Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ сарын 17-нд “Илүү сайхан ирээдүйн төлөө” анхдугаар чуулга уулзалтыг төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Чуулганд Төрийн болон ТББ, олон улсын байгууллагууд, есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын төлөөлөл болсон 1000 гаруй төлөөлөгч оролцох юм. Нэлээн өргөн хүрээг хамарч, олон чухал асуудал хэлэлцэх энэхүү чуулганы талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.
–Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Илүү сайхан ирээдүйн төлөө” анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалт хийх болсон шалтгаан, ач холбогдлын талаар ярилцлагаа эхлэх үү?
-Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн холбооны 95 жилийн ой тохиож байгаа. Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага юм. 1924 онд анхны Үндсэн хуулиа батлах үеэр Монголын эмэгтэйчүүд Ази тивд анх удаа сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулсан түүхтэй. Өнгөрсөн 95 жилийн хугацаанд Монгол Улсын өнөөгийн хөгжил цэцэглэлтэд манай холбооны оруулсан хувь нэмэр их. Тухайлбал, монголчууд нийтээрээ бичиг үсэгтэй болох, дараа нь соёлын хувьсгал хийхэд Монголын эмэгтэйчүүдийн холбоо зохион байгуулалтад биечлэн оролцож байлаа. Энэ чуулганаар өнгөрсөн 95 жилийн хугацаанд хийсэн бүхнээ баталгаажуулахаас гадна олон улсын эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах, түншлэх, гарц гаргалгаа хайна. Товчхондоо өнөөгийн эмэгтэйчүүдэд тулгамдаад буй асуудлыг хэлэлцэж, цаашид хийх ажлын гарц шийдлийг эрэлхийлэх юм. Бид энэ чуулганаар үндсэн гурван сэдвийг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл. Ер нь охид, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл, тэр тусмаа бэлгийн хүчирхийлэл нийгмийг цочроох хэмжээнд хүрлээ. Өнгөрсөн хавар УИХ-ын даргын нээлттэй сонсголын үеэр бид бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотойгоор найм, есөн хуульд өөрчлөлт оруулах саналаа гаргасан. Бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг хэн нэгний толгой, эрхтнийг тасдах асуудал биш. Харин энэ асуудал юунаас болж үүсээд байгаа, аль хуульд доголдол байна вэ, цаашид яах ёстой вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллах нь зөв байх. Яг энэ асуудлаар бид гадаадаас зочид урьсан. Тухайлбал, Шведийн Гадаад хэргийн яамны хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн сайд манай арга хэмжээний үндсэн илтгэгчээр оролцож байгаа. Яагаад Шведийг онцлов гэхээр Скандинавын хойгийн орнуудын хүчирхийлэлтэй тэмцэж байгаа арга олон улсад сайн туршлага болдог. Тиймээс энэ орны туршлагаас судлах боломж гарах байх. Өнөөдөр төрсөн эцэг нь охиноо хүчинддэг нийгэмд бид амьдарч байна. Тиймээс цаашид эцэг эхийн үүрэг хариуцлага, ял завших явдлыг хэрхэн таслах зэрэг бодлогын түвшний асуудлыг мэргэжлийн экспертүүд хэлэлцэх болохоор шийдэл олно гэж найдаж байгаа. Бидний хөндөх дараагийн асуудал бол эмэгтэйчүүдийн эдийн засаг. Энэ асуудлыг ярихаар нөгөө л хүчирхийлэлтэй холбогддог. Эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байхаараа хүчирхийлэлд өртдөг. Тиймээс эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр ямар гарц гаргалгаа байгааг хэлэлцэж, олон улсын байгууллагуудын туршлагыг судлах юм. Энэ хэлэлцүүлэгт Азийн хөгжлийн банк, Европын холбоо, төрийн байгууллагын төлөөллөөс гадна туршлагатай банкирууд оролцож байна. Өнөөдөр жижиг, дунд бизнесийн асуудал нийгэмд хурцаар яригдаж байна. Энэ зээлийг хэдхэн улстөрч хуваагаад авчихсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Гэтэл жирийн иргэд, эмэгтэйчүүдэд энэ зээл олддоггүй. Тиймээс энэ асуудлыг төр засгийн түвшинд ярилцаж, ирэх сонгуульд оролцох намууд энэ талаар мөрийн хөтөлбөртөө тусгах байх гэж найдаж байна. Гурав дахь асуудал бол шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо. Тун удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байгаа үед энэ асуудлыг хөндөж ярих нь зөв байх. Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо гэхээр бид УИХ-д суух эмэгтэйчүүдээр төсөөлөөд байдаг. Гэхдээ бид энэ асуудлыг арай өөр өнцгөөр хармаар байна. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор улс орны хөгжил, нийгмийн байдалд ямар нөлөө үзүүлж байна вэ гэдэг өнцгөөс хармаар байгаа юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт парламентад суудалтай улс төрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байгаа. Тиймээс эмэгтэйчүүдийн квотын асуудлыг намын хэмжээнд ярьж, мөрийн хөтөлбөртөө багтаах байх гэж найдаж байгаа. Ер нь олон улсын жишгээс харахад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор нийгмийн асуудал сайжирч, авлига буурах байдал ажиглагддаг. Чуулга уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал ирж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн улс орнуудад гарч буй эерэг өөрчлөлтийн талаар мэдээлэл хуваалцах юм.
–Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл улам нэмэгдсээр байгаа нь сэтгэл зовоож байна. Хүчирхийллийн эсрэг тэмцсэн бусад орны сайн туршлагаас Монголд хэрэгжүүлж болохуйц ямар арга байж болох вэ?
-Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 95.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь яах аргагүй анхаарал татсан асуудал мөн. Монголд хүчирхийллийн эсрэг сайн хууль байна уу гэвэл байна. Гэхдээ хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэдэг өөр асуудал. Шүүхээс гаргасан судалгаа байна лээ. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 80 хэргийг 80 өөр байдлаар шийдсэн тохиолдол байна. Зарим нь найман жилийн ял авч байхад зарим нь тэнсэн аваад өнгөрөх жишээтэй. Агуулгын хувьд нэг л хэрэг мөртлөө шүүх яагаад өөр өөрөөр шийдээд байна вэ. Үүн дээр дүн шинжилгээ хийж, процессийн хувьд өөрчлөлт оруулмаар байгаа юм. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдлын 85 хувь нь ойр дотны хэн нэгэн үйлдсэн хэрэг байдаг. 19.8 хувь нь хойд эцэг, 10 хувь нь төрсөн эцэг нь байна гээд төсөөл дөө. Энэ нь эргээд эцэг эхийн үүрэг хариуцлагатай холбогдож байна. Хүүхдүүд ихэвчлэн зуны улиралд буюу долоо, наймдугаар сард хүчирхийлэлд өртсөн байна. Сургууль, цэцэрлэг амарч, хүүхдүүдэд тавих хараа хяналт суларсан үед хүчирхийлэл нэмэгдээд байгаад бид анхаарах ёстой.
Өрх толгойлсон ээжүүдийн 80 хувь нь хүүхдийн тэтгэмжээ авч чаддаггүй
Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байхаараа хүчирхийлэлд өртөөд байна гэх асуудал яригддаг. Энэ жил болсон нэг жишээ хэлье. Долоон настай охинтой эмэгтэй нэг залуутай гэр бүл болоод долоон жил болсон байна. Гэтэл саяхан олон улсын сэтгэлзүйчид ажиллаж байгаад тэр охин долоон жилийн турш хойд эцэгтээ хүчирхийлүүлснийг яриулсан байгаа юм. Ингээд ээжтэй нь очоод уулзахад уйлаад “Та нар шүүх цагдаад битгий хэлээч. Энэ хүн шоронд орчихвол ажилгүй бид яаж амьдрах юм бэ” гэсэн байгаа юм. Хэрэв тэр эмэгтэй өөрийн гэсэн орлоготой байсан бол ийм байдалд хүрэхгүй байв. Өнөөдөр бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл ярихаар нийгмээрээ нийлж байгаад өөрсдөө хүчирхийлж байна. Тэр сумын тэддүгээр ангийн сурагч тийм хүүхэд хүчирхийлэлд өртжээ гээд сошиалаар зарлаад хаячихдаг. Ингэснээр тухайн хүүхдийг цааш амьдрах аргагүй болгож байна. Тиймээс бид фэйсбүүктээ бичиж байгаа сэтгэгдэл, хуваалцаж байгаа мэдээллээ хүртэл бодолцох цаг болжээ. Нийгмийн хүчирхийлэл тухайн хүнийг амьдрах аргагүй байдалд оруулж байгааг хэзээ ойлгох вэ.
–Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, цэцэрлэгт ортол нь асардаг болохоор хөдөлмөр эрхлэлтийн тал дээр эрчүүдээс яах аргагүй хоцордог. Гаднын хөгжилтэй орнууд энэ асуудлаа хэрхэн шийдсэн байдаг бол. Манайд хэрэгжүүлж болохоор ямар арга туршлага байна вэ?
-Манайд аавын долоо хоног гэж цалинтай чөлөө өгдөг. Харин ээжүүдэд хүүхдийг нь гурван нас хүртэл сар бүр 50 мянган төгрөг өгч байна. Монголд ерөнхийдөө эмэгтэй хүн л хүүхдээ харна гэсэн ойлголт давамгайлдаг. Гэхдээ одоо нийгэм өөрчлөгдсөн. Магадгүй хэн илүү орлоготой нь ажлаа хийж, нөгөөх нь хүүхдээ харах зохицуулалт байж болно. Зарим улсад бага насны хүүхэдтэй аавуудыг илүү цагаар ажиллуулдаггүй, эхнэр нь төрөхөөр урт хугацааны чөлөө өгдөг орон ч байна. Тиймээс бид хандлагаа өөрчилж, тохиромжтой шийдэл, гарц хайх нь л чухал юм. Төрсөн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг ярихаар ясли, цэцэрлэгийн хүртээмж бас яригдана. Өнөөдөр хүүхдээ сэтгэл амар үлдээгээд ажлаа хийгээд явах орчин ямар байгаа билээ. Хүүхдээ харж байгаа ээжүүд гэртээ бичил бизнес эрхэлж, зах зээлд гаргах боломжийг л хангаж өгмөөр байгаа юм. Харин халамж хараад сууна гэдэг зөв шийдэл биш.
- Төрийн байгууллагын удирдах ажлыг эрэгтэйчүүд хийж, гүйцэтгэх ажилд эмэгтэйчүүд илүү жин дарж байна.
- Эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байхаараа хүчирхийлэлд өртдөг.
- Улс төрийн намуудад нөлөөлөхийн тулд бүхий л түвшинд ажиллана. Хэр ээлтэй нам байх нь цаашдын сонгуулийн дүнд нөлөөлөх болов уу.
Үүнээс гадна өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдийн тэтгэмжийн асуудал заавал яригдах ёстой. Өнөөдөр Монголд өрх толгойлсон 72 мянган ээж байна. Үүний цаана насанд хүрээгүй 36 мянган хүүхэд хагас өнчирч үлдсэн. Эдгээр хүүхдийн 80 гаруй хувь нь тэтгэмжээ авч чаддаггүй гэсэн статистик бий. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад яагаад тэтгэмжээ авч чадахгүй байна вэ. Тиймээс заавал төлүүлдэг болгохын тулд юу хийх ёстой вэ гэдгийг ч бас ярилцах ёстой.
–Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар олон жил ярилаа. Их, дээд сургуульд сурч буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Уг нь дээд боловсрол эзэмшихийн хэрээр өндөр албан тушаалд очих ёстой ч бодит байдал дээр эсрэгээрээ байдаг шүү дээ. Чухам хаана гажуудал үүсээд байна вэ?
-Дээд боловсрол эзэмшигчдийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд гэсэн статистик байдаг. Гэтэл шийдвэр гаргах түвшинд харахаар 20 хүрэхгүй хувь буюу урвуу хамааралтай байдаг. Дээд боловсрол эзэмшсэн тэр олон эмэгтэйчүүд хаана байна вэ. Хэрэв та анзаарсан бол төрийн байгууллагын удирдах ажлыг эрэгтэйчүүд хийж, гүйцэтгэх ажилд эмэгтэйчүүд илүү жин дарж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны дундаж шатанд эмэгтэйчүүд олноороо байгаа юм. Эдгээр боловсролтой эмэгтэйчүүдийнхээ оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх тухай яриад байгаа юм. Өнөөдөр 21 аймгийн хэд нь эмэгтэй Засаг даргатай билээ. Монгол Улсын Засгийн газрын сайд нарын дунд ганцхан эмэгтэй хүн байна. Агентлагийн даргаар хэдэн эмэгтэй хүн ажиллаж байна вэ. Төрийн өмчит компанийн ТУЗ-д эмэгтэйчүүд байна уу. Үнэндээ хангалтгүй л байгааг хүн бүр мэддэг.
–Улс төрийн намууд та бүгдийг дэмжиж, санал санаачилгуудыг ажил хэрэг болгох тал дээр хэр сэтгэл гаргаж ажилладаг вэ. Нэг уулзахаараа “за” гэж толгой дохичихоод дараа нь мартаж орхиод байна уу?
-Монголын эмэгтэйчүүдийн холбоо аль нэг улс төрийн харьяа биш. 95 жилийн түүхтэй үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллага. Харин улс төрийн намуудын дэргэд эмэгтэйчүүдийн байгууллага байдаг. Тиймээс цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эдгээр байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж бид улс төрийн намуудад нөлөөлөхийн тулд бүхий л түвшинд ажиллана. Бидний саналыг хүлээж авах уу, үгүй юу гэдэг тухайн намын бодлогын асуудал. Ер нь эмэгтэйчүүдэд хэр ээлтэй нам байх нь цаашдын сонгуулийн дүнд нөлөөлөх болов уу гэж бодож байна. Удахгүй болох УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа намд Монголын эмэгтэйчүүдийн холбоо дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлтэй байгаа. Бид энэ удаагийн чуулга уулзалтаар “Илүү сайхан ирээдүйн төлөө” гэсэн тунхаг бичиг гаргана. Гэхдээ энэ нь зөвхөн тунхаг төдий болоод үлдэх биш, шийдэл, ажил болгохын төлөө бүх түвшинд ажиллах болно. Чуулганаар хэлэлцэх гурван сэдэв бол эмэгтэйчүүдийн асуудлын өнгөцхөн хэсэг нь. Үүнээс гадна ярьж, хэлэлцэж, гарц шийдэл хайх шаардлагатай маш олон сэдэв байгаа. Гэхдээ гуравхан сэдэв гэж чамлаж болохгүй. Бид олон талаас нь хэлэлцэж, шийдэл хайснаар дараагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулах, ажил хэрэг болгох тал дээр ахиц гарна гэж найдаж байгаа.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