"Улстөрчдийг гадаад явж эмчлүүлэхийг нь хориглох хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

"Улстөрчдийг гадаад явж эмчлүүлэхийг нь хориглох хэрэгтэй"

"Улстөрчдийг гадаад явж эмчлүүлэхийг нь хориглох хэрэгтэй"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2019.09.12/ хуралдаж, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-200 орчим сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэж байна. Энэ бол бага мөнгө биш. Энэ мэт зээлүүд дараа нь өр болж, ард иргэдийн нуруун дээр үүрдэг жишиг тогтоод байгаа юм. Үүнийг сайн жишиг гэж харахгүй байна. Бүтээн байгуулалт авч байгаа зээл биш эргээд төсвөөс төлөгдөх зээл юм. Тиймээс бид үүнийг маш сайн нягтлах ёстой. Гишүүдийн лоббигоор биш, талуудтай хэлэлцэж байгаад үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх нь зөв юм. 200 сая ам.доллар бол Засгийн газар, улсын өр л нэмэгдэж байгаа гэсэн үг. Улсын өр нэмэгдэж байгаа нь танай, манай нам гэж ялгах ёсгүй. Эцсийн дүндээ энэ бол улсын өр л нэмэгдэж байгаа. Ер нь цаашид энэ авч байгаа зээлүүдийн талаар нэгдсэн мэдээлэл авч, цаашид нэг дүгнэх цаг нь болсон шүү.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-158 сая ам.долларын зээлээр үр ашигтай зарцуулах ямар боломж байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банкнаас гурван үе шаттай зээл олгож байгаа. Эхний үе шат нь 2019-2021 он гэж байгаа. Эрүүл мэндийн салбар хөрөнгө оруулалт нь хоцрогдсон, нэлээд асуудал хуримтлагдсан, тулгамдсан олон асуудал байгаа учраас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх бодлого баримталж байгаа. Үр ашиг бол гарна, эрүүл мэндийн салбарынхан ч анхаарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

-Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж байгаа нь их чухал байна. Анхан шат болох өрхийн эрүүл мэндийн төвийг хэрхэн сайжруулж байна вэ. Эхний ээлжинд дөрвөн өрхийн эмнэлгийг эхний ээлжинд санхүүжүүлж байгаа нь зөв. 2020 оны төсөвт анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр төсөв суулгах чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Эрүүл мэндийн салбарт хэрэгжих төсөл бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарч буй нийгмийн асуудал юм. Энэ төслийн үр дүн нь анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний чадамжийг сайжруулах, үйлчилгээг сайжруулах чиглэлд ажиллаж байгаа. Төслийн хүрээнд эхний ээлжинд зургаан өрхийн эмнэлгийг жишиг болгохоор ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Энд тэнд эмнэлгүүд баригдаж, ашиглалтад орж байна. Байшин барилгын ажил болж байна. Тоног төхөөрөмж шинэчлэх, олгох чиглэлд анхаарч, ирэх онуудын төсөв дээр суулгах нь зөв болов уу. Мөн эмнэлгүүдийг төрөлжүүлж, бүх улстөрчдийг гадагшаа явж эмчлүүлэхийг нь хориглох хууль баталбал эрүүл мэндийн салбар хөгжинө.

Ийнхүү олон улсын гэрээний хэлэлцээрүүдийг хэлэлцэж санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Үүгээр өнөөдрийн байнгын хорооны хурал өндөрлөлөө.

 Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж