Холливудад хөл тавьсан монгол бүсгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Холливудад хөл тавьсан монгол бүсгүй

Холливудад хөл тавьсан монгол бүсгүй

Нэр: Баярсайханы Ганчимэг

Төрсөн газар: Улаанбаатар хот

Мэргэжил: жүжигчин, загвар өмсөгч

Гэр бүл: Ээжтэйгээ хамт амьдардаг

Өндөр: 172 см

Жин: 52 кг

Ньюс агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт ХҮМҮҮС булангаа хүргэдэг билээ. Энэ удаагийн буландаа Английн кино, загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож, холливудын хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлж, алдартай жүжигчидтэй мөр зэрэгцэн алхаж яваа монгол бүсгүй Б. Ганчимэгийг онцолж байна.

Баярсайханы Ганчимэг нь Англи улсад 10 гаруй жил амьдарч байгаа ба саяхан болсон кино урлагийн томоохон үйл явдлуудын нэг Венецийн кино наадмын үеэр түүний тоглосон “Waiting for barbarians” кино дэлгэцнээ гарсан юм. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн "Зэрлэгүүдийг хүлээхүй" (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн уг киног алдарт жүжигчин Жони Депп продюсерласан байна. Өдгөө 76 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Венецийн кино наадмын улаан хивсний ёслол дээр монгол эмэгтэй холливудын алдартнуудтай хөл зэрэгцэн алхсан нь үнэхээр бахархалтай.

Б.Ганчимэг багаасаа л урлагт хайртай хүүхэд байжээ. Тэр тусмаа хувцасны загвар зохион бүтээх, зурах дуртай хүүхэд байж. Магадгүй түүний аав нь зураач хүн байсантай холбоотой байх. Мөн бага байхаасаа л барби хүүхэлдэйнд хувцас оёж, өмсгөж тоглох дуртай байсан тэрбээр эх орондоо байхдаа загварын “Үнсгэлжин”, “Монголын мисс” зэрэг олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байжээ. Англи улсад очоод GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд амжилттай оролцож, хэд хэдэн сэтгүүлд зургаа авхуулж байсан аж.

Эцэг, эх нь Архангай, Баянхонгор аймгийн хүмүүс бөгөөд дээрээ нэг ахтай айлын бага охин аж. Ээж нь түүний хувьд хамгийн дотнын, үнэнч дэмжигч нь юм.

“Аав маань надад үлгэр их уншиж өгдөг учир үлгэрт ч их дуртай. Үлгэрийн баатруудыг, номын зургийг их дагаж зурдаг байсан болохоор гурван настайгаасаа зураг зурж эхэлсэн. Аав их сайхан зурдаг хүн байсан нь ч зураг зурахад минь нөлөөлсөн. Юмны учир сайн ойлгож эхлээгүй байхдаа зурагтын дэлгэцээ хагалаад дотор нь байгаа бяцхан хүмүүсийг гаргаж, үзсэн киногоо  өөрийнхөөрөө найруулна гэж мөрөөддөг байж. Үзсэн кинондоо бараг долоо хоног амьдардаг хүүхэд байсан. Одоо бодоход өөрийн уран дүрслэл, бяцхан ертөнцдөө амьдардаг хүүхэд байжээ” хэмээн тэрбээр нэгэн ярилцлагадаа дурджээ.

Арваад жилийн тэртээ олон улсын загварын тайзан дээр өөрийгөө сорихоор Англи улсыг зорьсон бүсгүй 2016 онд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Лондон хотын “The City Lit” сургуулийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгсчээ. Ийнхүү тэр загвар өмсөхөөс илүү жүжигчний мэргэжилд илүү дурлаж, тэрхүү мэргэжилдээ амжилт гаргахаар зорьж яваа аж.

“Wonder Women”, “Ex Machina, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6”, Ronan-47 , “Waiting for barbarians”, “Mad Lord” “Sweet lies” зэрэг томоохон кинонд дүр бүтээгээд зогсохгүй A Boy On A Beach”, “Vinegar Tom”, “Love and Information”, “Much Ado About Nothing”, “The White Devil ”, “Sweeney Todd”, “The Snow Queen” зэрэг тайзны бүтээлүүдэд тогложээ. Дээрх кино төслүүд дээр ажиллаж байхдаа тэрбээр Киану Ривз, Жони Депп, Роберт Паттинсон зэрэг холливудын алдартнуудтай хамтран ажилласан юм.

Харин түүнд эх орондоо ирж кинонд тоглох боломж олдвол түүхэн кинонд тоглож, бүр бүтээхийг хүсдэг гэнэ.

Жүжигчний мэргэжил гэдэг тийм ч амар ажил биш. Ялангуяа тэр том зах зээлд маш их өрсөлдөөнтэй учир өдөр бүр л яг тамирчин хүн шиг бэлтгэл сургуулилт хийж, өөрийгөө дайчилж байдаг. Тиймдээ ч түүнд шантрах үе бишгүй тохиолддог ч “Унавал босоод хормойгоо гүвээд бос” гэдэг монгол ардын үгийг санан зорилгынхоо төлөө цааш урагшилдаг гэдгийг ярьж байсан юм.

Түүний үзэсгэлэнтэй зурагнуудаас

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
73
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж