Завхан аймаг хатуу бяслагийн загвар үйлдвэртэй болно | News.MN

Завхан аймаг хатуу бяслагийн загвар үйлдвэртэй болно

Завхан аймаг хатуу бяслагийн загвар үйлдвэртэй болно

Бүгд найрамдах Чех Улсын /БНЧУ/ Засгийн газрын албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд тус улсын Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамны санхүүжилтээр “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөлд олгож буй сүүний сав, цөцгий ялгагч гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.09.12/ боллоо. 

Тодруулбал, "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх" нь буюу  АДРА Монгол олон улсын байгууллагын төсөл нь Завхан аймгийн Идэр суманд хэрэгжиж байгаа  бөгөөд экспортын чиглэлийн хатуу бяслагийн загвар үйлдвэр байгуулах, сүү нийлүүлэх тогтолцоо бүрдүүлэх замаар орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. 

Уг төслийн хүрээнд малчин өрхүүд бяслагийн үйлдвэрт сүүгээ нийлүүлэх, түүнийгээ хадгалах, тээвэрлэхэд нь туслах зорилгоор Улаанбаатар хот дахь БНЧУ-ын Элчин сайдын яам болон АДРА Монгол олон улсын байгууллага хамтран стандартын шаардлага хангасан 62 ширхэг зэвэрдэггүй сүүний  ган сав, зургаан ширхэг цөцгий ялгагчийг дээр дурдсан бяслагийн үйлдвэрт сүү нийлүүлэх малчдад олгож байгаа нь энэ юм.

Энэ үеэр  АДРА олон улсын байгууллагын Азийн бүсийн дарга Марк Вэбстер “АДРА олон улсын байгууллага дэлхийн 130 улсад үйл ажиллагаа явуулдаг. Монгол дахь АДРА олон улсын суурин төлөөлөгчийн газар нь 25 дахь жилдээ ажиллаж байна. Бид боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийг дэмжих, гамшгийн менежмент зэрэг чиглэлээр ажилладаг. Өнөөдрийн байдлаар АДРА Монгол олон улсын байгууллага нь “Органик хөдөө аж ахуйн түншлэл”, “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь”, “Тогтвортой газар тариалан ба эдийн засгийн хөгжил” гэсэн үндсэн гурван төслийг хэрэгжүүлж байна. Би Завхан аймгийн Идэр сумд очиж хатуу бяслагийн үйлдвэрийн барилгын үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Барилгын ажил урагштай байна. Мэдээж алслагдсан бүс нутагт үйлдвэр барихад их, бага хэмжээний бэрхшээл тулгардаг. Гэсэн ч олон бэрхшээлийг хамтдаа давж байгаа БНЧУ-ын Элчин сайдын яам болон монголын талдаа талархаж байна. Эдгээр зэвэрдэггүй сүүний ган сав болон цөцгий ялгагч нь монголын малчдад маш том хөрөнгө оруулалт болно  гэж найдаж байна” гэв.

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский “Манай хоёр улс 1990 оноос өмнө болон хойно бүхий л үед хамтарч ажиллаж ирсэн бөгөөд хөдөө аж ахуйн чиглэлд илүүтэй хамтарч ажиллаж том болон жижиг хэмжээний олон  төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Чех Улсын компаниуд монголын хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг. Тиймээс есдүгээр сарын 29-нд Чех улсаас том бүрэлдэхүүнтэй бизнесийн бага Монголд ирж хөрөнгө оруулалт болон бусад зүйлсийн талаар хэлэлцэнэ” гэв.

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болно гэсэн томоохон зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа. Нөөц бололцоондоо тулгуурлаад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг сум бүртээ байгуулах зорилготой. Энэ жил Завхан аймагт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болсон. Энэ үеэр сумдад хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүстэй санамж бичигт гарын үсэг зурсан. Нийтдээ 80 гаруй төсөл хэрэгжихээр болсны нэгээхэн хэсэг нь “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөл юм. Энэ төслийг цагаа олсон маш чухал төсөл гэж харж байна. АДРА олон улсын байгууллагын зүгээс бүх талаас нь дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагааны үр дүнд Завхан аймаг үйлдвэрлэгч аймаг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр дундаа Завхан аймгийн Идэр сум экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэртэй болно гэдэгт итгэж байна” гэв. Улмаар БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский АДРА Монгол олон улсын байгууллагын Cүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх төслийн менежер Г.Мөнх-Эрдэнэд батламж олгосон юм.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-12 202.55.188.43

Бнчу-н Эся-нд талархал илэрхийлье. Болж байна. Мѳнгѳ биш технологи болон тѳхѳѳрѳмж ѳгѳх нь илүү ирээдүйтэй. Цаашлаад малчдыг нь авч яваад барууны оронд мэргэжил дээшлүүлж, дадлагажуулж ѳгвѳл бүр л оновчтой болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж