Гаднын соёлын нөлөөгөөр монголчуудын аялга бүдгэрч байна

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Гаднын соёлын нөлөөгөөр монголчуудын аялга бүдгэрч байна

Гаднын соёлын нөлөөгөөр монголчуудын аялга бүдгэрч байна

Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян бэ монгол баян

Хэл, хил, мал гурваасаа салбал

Хэн эмгэнэлтэйв, Монгол эмгэнэлтэй! гэж Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн Зундуйн Дорж хэлсэн энэхүү шүлгийн мөрт монгол хүн бүхэнд хамаатай асуудал болжээ.

Дэлхийд ганцхан нүүдлийн соёлтой монголчуудын брэнд яруу тансаг монгол хэл, уртын дуу, хөөмий, морин хуур, үндэсний дээл нь гэхэд хилсдэхгүй. Ингээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн, доктор Д.Мэндсайхантай соёлын биет бус өвийн хамгаалалтын асуудлаар ярилцлаа.


-Орчин цагт даяарчлалын нөлөөгөөр дэлхий "хавтгай" болж байна. Техник, технологийн хөгжлөө дагаад асар их мэдээлэл дунд бид амьдарч байгаа. Энэ бүхний нөлөөгөөр соёлын биет бус өв, соёл дунд үндэсний ёс заншлаа авч үлдэх асуудал яригдах боллоо. Тэр тусмаа хүүхэд залуус монгол ахуй, соёл, уламжлалт зан заншлаа мартаж байна гэх шүүмжлэл бий?

-Ер нь биет бус соёлын өв нь матери дээр зөвхөн гар урлалд уламжлагдан үлдсэн. Биет бус соёлын өв нүдэнд үзэгдэхгүй тул оюунаас оюунд уламжлагддагаараа өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Ерөнхийдөө язгуурын соёл, сэтгэлгээний абстракт шинж чанартай юм. Гэтэл өнөөдөр гаднын орнуудын соёлыг бид өөриймшилөлгүйгээр шууд л хэл соёл, ахуй амьдралдаа ашиглахад язгуурын соёл минь уусч үгүй болдог. Хүмүүсийн ахуй амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд түүнийг дагасан гадаад соёлын нөлөө түгэн дэлгэрч байна. Энэ нөлөөнд л бид хөлөө алдахгүй байх нь чухал.

Даяарчлагдах тусам гаднын орнуудын соёл нэвтэрнэ. Үүнийг бид өөриймшүүлж, уламжлалт ахуйн соёлтойгоо хослуулан ашиглах нь л зүйтэй. Жишээ нь, дээл бол монгол түмний үндэсний хувцас. Дээлний материал болох торго дурдан гэхэд л дорно зүгийн уламжлалт ахуй соёлтой салшгүй холбоотой. Энэ бол монголчуудын бий болгосон эд материал биш юм. Харин торго, дурданг ашиглаж дээл хийх нь гаднын соёлыг өөриймшүүлж буй л нэг юм.

-Тухайн улс орны соёлыг шууд хэрэглэнэ гэдэг нь монголчуудын язгуур соёл алдагдаж байна гэсэн үг үү?

-Монголчуудын мэндлэх, хүндлэх соёл алдагдаж, гадаад улс орнуудын соёлын давамгайлал харагдаж байна. Залуус өөр хоорондоо уулзаж, мэндлэх, ярихдаа л гадаад үг их ашигладаг болсон шүү дээ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дугаар заалтын дагуу соёлын биет бус өвийн “Нүүдэлчин наадам”-ыг зохион байгуулсан. Одоогоос хоёр жилийн өмнө 2017 онд зохиогдсон энэхүү наадмаар хавар, зун, намар цагийн биет бус соёлын өвийн төрөл зүйлийг харлаа. Шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил, гадаад харилцааны нээлттэй бодлогын үр нөлөөгөөр монгол үндэстэн угсаатнуудын нутгийн аялга их бүдгэрч, нийтлэг аялгатай болж буй нь ажиглагдлаа. Монголд нутаг нутгийн өөр өөрийн гэсэн өвөрмөц аялгатай ард түмэн амьдардаг. Гэтэл эдгээр өөр өөрийн гэсэн олон янзын өвөрмөц аялага жилээс жилд бүдгэрч нэгдмэл аялга болох шинжтэй байна.

Гадаад үг хэллэгүүдийг бид өөриймшүүлэхгүй шууд авч хэрэглэхийн нөлөөгөөр оюуны соёлын уусалтад нэрвэгдэж байгаа юм.

Хэл,бичгийн соёлдоо гадаад үг хэллэг ашиглахын нөлөөгөөр аман уламжлал хэр их алдагдсан бэ?

