаг байна. Гэтэл монгол омгийн хонины 7-8 сартай хурганы гулуузны жин дунджаар 11-12 кг байдаг учраас энэ шаардлагыг хангадаггүй гэнэ. Харин Иран, АНЭУ зэрэг орон болон лалын бусад улс манайхаас хурганы мах авах сонирхолтой аж. Монгол орны бэлчээр, цаг уурт тохирсон нутгийн хамгийн өндөр махны гарц бүхий үүлдрээр хонио сайжруулж, хаврын тарчиг үед нэмэлт тэжээл өгвөл манай хурганы мах 20-25 кг татах боломжтойг туршилт судалгаагаар тогтоосон юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж