Баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмний мэдэлд байна

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмний мэдэлд байна

Баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмний мэдэлд байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс Ерөнхийлөгч саналаа татаж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.


-Ерөнхийлөгч төслөө татсан. Тиймээс зөвшилцлийн ажлын хэсэг дахин уулзаж, ярилцах уу?

-Ерөнхийлөгч төслөө татахдаа дэмжигдсэн заалтуудыг татаагүй, дэмжигдээгүй заалтуудаа татсан гэж ойлгосон. Ерөнхийлөгчийн санал болгосон заалтуудыг зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж, дэмжигдсэн заалтуудыг нь хэлэлцээд тусгаад явсан. Тухайлбал, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахгүй гэдэг заалтыг дэмжсэн.

Ерөнхийлөгчийн гаргасан засаглалын хэлбэрийг ард түмнээс асуух саналыг Ард нийтийн санал асуулгын тогтоолд тусгах боломжтой юу?

-Төрийн байгуулалтын байнгын хороонд Ард нийтийн санал асуулга явуулах, тогтоолын төслийг боловсруулах чиглэл УИХ-ын даргаас ирсэн. Хэлэлцэхдээ ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлтэй холбогдуулж, саналуудыг нь ярилцана. Төсөв санхүү, зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулна. Харин засаглалын хэлбэрийг асуух талаар бид ярих боломжгүй. Ерөнхийлөгч хэрэв засаглалын хэлбэр асуух гэж байгаа бол хуулийн дагуу Засгийн газар болон бусад холбогдох байгууллагаас саналаа авч, хуулийн төслийг холбогдох танилцуулга, үзэл баримтлал, холбогдох тооцоололтой хамт УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. УИХ-ын Дэгийн тухай хууль болон бусад хуулиар Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг хэлэлцэх боломжгүй.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал нь хууль зөрчиж байгаа юу?

-Саналаа өгч байгаа. Саналыг авах эсэхийг хууль тогтоомжийн дагуу бид хэлэлцэх ёстой. Ерөнхийлөгч өргөсөн тангаргаасаа няцаж байна, Үндсэн хуулийнхаа эсрэг агуулгатай санал гаргалаа гэсэн яриа гадуур гарч байх шиг байна. Ерөнхийлөгч засаглалын хэлбэрээ ард түмнээс асууя гэж байгаа болохоос Ерөнхийлөгчийн засаглалыг хүссэн, Үндсэн хууль зөрчсөн асуудал оруулж ирээгүй.

-Стратегийн ордын 51 хувийг төр, ард түмний өмч байлгах заалтыг редакцын засвар хийж бүлэг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн гэсэн. Энэ талаар та тодруулаач?

-УИХ-ын нэр бүхий гишүүдээс Стратегийн орд газрыг ашиглахдаа төрийн эзэмшил нь 51 хувь байх ёстой гэсэн санал гаргасан. Тиймээс УИХ-ын дарга үүнийг судалж, дахин хэлэлцэх чиглэл өгсөн. Үүний дагуу ажлын хэсэг дээр ярилцаж, бизнес эрхэлж байгаа, баялаг бүтээж байгаа иргэддээ халтай биш мөн байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн агуулж, томьёоллыг нь өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувь нь төрд ногдохоор байна гэдэг байдлаар томьёолсон. Үр өгөөж гэдэг үгийг маш сайн ярилцаж, үйл ажиллагааны зардлын дараах ашгийнх байх уу, татварын дараах ногдол ашиг байх уу гэдгийг маш сайн ярилцаж, татвар хураамж, төлбөр, татварын дараах ашгийг нийлүүлсэн дүн гэж ойлгоно. Дийлэнх гэдэг нь 50+1 гэсэн агуулгаар ойлгоно гэж ойлгоно. Стратегийн ордыг ашиглахдаа байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд хүртээмжтэй байх гэдэг агуулгаар нь өөрчилж байгаа.

Тэгэхээр Оюутолгойн гэрээний асуудал хөндөгдөх үү?

-Хууль эргэж үйлчлэхгүй. Мэдээж Оюутолгойн гэрээг сайжруулах шаардлага байгаа. Монголын талд харьцангуй ашигтай бус байдлаар ашиглаж байгаа нь үнэн учраас эргэж харах ёстой.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж