Чанга яригчаар дуудахад ирэхгүй бол машиныг нь шууд ачна

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Чанга яригчаар дуудахад ирэхгүй бол машиныг нь шууд ачна

Авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа тул нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм болсон. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд машинаа тавиад яаруу сандруу ажлаа амжуулна. Энэ бол жолоочдын нийтлэг төрх юм. Замын түгжрэлийн бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 13 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил хийж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл “морилдог” бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг аж.

Дээрх харилцааг 2015 онд батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар зохицуулж эхэлсэн. Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашин байрлуулахыг хориглоно гэсэн тэмдэг тэмдэглэгээгүй газарт байршуулсан хэдээ ч ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэгүй,  эзэн нь гарч ирэхэд чирээд зугтдаг, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй хэмээх гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм. Иймээс дээрх журамд 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталжээ.

Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдэж орсон байна. Хэрэв энэ хугацаанд амжиж гарч ирвэл жолоочийг торголгүй өнгөрөх аж. Хэрвээ жолооч нь гарч ирэхгүй бол машиныг нь журамлах юм.

Хэдийгээр тус журам зургадугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн гэж албаны хүмүүс хэлж байгаа ч бодит амьдрал дээр хэрэгжхгүй байна. Учир нь хэдхэн өдрийн өмнө нэгэн жолооч анх удаагаа машинаа журамлуулж үзэх нь тэр. “Алга болсон машинаа хаанаас сураглах, улмаар хаана хандаж эргүүлэн авах, аль байгууллага ачаад явсан гэдэг нь тодорхойгүй. Гар утас руу маань хэн ч залгаж “Та дүрэм зөрчсөн тул машиныг тань тэр байгууллагаас ачаад явлаа. Тэр газраас очиж аваарай” гэж хэлээгүй  хэмээн бухимдангуй ярьж байсан юм.

Бид дээрх асуудлаар  “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Б.Наранбаатараас тодрууллаа.

ӨДӨРТ 100-150 МАШИН АЧИХАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ 20-30 ХУВЬ БУУРУУЛДАГ

Автомашиныг ачихдаа заавал замын цагдаагийн зөвшөөрөлтэй бичигтэй байхаас гадна автомашины эзэмшигчийн гар утсанд мессежээр мэдэгдэх ёстой гэх юм. Гэтэл ачилтын компаниуд жолоочид мэдэгдэлгүй ачаад явчихдаг. Энэ тохиолдолд ачилтын компанид ямар хариуцлага тооцдог вэ?

-Үе үеийн ямар ч журам, тогтоолд автомашины эзэмшигчийн гар утсанд мессежээр мэдэгдэнэ гэсэн заалт байгаагүй. Энэ бол иргэдийн дунд дамжсан дам яриа. Хэрэв дүрэм зөрчсөн жолооч руу мессеж бичиж, залгах юм бол ачилтын компани байгаад яах юм. Жолооч нар дүрэм зөрчихгүй байвал ачилт хийх, ачилтын компани байх шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчих тохиолдол багасахгүй байгаа учраас ийм компанийн үйл ажиллагаа ч зогсохгүй байгаа юм. Үүнээс гадна тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ заавал цагдаагийн эрх бүхий албан хаагчийн шийдвэрээр шилжүүлдэг. Ингээгүй тохиолдолд тухайн компанийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авдаг. Өнгөрсөн хугацаанд нийт 18 ачилтын компани байснаас гурван компанийн гэрээг и-баримт олгоогүй, цагдаагийн зөвшөөрлөөр ачаагүй гэх шалтгаанаар цуцалсан. Гэхдээ хүмүүсийн дунд машинуудыг цагдаагийн зөвшөөрөлгүй ачиж байна гэх хардлага байсаар байна.

Тиймээс хүмүүсийн эргэлзээг тайлахын тулд Тээврийн цагдаагийн албатай хамтран машин ачих зөвшөөрлийн бичгийг цагдаагийн багаж дээрээс хэвлэдэг болох талаар аман хэлбэрээр тохиролцсон. Тухайн цагдаа дүрэм зөрчсөн машины улсын дугаарыг хийгээд баримтаа хэвлээд гаргаад ирнэ. Ямар ч маргаан, эргэлзээ байхгүй болно.

Хэрэв машин ачилтын компаниуд чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг  дуудаагүй,  цагдаагийн зөвшөөрөлгүй ачсан бол  зураг болон видеогоор баримтжуулаад манай  холбоонд хандах боломжтой. Гол нь баримттай байх хэрэгтэй.

-Хувийн 13 ачилтын компани жилд хэдэн төгрөгийн орлого олдог вэ? Олсон орлогоос тодорхой хэмжээний мөнгийг улс, нийслэлийн төсөвт төвлөрүүлдэггүй гэх шүүмж их байдаг шүү дээ?

Машины тоо, ачилтын хамрах хүрээ зэргээс шалтгаална. Энэ нь тухайн аж ахуйн нэгжүүдийн дотоод асуудал болохоор би нарийн тоо баримт хэлж чадахгүй. Ямартай ч дүүргээр нь авч үзэхэд Хан-Уул дүүргийн 2-3 журмын хашаа ачаалал багатай байдаг бол Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн компаниуд асар их ачаалалтай байдаг. Хувийн компаниуд аж ахуйн нэгжийн татвар төлдөг. Тухайн компани орлогын албан татвар, НӨАТ-ын арван хувь гэхчлэн татвараа төлөөд явдаг. Үүнээс гадна урсгал зардлаа тооцно. Тухайлбал, журмын хашааны түрээсийн мөнгө, ажилчдын цалин, шатахуун тос, тээврийн хэрэгслийн ачилтын зардал гэх мэтчилэн зардал байдаг. Тэгээд үлдэгдэл нь өөрсдөд нь ашиг болдог. Холбооны зүгээс  машин ачилтын хураамж бүрээс  10-15 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх санал гаргасан. Одоохондоо 10,15 хувийн аль дээр тогтохоо ярилцаж байна.

-Өнгөрсөн жил машин ачилтыг смарт хэлбэрт шилжүүлнэ гэж байсан. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?

-Программ нь ерөнхийдөө бэлэн болчихсон байгаа. Зургадугаар сард туршиж үзсэн. Нэрийг нь түрдээ нууцлая. Тэрхүү сайтад татварын мэдээллийн бааз, оношилгоо, машин ачилт, даатгал зэрэг машинтай холбоотой бүх мэдээллийг оруулахаар болсон. Энэхүү программ хэрэгжиж эхэлснээр иргэн утсан дээрээ апплейкшн татаж суулгаад машинаа хаана, ямар компанийн журмын хашаанд байгааг мэдэх боломжтой болно. Хэрэв иргэн машинаа ачуулсандаа гомдолтой байвал видео бичлэгийг мэдээлэл дээр үндэслэн гар утаснаасаа үзэх, хянах боломж бүрдэх юм.

-Тэгэхээр хэрхэн ажиллах талаар дэлгэрүүлээд яриад өгөөч?

-Ачилтын компанийн ажилчид ачих машины дөрвөн талаас бичлэг хийж баримтжуулаад орчныг нь харуулсан зураг бичлэгийг Тээврийн цагдаагийн алба эсвэл Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү илгээхэд бичлэгийг нь шалгаад ачих эсэхийг нь шийдэх юм. Өнөөдрийн байдалд нийслэлд  550 мянган машин  хөдөлгөөнд оролцож байна.

Нийслэлд өдөрт 100-150 машин ачихад замын хөдөлгөөний ачааллыг 20-30 хувь бууруулдаг. Энэ бол асар том тоо. Ачилтын компаниуд  байхгүй бол тэг зогсолт хийнэ. Сүүлийн үед дүрэм зөрчсөн машиныг ачих гэхээр иргэд эзэн рүү нь залгаад дууддаг болсон. Дүрэм зөрчсөн нэгнийгээ битгий  өөгшүүлэл дээ. Нэгэнт дүрэм зөрчсөн бол хариуцлагаа л хүлээх хэрэгтэй шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж