Монгол Улсын Үндсэн хуулийн төслийн эхийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

LiveМонгол Улсын Үндсэн хуулийн төслийн эхийг баталлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн төслийн эхийг баталлаа
18 : 55
2019-9-11

Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн төслийн эхийг баталлаа

УИХ-ын ээлжит бус чуулганы  үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн төслийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн санал хураалаа.

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул баталъя  гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 58 нь дэмжиж  96.7 хувиар тогтоолын төслийг  дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг  тус байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр “2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн  чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж үзсэн тул 2019 оны 09дүгээр сарын 11-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгад оруулах  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг, хоёрдох хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09дүгээр сарын 11-ны өдрийн хуралдаанаараа ард нийтийн санал асуулгаар оруулах  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг батлах тухай УИХ-ын  тогтоолын төслийг бэлтгэн хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэж УИХ-ын тогтоолын төслийг баталж өгнө үү” гэлээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн төслийн эхийг батлах тухай тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор  санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 60 гишүүн 59 нь буюу 98.3 хуваарь тогтоолын төсөл батлагдлаа.

Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.

Маргааш өдөр 15 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.

17 : 55
2019-9-11

Л.Элдэв-Очир: Хуйвалдаанд оролцсон гишүүдэд харамсаж байна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр гарсан

зарим заалтын найруулгын чанартай асуудлаар санал хураалт явуулж дууссанаар чуулганы хуралдааныг түр хаалаа.

Зарим заалтын өөрчлөлтүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Байгалийн баялагтай холбоотой саналын томьёоллоор үг хэлж дууссаны дараа "Улс төрийн нам улсын хэмжээнд бодлогоо дэвшүүлж үйл ажиллагаа явуулна" гэж өөрчилсөнтэй холбогдуулан гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол шинэчлэл нь шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгох асуудал байсан. Гэвч энэ асуудал хоёр дахь шатны хэлэлцүүлэг дээр намын бүлгээс 100 хувийн дэмжлэг авсан боловч чуулганы хуралдаанаар унасан. Өнөөдөр бидний шүүмжилдэг асуудлын нэг болох  шүүх засаглал нэг хүний хараат болчихлоо. Өөрөөр хэлбэл нэг хүний гэдэг нь  Ерөнхийлөгчийн хараат болчихлоо. Бүх шатны шүүгч, ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилдог боллоо. Нэр бүхий 62 гишүүний төсөл дэх заалтын хамгийн гол заалт болох Ерөнхийлөгч бүх шатны шүүгч нарыг зөвхөн батламжилдаг байхаар оруулсан боловч  санал унаж одоогийнхоороо буюу бүх шатны шүүгч нарыг Ерөнхийлөгч томилдог байхаар хэвээр үлдсэн.Энэ нь дараа дараагийн Ерөнхийлөгчдөд хонгилын түлхүүрийг барих сэдлийг нь төрүүлнэ. Үүнийг би зохион байгуулалтайгаар унагаасан гэж харж байгаа. Намын бүлэг дээр дэмжчихээд УИХ-ын чуулган дээр 10 гаруй хүн эсрэг санал өгсөн.Энэ бол агуу том хуйвалдаан. Өнөөдрөөс эхлээд бид шинэ хонгилын түүхийг бичиж эхлэх гэж байна. Би хуйвалдаанд оролцсон УИХ-ын гишүүдэд тун  харамсаж байна. Тэр дундаа манай намын гишүүд. Намынхаа нөхдийн нүүрийг эргэж харах нүүртэй байх хэрэгтэй. Өнгөрсөн жил Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой ил тод нөлөөлсөн асуудлыг оруулж ирэхэд хүчээр унагааж, улс орны хөгжлийг боомилсон асуудлыг оруулж ирсэн. Нэг хүн тэр чигээрээ бяртай байдаггүй юм. Бяртай хүн болгоны үүдийг сахиж хүн амьдардаггүй юм.  Энэ шүүх засаглалын заалтыг өөрчлөхгүй бол авлигыг таслах зогсоож чадахгүй боллоо. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нарт хонгилын түлхүүр ирэх нь. 

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

Өмнөх санал дээр нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж байсныг өөрчилж нам улсын хэмжээнд  бодлого, хөтөлбөрөө гаргаж өрсөлдөнө гэсэн агуулгатай өөрчлөлт оржээ. Үүнийг дэмжиж байна. Нам сонгууль бүрээр өөрийн бодлогоо гаргаж хөтөлбөрөөрөө өрсөлддөг байх нь зөв. Манай улсад 27 жилийн хугацаанд гарсан гажуудлын нэг нь улстөржилт буюу хэтэрхий их намчирхалт байсан. Энэ заалтаар намууд зөвхөн бодлогын түвшинд буюу хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжтой болж байна. 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 55 нь дэмжиж уг заалт 90 гаруй хувиар дэмжигдэв. 

Үүний дараа  зарчимд нийцэж гэдгийг зарчид нийцсэн гэж байгуулагдана гэснийг байгуулалт гэж эх үүсвэр болно гэснийг эх үүсвэр гэж өөрчлөх санал гаргасан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан нарын саналаар санал хураахад гишүүд 93.3 хувиар дэмжлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарим заалтын найруулгын чанартай асуудлаар санал хураалт явуулж дууссанаар Төрийн байгуулалтын байнгын хороо  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг батлах тухай тогтоолын төслийг  хэлэлцэх шаардлагатай тул чуулганы хуралдааныг түр хаалаа.

Дараа нь чуулганы хуралдаан үргэлжилнэ.

15 : 55
2019-9-11

“Байгалийн баялгийн дийлэнх нь ард түмэнд ноогдоно гэдгийг 50+1 гэж ойлгоно”

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн  нэгдэх  хэлэлцүүлэг, мөн Ард нийтийн санал асуулгын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны  дарга С.Бямбацогт танилцууллаа.

Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр ажлын хэсгээс саналын томьёоллыг боловсруулсан.

Энэхүү саналтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулсан байна. Үүнийг зарчмын саналаар орж ирсэн өөрчлөлт гэж харж байна. Үр өгөөж гэдэг асуудлыг органик хуулиараа маш зөв тайлбарлаж өгөөрэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлнэ гэдгийн цаана эдийн засгаа боомилох, нөгөө талаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх ийм заалт болчих вий гэсэн болгоомжлол байна. Өгөөж гэдэг  нь өргөн агуулгыг хамаарна. Эдийн засгийн үр өгөөжийг ард түмэндээ яаж хүргэх вэ гэдгийг маш тодорхойгоор органик хуульдаа оруулах байх гэж бодож байна. Ард түмний нэрээр популизм хийдэг, мөн том төсөл хөтөлбөрүүдээ гацаах зэрэг эдийн засагтаа хүндрэл үүсгэх вий гэсэн болгоомжлол байна. Жишээ нь нүүрсийг ашиглах асуудалд дэлхий нийт нэлээд хойрго хандаж эхэллээ. Өөрөөр хэлбэл байгаль орчинд халтай технологи хэрэглэсэн, байгаль орчинд сөрөг нөлөөтэй уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас татгалзах чиг хандлага руугаа орох байх. Олон улсад банкууд ч гэсэн уул уурхайн төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгохоос татгалзаж эхэлсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол амин чухал асуудал бол байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд хүртээх асуудал.  Одоогийн Үндсэн хуульд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн ганцхан зохицуулалттай. Тэгвэл энэ зохицуулалтыг 62 гишүүний өргөн барьсан төсөлд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлийн баримтална гэж тусгасан. Үүн дээр мөн Ерөнхийлөгчийн зүгээс байгалийн баялгийн 51-ээс доошгүй хувийг ард түмэн хүртдэг байх саналыг мөн УИХ-ын нэр бүхий гишүүдээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа төрийн өмчийн оролцоо 50 доошгүй хувь байх ёстой гэсэн саналууд гарч байсан. бусад саналуудыг нь авч хэлэлцээд хоёрдох хэлэлцүүлгийн үеэр шийдсэн. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн  өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан. Одоо ба ирээдүйн үеийн амьдрах орчныг баталгаажуулах, газрын баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэдэг байдлаар томьёолж хоёрдох хэлэлцүүлгийн үеэр гишүүд ийн олонх дэмжсэн. Ерөнхийлөгчийн гаргасан санал мөн гишүүдээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа төрийн өмчийн оролцоо 50 доошгүй хувь байх ёстой гэсэн саналуудыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын даргаас чиглэл өгч байнгын хороо дараагийн хэлэлцүүлэгт анхаарч ажиллахыг чиглэл өгсөн. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн төрийн оролцоог хуулиар тогтооно” гэж томьёолол оруулсан. Үүнтэй гишүүд санал нийлээгүй учраас Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэг хуралдуулах чиглэл өгсний дагуу ажлын хэсэг хуралдаж,  “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж ажлын хэсэг томьёолол оруулсныг санал гаргасан 20 гишүүн дэмжсэн. Байгалийн баялгийн үр өгөөж гэдгийг олон талаас нь ярилцсаны дүнд татвар, төлбөр, хураамж, татварын дараах ашиг энэ бүхэн үр өгөөж гэдэгт хамаарагдах юм. Энэ бүхийг органик хуульдаа тусгах юм. Үр өгөөжийн дийлэнх гэдгийг мөн сайтар авч хэлэлцсэн. Дийлэнх гэдэг нь дийлэнх олонх гэсэн үг биш, 50+1ээс дээш гэсэн утгаар ойлгоно шүү гэдгийг байнгын хорооны гишүүд дэмжсэн.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр ажлын хэсгээс саналын томьёололд шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол “Стратеги” гэдэг үг. Энэ бол гадаад нэр томьёо. 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд стратегийн орд гэдэг нэр томьёог оруулж байсан. Тэгвэл энэ үгийг Үндсэн хуульдаа оруулаад ирлээ. Одоогийн ойлголтдоо хөтлөгдөж энэ үгийг оруулж ирсэн. Энэ нь зарчмын хувьд зөв юм уу. Цаашдын олон жилийн хөгжлийг бодож оруулах ёстой асуудал. “Стратеги” гэдэг ойлголтыг олон улс талаасаа Монголоос өөр газар стратегийн орд газар гэсэн ойлголт бараг байхгүй. Нийтлэг хэрэглэгддэг жишиг бол цэрэг дайны зайлшгүй нөөцлөх ёстой бүтээгдэхүүн эсвэл эрчим хүч, газрын тос зэрэгт “Стратеги” гэдэг үгийг хэрэглэгдэг. Стратегийн түүхий эд, эсвэл бүтээгдэхүүн, цаашлаад стратегийн салбар гэсэн нийтлэг ойлголт бий. Органик хууль дахь өмнөх алдаа, оноогоо Үндсэн хуульд оруулахдаа дэлхийн стандартаар шүүж тунгааж оруулах ёстой. Стратегийн ач холбогдол гэдгийн оронд эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий орд газар гэж солиод дараа дараагийн Ашигт малтмалын тухай хуульдаа мөн засаад явах боломжтой байтал органик хуульдаа хөтлөгдөж  Үндсэн хуульдаа гадаад нэр томьёог оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Стратегийн ач холбогдол гэдгийг Монгол болон дэлхийд хоёр өөр ойлголтоор ойлгоно. Уг нь бол дэлхийн жишигт нь ойртуулах шаардлага бидэнд байсныг өмнө нь улстөржилтөөр гаргаж ирсэн нэр томьёог Үндсэн хуульдаа оруулах гэж байгаа нь тун буруу. Стратегийн ач холбогдол бүхий гэсэн ойлголтод 15 орд газар ордог. Гэтэл 2007 оноос хойш ордынхоо нөөцийг бүртгүүлэхгүйгээр аль болох ордны нөөцөө нуун дарагдуулах гэсэн хандлага бий болсон. 

Хоёрдугаарт, Үндэсний баялгийн санд үр өгөөжийг төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударгаар хүртээхэд чиглэнэ гэсэн санал орж байгаа. Үүний мөн найруулгад нь анхаарч Үндэсний баялгийн сангийн үндсэн мөн чанар нь энэ тусгагдсан агуулгаас өөр болоод байна шүү гэдгийг би хэлсэн. Үндэсний баялгийн сан гэдэг бол хуримтлал. Эндээ баялгаа хуримталж маш онгой нөхцөлүүдэд магадгүй ард түмнээсээ санал асуулга авч байж зарцуулалтыг нь шийдвэрлэдэг байх ийм л сан байх ёстой. Гэтэл орж ирсэн саналд бол “Үндэсний баялгийн санд үр өгөөжийг төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударгаар хүртээхэд чиглэнэ” гэж томьёолсон нь Үндэсний хуримтлалын сангаа Хүний хөгжлийн сантай хутгах асуудал гарах нь ээ. Хольж болохгүй ээ.Үндсэн хуульдаа үг, өгүүлбэрийн найруулгыг сайтар авч хэлэлцэж байж оруулахгүй бол дараа нь органик хуулиуддаа үг нь өгүүлбэр болж хууль болж гардаг шүү. Анхнаасаа л зөв жишгийг нь тогтоох ёстой.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

Г.Тэмүүлэн гишүүний хэлж байгаа саналуудыг бид цааш цаашдаа анхаарах ёстой. Стратеги” гэдгийг өөрөөр оруулж болоогүй юм уу гэж асуулаа. Бид нэлээд олон хоног ярилцсан. Бидний тогтсон хэвшсэн ойлголтууд бий. Үндсэн хуульд прокурор гэсэн гадаад үг бий. Хоёрдох гадаад үг нь бол  “Стратеги” гэж орж байна. Ер нь бол хэвшсэн тогтсон ойлголтоороо л явах нь зөв болов уу.  Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэдэгт улсын хэмжээний эдийн засаг, нийгмийн хөгжил, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний, эсвэл ДНБ-ий таван хувьд тэнцэх хэмжээний гэж 2006 онд  томьёолсон. Энэ үгээрээ л өнөөг хүртэл явж байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Ард нийтийн санал асуулга явахыг дэмжиж байгаа. Гэтэл энэ санал асуулгыг 29 тэрбум төгрөгийн зардал гарна гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг 2017 онд 15 тэрбум төгрөгийн зардлаар хийсэн гэж байсан. Яагаад хоёр дахин их үнээр хийж байна вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль 22 тэрбум төгрөгийн зардлаар явуулсан юм билээ. СЕХ-оос мэдээлсэн. Ард нийтийн санал асуулга явуулах арга хэмжээг төрийн албан хаагчид зохион байгуулдаг юм байна. Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, улсын бүртгэл, архивын байгууллага гээд. Тиймээс 29 тэрбум төгрөгийн зардал гарна гэж Засгийн газар, СЕХ-ноос ирүүлсэн. Гэхдээ зардлаа хэрхэн багасгах талаар Төрийн байгуулалтын байнгын хороо ярьж байна.

УИХын гишүүн А.Сүхбат:

Энэ саналыг дэмжиж байгаа. Бидний 20 гишүүн энэ асуудлыг тавьсан. Өнөөдөр уул уурхайтай холбоотой асуудал дажин болж хувирсан учраас энэ асуудлыг Үндсэн хуульдаа зайлшгүй авч үзэх шаардлага байгаа юм. “Стратеги” гэдэг үгийн үндэс суурийг бид бас авч үзэх хэрэгтэй. Энэ үг нь Грекээс гаралтай үг юм билээ. Цэрэг армийн удирдлага гэсэн утгатай. Энэ үгийг Үндсэн хуульдаа оруулах нь зохистой биш гэж үзэж байна.  “Стратеги” гэдэг үгийг томоохон хэмжээний эрдсийн нөөц орд гэсэн оруулж болохоор үгнүүд байна. Энэ талаас нь ажлын хэсэг бодож үзээрэй. Мөн байгалийн баялаг гэсэн үгэнд та бүхэн гаргалгаа хийж үзээч. Баялаг гэдэг нь  нөхөн төлждөг, дахин сэргээгддэг зүйлийг хэлдэг юм байна. Газрын доорх баялаг гээд хэлчихвэл энэ баялаг нэг л өдөр ашиглагдаж дуусна. Тиймээс нөхөн сэргээгдэхгүй гэсэн үг. Баялаг гэдгийн оронд ашигт малтмал, эрдсийн нөөц гэж оруулбал тохирно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж