56 сурагчтай хичээллэдэг ч гурван ээлжээс гарахгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

56 сурагчтай хичээллэдэг ч гурван ээлжээс гарахгүй байна

56 сурагчтай хичээллэдэг ч гурван ээлжээс гарахгүй байна

Есдүгээр сар дундаа орж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрч байна. Хичээл эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг сургууль багш, сурагчдад хүндрэл учруулдаг нь нууц биш. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 18 сургууль гурван ээлжээр хичээллэнэ. Тэдгээрийн 11 нь сургуулийн зориулалтаар ашиглаж болохуйц байр талбайг түрээсэлж байна.

Дээрх сургуулиуд хоёр ээлжид шилжих боломжтой байсан ч зарим сургуулийн барилгын ажил газрын маргаанаас болж, хожимдож эхэлсэн, тендерт шалгарсан компани нь ажлаа гүйцэтгээгүй зэргээс үүдэж, цаг хугацаандаа багтан ашиглалтад орох боломжгүй нөхцөл үүсчээ. Иймээс энэ жил 80 мянга орчим хүүхэд гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байна. Бид энэ удаад гурван ээлжээр хичээллэж буй сургуулидад тулгарч буй  бэрхшээлийн талаар сурвалжиллаа.

Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуульд тус дүүргийн 8, 10, 16-р хорооны хүүхдүүд харьяаллын дагуу суралцдаг. Хэдийгээр будаг нь ханхалсан шинэхэн сургуультай боловч анги дүүргэлт хэтэрснээс зарим анги түрээсийн байранд хичээллэж байна. Яармаг, Морингийн даваа орчимд ганцхан сургуултай. Хүн амын тэлэлт эрчимтэй явагдаж байгаа энэ дүүрэгт сургуулийн асуудал толгойны өвчин болжээ.

Сурагчдыг автобусаар тээвэрлэхээр хөөцөлдөж байгаа ч нааштай хариу одоогоор гараагүй. Эцэг, эхчүүд хүүхдээ өдөр бүр таваас зургаан буудлын зайтай газар зөөдөг нь "дарамт" болдог ажээ. Эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг сонсвол “Бага ангийнхан өдрийн гурван ээлжээр хичээллэхэд хүндрэл, бэрхшээлтэй зүйл олон байна. Хамгийн гол нь, эрүүл, аюулгүй орчимд амьдрах эрх алдагдсан энэ үед өглөө, орой ид утаан дундуур хичээл сургуульдаа явдаг хүүхдүүдэд агаарын бохирдол ямар их хортой нөлөө үзүүлж байгааг хэлэхэд бэрх. Шөнийн харанхуйд осол аваарт орох, хулгай дээрэмд өртөх гэх мэт эрсдэлээс байнга айж эмээж явдаг” хэмээн учирлав.

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад “Сургалтын зориулалтаар байр судлаад явахад олдоггүй зовлон байсан. Зарим нь үнэ дээр тохирдоггүй, орчны стандарт хангадаггүй хүндрэлүүд их байсан” гэв.

БИЕИЙН ТАМИРЫН ЗААЛАНД ХОЁР ХОНОГ ХИЧЭЭЛЛЭСЭН 

Дээрх жишээнээс гадна өргөтгөлөө хүлээж байгаа сургуулиуд өөрсдийн боломжиндоо тааруулан сурагчдыг биеийн тамирын зааландаа хичээлүүлсэн тохиолдол ч гараад амжээ.  Буянт-Ухаа цогцолбор буюу Хан-Уул дүүргийн долдугаар сургууль энэ хичээлийн жилд сургуулийн өргөтгөл нь ашиглалтад ороогүйн улмаас мөн л гурван ээлжээр хичээллэж байна. Энэ талаар хэдхэн хоногийн өмнө сошиалд нэгэн аав хүүхдүүд биеийн тамирын зааланд хичээллэж байгаа талаар мэдээлжээ.

Тэрбээр “Тус сургууль миний мэдэхийн сүүлийн жилүүдэд гурван ээлжид орсон. Энэ жил өргөтгөл баригдаж байгаа. Есдүгээр сарын нэгэнд ашиглалтад орох байсан ч 15-30 хоногоор хойшлогдсон юм байна. Энэ хугацаанд боловсролын сайд болон дээдсийн хийсэн ажилд нэр зүүлгэхийн тулд бидний хүүхдүүд хохирч дуусах нь. Эдгээрээс хэдхэн зүйлийг дурдвал нэгдүгээр ээлжид тавдугаар ангийн 5-6 бүлгийн сурагч, хоёрдугаар ээлжийн дөрвөн ангийн 5-6 бүлгийн 250 орчим хүүхэд спорт зааланд хичээллэж байна. Нэг ёсондоо 500 орчим хүүхдийн эрүүл мэнд, боловсролын асуудал энд зөрчигдөж байна. Бодоод үз дээ ямар ч агааргүй зориулалтын бус газар 4-5 цаг суулгаад хүүхдүүд хордоно. Ангиудын ихэнх нь 56 сурагчтай. Яваад очиход багш нь хоолой сөөсөн, хүүхдүүдийн хөлс нь гарсан байдаг. Энэ орчинд сурлага ярих ч хэрэггүй эрүүл л байвал их юм. Тэр дотор 5-10 минут байхад л галзуурмаар, үнэн эмгэнэлтэй байдаг” хэмээн бичжээ.

Сургуулийн ахлах ангийн сургалтын менежер Ц.Ганбаатар өргөтгөлийн байр энэ сарын 15-ны өдөр ашиглалтад орохыг дуулгав. Тэрбээр “Энэ хичээлийн жилээс манай сургууль хоёр ээлжээр хичээллэдэг болно. Өнөөдрийн байдлаар 3100 хүүхдийн багтаамжтайгаар ажиллаж байна. Сүүлийн хоёр жил даац хэтрээд гурван ээлжид орон хичээллэж байна. Бага ангийн 500 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ хичээлийн жилээс эхлээд хоёр ээлжид оруулахаар ажиллаж байна. Тавдугаар ангийг спорт зааланд түр хугацаатайгаар энэ сарын 15-ныг хүртэл хичээллүүлэхээр зорьсон. Хоёр өдөр хичээллэсний дараа эцэг, эхчүүдийн шаардлагаар зогсоогоод хоёр ээлждээ яваад оруулж байна. Шинэ барилга ашиглалтад орсноор хоёр ээлжийн 1000 гаруй хүүхэд хичээллэх нь. Нисэх орчимд гурван сургууль байдаг ч жил бүр барилга, хүн амын тэлэлт нэмэгдэхийн хэрээр сургуулийн багтамж ер нь багасч байна” гэлээ.

 

Хан-уул дүүргийн долдугаар сургуулийн өргөтгөл

Хан-Уул дүүрэгт гэлтгүй Баянгол дүүрэгт ч гурван ээлжээр хичээллэдэг зовлон жил дамнан үргэлжилж байна. Зарим сургуулийн зүгээс өргөтгөл барьж байгаа ч ашиглалтад орох хугацаа нь хойшлогдсон талаар учирлаж байлаа. Өдгөө "Сэтгэмж" цогцолбор сургуульд Баянгол дүүргийн 1400 гаруй хүүхэд суралцдаг. Гэтэл шинэ байр ашиглалтад орохгүй бол дахиад л хоногийн бор хоногтой уралдан гэртээ орж, коридортоо сууж ажиллах нь хэмээн багш нар бухимдаж сууна.

Өнгөрсөн жил 600 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцсан бол 2019-2020 оны хичээлийн шинэ жилд сурагчдын тоо 640 мянга болж нэмэгджээ. Салбар яамнаас ирэх жил гэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдлыг арилгана хэмээн амалсан ч гуравхан сургуулийг харьцуулахад ийм байна. Тиймээс өнөө жил ч бас хүүхдүүд гурван ээлжээр хичээллэх хүндхэн давааг туулах нь.

Жил бүрийн намар төр засгаас гурван ээлжээр хичээллэдэг байдлыг арилгана гэж мэдэгддэг ч энэ жил амлалтаа биелүүлэхийн тулд 11 сургууль, найман цэцэрлэгийн түрээсэнд хоёр тэрбум төгрөг зарцуулна гэдэг хариултыг өгч байна. Иймээс ирэх намар эрх баригчдын үг хэрхэн хэрэгжихийг харах л үлдлээ.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж