Монгол банк олон нийтэд нээлттэй ид, тод байх хариуцлагын хүрээнд сар бүр хэвлэлийн хурал зарладаг. Өнөөдөр /2019.09.11/ ээлжит бусаар сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарлаж, тус банкны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн талаар мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Монгол банкны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал болон цаашид өөрчлөх, шинээр нэвтрүүлэх ажлуудыг стратегийн хувьд 2017 оноос хойш дараах таван чиглэлд ажилласан байна. Үүнд:
- Хууль, эрх зүйн орчинг сайжруулах
- Бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх
- Хүний нөөцийн чадавхийг сайжруулах
- Дэвшилтэт технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх
- Хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг оржээ.
Эдгээрээс товч таницуулбал, хууль, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлийн хүрээнд хоёр хуулийг шинээр боловсруулж, гурван хуульд шинэчилсэн найруулга хийж, дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт зэрэг 10-аад хуульд өөрчлөлт оруулахаар тусгагджээ. Харин бүтэц, зохион байгуулалтын хувьд Монгол банкны шийдвэр нь хамтын байх тогтолцоог бүрдүүлж, мэргэжилтнүүд, Захирлуудын зөвлөл, Мөнгөний бодлогын хороо, Хяналтын шалгалтын хороо зэрэг хамтын бүтэц дээр тулгуурлах зарчмыг баримтлахаар болжээ. Үүнээс гадна төлбөр тооцооны газрыг өөрчилж, зээлийн мэдээллийн албыг шинээр байгуулсан байна.
Монгол банк дэвшилтэд технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авчээ. Үүнд: цаасгүй технологид шилжүүлэх, их дүнтэй гүйлгээ дамжуулах RTGS системийн хоёр дахь хувилбарыг нэвтрүүлжээ. Хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд Олон Улсын Валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон БНСУ-ын төв банктай хамтран төсөл, хөтөлбөр, зээл тусламжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Хэд хоногийн өмнөөс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрийн тусгай обьектыг тендер зарлахгүйгээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани болох Дабль пирамид констракшин компаниар бариулж байна” гэх мэдээлэл цацагдах болсон.
Энэ талаар болон сэтгүүлчдийн бусад сонирхсон асуултад Монгол банкны холбогдох хүмүүс хариулт өглөө.
Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
Монгол банкны хувьд дата сервер, өгөгдлийн бааз бий болгох үүднээс төлбөр, тооцооны барилга шинээр барих зайлшгүй шаардлага гарсан. Манай хуучин төлбөр тооцооны төвийн барилга Санхүүгийн зохицуулах хорооны ард талд хоёр давхар байр байв. Бид захирлуудын хурлаар хэлцэж байгаад Санхүүгийн зохицуулах хороотой хамтран 16 давхар байр барьж, ашиглахаар тохиролцсон юм. Энэ байр өнгөрсөн гуравдугаар сард баригдаж эхлээд одоо дуусаж байна. Тэгэхээр уг барилгын тендертэй холбоотой асуултад хариулахад, бид эхлээд дата центр бүхий том хэмжээний барилгыг хурдан хугацаанд, чанартай барих компаниудыг судалж үзсэн. Ерөнхийдөө зургаан компаний жагсаалт гарсан. Эдгээр компаниас үнийн санал авч, ямар хугацаанд, хэр хүчин чадалтай барьж чадах зэрэг бүх материалыг нь судалж байгаад бид нэг компанийг сонгосон. Энэ бүх шалгаруулалт бол стандартын дагуу, шат шатны байгууллагаас зөвшөөрлийг нь авч явсан гэдгийг хэлье. Уг барилга бол мэдээж нууцын зэрэглэлтэй барилга. Тийм учраас хуулийн хүрээнд барилга ажил явагдаж байна.
Компаниуд тендерт ирүүлсэн материалдаа төсвөө 20-70 тэрбумд багтаасан байсан. Бид аль болох чанартай байлгах үүднээс дундаж үнийн саналыг хүлээж авсан юм.
Тамгын газрын захирал Ж.Батхуяг:
Бид анх Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 13 компаний материалыг хүлээж авсан. Үүнээс туршлагатай гэсэн зургаан компанид албан ёсоор хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Бид барилгын компанийг нэг өдөр сонгочихоогүй.
2018 оны тавдугаар сарын 22-ноос мөн 10-р сар хүртэл үндсэн таван сар судалгаа хийж байж, хууль журмын дагуу компанийг сонгон шалгаруулсан юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн тухайн заалтаас хамаарад бид бүхэн шууд гэрээ байгуулах эрхтэйгээр зөвшөөрөл авсан. Гэхдээ гэрээ шууд байгуулаагүй. Бүх талын оролцоог хангахын тулд шударгаар сонгон шалгаруулалт хийж, компанийг сонгосон гэдгийг онцлон хэлмээр байна.
Хууль, эрх зүйн газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Эрдэнэхуяг:
Төв банкны тухай хууль, төрийн болон орон нутгийн тухай хууль, Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан дотоод журмын дагуу барилгын ажил зохицуулагдаж байна. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгөөр бараа, үйлчилгээг худалдан авах журмын тухай хуулийн 3.4-т Монгол Улсын мөнгөн тэмдэгт, гүйлгээ, сан, эрдэнэсийн сангийн байршил, төлбөр тооцооны дата төвүүд нь нууцад хамаарагдах буюу төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар зохицуулагдах заалттай байдаг.
Монгол банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу удирдан зохион байгуулах гэдэг үндэслэлээр дотоод журам байдаг. Уг журам дээр Монгол банкнаас үнэлгээ хороо байгуулагдаж, тухай ажлын шалгуурууд тавьдаг. Үүний дагуу шууд гэрээ байгуулах гэдэг үндэслэлээр зургаан компанийг сонгон шалгаруулсан.
Тэднээс Монгол банкны шалгуурт нийцсэн компанид оноо өгч, хамгийн өндөр оноо авсан компанийг сонгосон юм. Энд хуулийн ямар нэгэн зөрчилтэй зүйл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ авах нууцыг хангахын тулд Тагнуулын байгууллаас зөвшөөрөл авсан. Хууль эрх зүйн хувьд бид Монгол Улсын гишүүнтэй гэрээ байгуулаагүй, тухайн компаний эзэшигчтэй нууцыг чандлан хадгалан гэсэн гэрээ байгуулж ажиллаж байна.
Холбоотой мэдээ