-Монголчууд өнөөдөр хэдийгээр оюуны соёлын уусалтад өртөж байгаа нь үнэн боловч дэлхийн зарим улс орнуудтай харьцуулахад уламжлалт ёс заншил, аман соёлоо харьцангуй онгоноор нь авч үлдэж буй. Бидний биет бус соёлын өвүүд харьцангуй онгон дагшин хэвээрээ байгаа юм. Аман соёлын илэрхийлэл нь аялгуут болон аялгуут бус гэсэн том хоёр төрөлтэй байдаг. Монголчуудын ерөөл магтаал улс орнуудад байдаг ч ихэнх нь магтаалын хэлбэртэй. Харин ерөөл бол монголчуудын язгуур соёл, биет бус соёлын өв юм. Олон жил тасарсан энэхүү биет бус соёлын өвийг сэргээж, уламжлуулан авч үлдээх олон арга хэмжээ, уралдаан зохион байгуулж байгаа. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Өмнөговь аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжил арга зүйн дэмжлэгтэйгээр ерөөлч магтаалч нарын холбоо хамтран магтаалч нарын улсын зөвлөгөөн, уралдааныг зохион байгуулах юм. Монголчууд бэлэн цэцэн үгтэй, ерөөл магтаалыг их хэлдэг ард түмэн.  Сүүлийн жилүүдэд энэхүү биет соёлын өв алдагдаж байна.  Хурим найр, хүүхдийн даахь үргээх ёслолд дэгийн ёсгүй болсон. Монголчууд бид аливаа найр наадамд “найрын гурван дуутай, наадмын гурван даваатай” гэдэг шиг найранд ирсэн зочин энэхүү дэг ёсоо сахидаг, дэгийн дагуу ерөөл, магтаал хэлдэг ёстой. Ер нь бид их бага хэмжээгээр бэлэн цэцэлдэг ард түмэн байгаа юм. Аман соёлыг бэлэгшээж амны билгээс ашдын билэг гэж үгэнд их ач холбогдол өгч байсан. Тиймээс алдагдаж буй энэ ёс заншлыг цаашид уламжлуулан үлдээхийн тулд дээрх уралдааныг зохион байгуулдаг болсон юм. Уралдаан тэмцээний хэлбэрээр алдагдаж буй биет бус соёлын өвийг авч үлдэх, өвлөн уламжлагчийг тодруулах, өвлөн уламжлагчдаар дамжуулан шавь, гэр сургалт явуулж энэхүү биет бус соёлын өвийн төрөл зүйлээ хамгаалах ажлыг хийж байгаа юм.

-Суурин иргэншилд шилжихийн нөлөөгөөр өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн тэрхүү ахуй соёл, зан заншлыг хэрхэн авч үлдэх ёстой вэ?

 -Бидний өвөг дээдэс байгаль цаг уур, амьдарч буй орчин нөхцөлтэйгээ зохицож, оршин тогтнох монгол хүний арга ухаан, соёл, зан заншлаа авч явж, өвлөн уламжлуулсан. Өмнө нь байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч байсан бол шинжлэх ухаан техник технологи хөгжихийн хэрээр өөрсдийн амьдралын хэв маягт зохицох хиймэл байгалийг бий болгож, түүнийгээ улам хөгжүүлэн амьдарч байна. Иймд хиймэл байгальд монгол оршихуйн ухаан, язгуурын соёлоо хөрсийг нь таслалгүй шилжүүлэн суулгах учиртай. Зохиомол байгаль гэдэг нь байгалийн хүчийг ашиглаж бий болгосон барилга байгууламж, тог цахилгаан, интернет сүлжээг хэлж буй юм. Дэлхий нийтэд энэхүү зохиомол байгаль нь цаашид илүү хөгжих тул өөрсдийн биет бус соёлоо авч үлдэх, хамгаалах шаардлагатай. Ер нь бидний амьдралын хэв маяг, харилцааны соёл өөрчлөгдөж, үгийн санд ч харийн үг их орж ирж байна. Ахуй амьдрал өөрчлөгдөх тусам язгуурын соёлтой үгүүд хэрэглэгдэхээ больсон. Энэ бүхэнд бид хэрхэн соёлын хөрсөө авч явах вэ л гэдэг асуудал хөндөгдөж буй. Уг хөрсөө авч явж буй тохиолдолд монгол монголоороо л байна. Ингэснээр бусад орноос соёлоороо ялгарна. Монгол хүнийг соёлоор нь л үнэлдэг.

Гадаад үг хэллэгээс гадна гаднын баяруудыг тэмдэглэх нь хэр зүйтэй вэ. Энэ асуудалд олон нийт хоёр талд хуваагдах асуудал үүсдэг. Ялангуяа шинэ жил, halloween зэрэг . Энэ баярыг эсвэл өөриймшүүлэх нь зүйтэй юм уу?

-Харийн соёл, гаднын орнуудыг баярыг тэмдэглэх нь хувь хүний эрхийн асуудал. Тэгэхээр тухайн баяр нь улс орон бүртээ л өөр өөрийн гэсэн ач  холбогдолтой. Гэхдээ хэт их туйлширч болохгүй юм. Нэг харийн соёлыг нутагшуулахын хэрээр өөрийн язгуурын соёл уусч үгүй болдог. Нэг соёлд нөгөө соёл уусдаг.

-Монголчуудын соёлыг гаднын орнуудад түгээн дэлгэрүүлэх, өөриймшүүлэх нь хэр зохистой юм?

– Монгол соёлыг харийн нутагт ашиглах нь сайн. Монголчуудын соёл зан заншил дэлхий нийтэд танигдаж л байна. Миний харж буйгаар гадаад дахь монголчууд маань өөрийн язгуурын соёлоо санагалзаж, үр хүүхдүүддээ уламжлуулан үлдээх эрмэлзэх их байна. Наадмаа хийж, цагаан сараа хийж байна. Уламжлалт баяр наадмаа амьдарч буй улс орондоо хийж байна. Гэхдээ цаашид хамгаалалтын асуудалд бодох цаг нь ирсэн. Монгол хүний урсгал гаднын орнуудыг чиглэхийн хэрээр тэрхүү орон зайг харийн урсгал орж ирж эзэлж байдаг. Тиймээс олон талаас нь бодох хэрэгтэй.

-Сүүлийн үед монгол хэл мөхөх тухай асуудал яригдах боллоо. Үүнийг хэрхэн харж дүгнэж байна вэ?

– Монгол хэл мөхнө гэдэгт би итгэдэггүй. Газар нутагт маань монгол ахуй, уламжлалт ёс заншил минь байна.  Монгол хүний ген байхад хэдий харь улсын соёл, зан заншилд уусч өөр улсад амьдарсан ч эх нутагтаа ирэхэд эх хэлээрээ ярьж, уламжлалт ахуйгаа амьдарна. Хичнээн монгол хэлээрээ тааруухан ярилаа ч сэтгэл нь монгол хэвээрээ л байх болно.

– Манай улсад соёлын биет бус өвөө хамгаалах асуудал өнөөдөр ямар түвшинд байна вэ?

-Соёлын биет бус өвийг яаралтай авран хамгаалах соёлын биет бус өв, хүн төлөөллийн соёлын биет бус өвийн жагсаалт гэсэн хоёр зүйлээр ангилагдна. Үүнээс яаралтай авран хамгаалах соёлын биет бусын жагсаалтад цуур, язгуур урлаг, ерөөл гэх мэт 16 төрөл зүйл байна. Эдгээр төрөл зүйлийн соёлын биет бус өвийг авран хамгаалах Засгийн газрын тогтоол гарч, өмнөх жилүүдэд тусгай хөтөлбөрүүд гардаг байсан. Жишээ нь, Монгол Улсад одоогоос найман жилийн өмнө цуур хөгжмийг өвлөн уламжлагч таван хүн байсан нь энэхүү биет бус өв соёлын уламжлал тасрахад хүрсэн юм. Иймд Засгийн газрын тогтоолоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, цуур хөгжмийг уламжлуулан үлдээгчдээр дамуулан шавь, гэр сургалтыг явуулсны үр дүнд өнөөдөр цуур хөгжим авран хамгаалагдсан.

-Соёлын биет өвийг улсын тооллогоор бүртгэдэг ч биет бус өвийг бүртгэдэггүй гэсэн үү?

-Манай улс өөрийн гэсэн соёлын өвийн бүртгэлийг явуулдаг. Өвийн бүртгэлд хамгийн гол судалгаа, мониторинг хийдэг байгууллага нь Соёлын өвийн үндэсний төв юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд нэг удаа, соёлын хөдлөх дурсгалт тооллогыг дөрвөн жилд нэг удаа, соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жилд нэг удаа улсын хэмжээнд явуулна гэж заасан. Энэ дагуу манай улс 2015 оноос улсын хэмжээнд соёлын биет өвийн тооллогыг явуулж, нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай болсон. Энэ жил дөрөв дэх удаагийн улсын тооллогыг амжилттай явууллаа. Тооллогын тайлан мэдээг Засгийн газар, УИХ-д хүргүүлэх бэлтгэл зохион байгуулалтын ажил дуусч байгаа тул ямар нэгэн тоон мэдээлэл, дүн шинжилгээ хэлэх боломжгүй. Биет бус соёлын өвийн улсын хэмжээнд тооллого хийгдээгүй. Ирэх онд анхны үзлэгийг хийх бэлтгэл ажлыг хангахаар зохион байгуулж ажиллаж байна. Товчхондоо, биет соёлын өвийн улсын тооллого шиг биет бус соёлын өвийн үзлэг, тооллого өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа юм. Өнгөрсөн жилээс соёлын биет бус өвийг хамгаалах асуудал маань дараагийн шат руу шилжих асуудал шийдвэрлэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж