Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ээс жил бүр зохион байгуулдаг Дэлхийн бодлогын ээлжит чуулган (Glodal Policy Forum) Бүгд Найрамдах Руанда Улсын нийслэл Кигали хотноо энэ сарын 9-13-ны өдрүүдэд болж, дэлхийн 92 улсын 100 гаруй гишүүн байгууллагын 800 гаруй оролцогч хуран чуулж байна.
Дэлхийн бодлогын 2019 оны чуулганыг технологиор дамжуулж “Эмэгтэйчүүд болон залуучуудын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Дижитал санхүү, Ногоон санхүү, Санхүүгийн шинэ технологи (финтек)-ийн шийдлүүд, тэдгээрийн зохицуулалтын орчин, Хяналтын технологи (рэгтек) зэрэг санхүүгийн хүртээмжийн олон талт асуудлыг хэлэлцэж, гарцыг эрчимтэй эрэлхийлж байгаа нь үйл ажиллагааг улам үр нөлөөтэй болгож байна.
Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо нь 2009 онд тус нийгэмлэгт үндсэн гишүүнээр элссэн бөгөөд 2016 оноос “Хэрэглэгчийг чадавхжуулах, зах зээлийг зохицуулах”, “Дижитал санхүүгийн үйлчилгээ”, “Санхүүгийн хүртээмжийн тоон өгөгдөл”, “Санхүүгийн хүртээмжийн стратеги”, “Олон улсын стандартыг зохистой хэрэгжүүлэх”, “ЖДҮ-ийн санхүүжилт”, “Хүртээмжтэй ногоон санхүү” зэрэг нийгэмлэгийн бүх ажлын хэсэгт идэвхтэй ажиллаж эхэлсэн. Улмаар 2017 оны Дэлхийн бодлогын чуулганаар СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэнг нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн гишүүнээр сонгосон нь санхүүгийн хүртээмжийн асуудлаарх аливаа үйл ажиллагаанд Хорооны манлайлах оролцоо, байр суурийг нэмэгдүүлснээр Монгол Улс тус нийгэмлэгт бодлого боловсруулах, удирдах болон бусад бүх түвшинд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлсэн.
Чуулганы эхний өдөр Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн санаачилгын зөвлөл /ЗЕТАБНСЗ, Eastern Europe & Central Asia Policy Initiative, ECAPI/-ийн ээлжит уулзалт болж өнгөрлөө. Уг зөвлөл нь бүс нутгийн хэмжээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх,хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготойгоор анх байгуулагдсан. Энэхүү уулзалтаар гишүүн орнуудын төлөөлөл дижитал санхүү, санхүүгийн шинэ технологийн тусламжтайгаар санхүүгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн сайн туршлагаасаа харилцан солилцож, ирэх жилийн ажлын төлөвлөгөөг хамтран хэлэлцлээ.
Дэлхийн бодлогын чуулганы үеэр хуралдсан Захирлуудын зөвлөлийн ээлжит хурлаар СХН-ийн үйл ажиллагаа, зардал, санхүүжилтийн тайлан, “Санхүүгийн хүртээмжийн тоон өгөгдөл”, “Дижитал санхүүгийн үйлчилгээ” ажлын хэсгүүдээс боловсруулсан “Хүртээмжийн тоон өгөгдлийн үндсэн бүрэлдэхүүн”, “Цахим мөнгөний бодлого” зэрэг баримт бичгүүд, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн оффисыг Европ тивд байгуулах болон удирдах зөвлөлийн удирдамж, төсөв, үйл ажиллагаатай холбоотой менежментийн асуудлуудыг хэлэлцлээ.
Түүнчлэн Захирлуудын зөвлөлийн хурлаар Монгол Улсын гишүүнээр ажиллах 2 жилийн хугацаа өндөрлөсөн боловч манай улсын оролцоо сайн, идэвх чармайлттай байгааг үндэслэн дахин 2019 онд улиран сонгогдсон баярт үйл явдал тохиолоо.
Кигалигийн Дэлхийн бодлогын чуулганы бүхий л үйл ажиллагааны үеэр Монгол Улсын оролцоо өндөр байгааг талууд илэрхийлж байсан юм. Ялангуяа санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүд манай улсад харьцангуй дээгүүр, данс эзэмшилт зэрэг зарим үзүүлэлтээр хөгжилтэй орнуудын түвшинд явж буй болон жендерийн тэгш бус байдал огт байхгүй зэргийг талархан хүлээж авч байлаа.
Мөн СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн “Дижитал платформ ба финтекийн эко систем дэх зохицуулалтын боломжууд” сэдэвт хэлэлцүүлгийг даргалсан нь Монгол Улсын хувьд шинэ хуудсыг нээлээ.
Дэлхийн санхүүгийн бодлогын чуулган амжилттай, мөнхүү ихээхэн ач холбогдолтой болж өндөрлөв. Энэ удаагийн чуулганд оролцсон Монгол Улсын СЗХ-ны оролцоо, түүний үр дүнг дээр дурдсан томоохон үйл ажиллагааны зэрэгцээ ажлын хэсгүүдийн хуралдаан, төр-хувийн хэвшлийн дээд хэмжээний зөвлөлдөх уулзалт, бүсийн санаачилгын зөвлөлийн хуралдаан гэх мэт олон үйл явдал, тэдгээрийн үр дүнгээр хэмжих учиртай. Чуулганы үндсэн ажиллагаа болон салбар хуралдаанууд, хоёр талын ба олон талын уулзалтууд, энд болсон яриа хэлэлцээнүүдийн агуулгыг дүгнэвэл Кигалигийн "дэвжээнд" Монгол Улс амжилтаа улам бататгалаа.
Эх сурвалж: СЗХ
Холбоотой мэдээ