Ардын намынхан "байлдаж тоглоод" ажил хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Ардын намынхан "байлдаж тоглоод" ажил хийсэнгүй

Ардын намынхан "байлдаж тоглоод" ажил хийсэнгүй

Бүрэн эрхийн хугацааныхаа дийлэнхийг “байлдаж” тоглосоор барсан эрх баригч хүчин энэ бидний хийсэн ажил гээд үзүүлчих тоймтой зүйлгүйгээр сонгуультай золгох боллоо.

Ард түмнээс олгосон 65 суудлыг ашиглаж, түүхэнд тод мөр үлдээж чадаагүй нь Ардын намынхны хохь боловч улс нийтээрээ л хохирлыг нь үүрч байна.

Ардын Засгийн газрын шийдвэрээр уурхайнууд хаагдаж, овоолсон шороон дээр нь “нинжа” нар тонгочиж эхлэв. Удахгүй Ноён ууланд очиж түйвээх биз.  Засгийн газрын өнөөдрийн /2019.09.11/ хуралдаанаас Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргалаа.

Аливаа улсын төрийн бодлого нь Засгийн эрхэнд  аль улс төрийн хүчин гарснаас үл хамаарч зогсолтгүй уламжлан хэрэгждэг бол Ардын намын Засгийн газрын үед алтан аргамж тасрав. Өмнөх Засгийн газрын үед гаргасан шийдвэрүүд буруу, биднийх зөв гэсэн хандлагаар асуудлыг авч үзэж байна. “Би, бид” гэсэн хэнээрхэл нь эцсийн дүндээ төрийн өмчид тавих хяналтыг ч сулруулав.

Төрийн өмчит компанид нь тендергүйгээр бараа материал шахдаг гажуудал газар авч, намын харьяаллаар боловсон хүчнүүд томилогдож очдог коммунист тогтолцоо эргэн тогтов.  Сонгодог жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр болж яригдаж байна.

Одоо тэр Дархан-Улаанбаатарын замыг хар. Азийн хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт татаж чадсан нь сайн ч үндэсний компаниудаа жийн байж, шалгаруулсан Хятадын хөрөнгө оруулалттай таван компанийнх нь хоёрынх нь ажил удааширч, ирэх арваннэгдүгээр сард багтаан эхний хэсгийг ашиглалтад оруулах  замын ажил бүтэлгүйтэж эхэлж байна.

Уг нь ардын Засгийг аврах ганц авто зам энэ байсан юм. Өмнө нь Ардчилсан нам Засгийн эрх барьсан дөрвөн жилд Дарханаас бусад аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбож, нийслэлд  “Шинэ гудамж” төсөл хэрэгжүүлэн, уулзваруудыг өргөтгөж, есөн дүүргийнхээ авто замыг шинэчлэн барьж, Богд уулын араар авто зам шинээр барьж чадсан. Түүний хүчинд өнөөдөр Улаанбаатар хотын иргэд түгжрэлд таг зогсчихгүй, мөлхөөд ч болов алгуураар явж байна.

Аймгуудыг Улаанбаатар хоттой авто замаар холбосны хүчинд хонож хүрдэг байсан газраа өдөртөө очдог болсон.  Аялал жуулчлал хөгжиж, гадаад, дотоодын аялагчид хэдэн мянгаараа Монгол орны үзэсгэлэнт газраар зорчдог болсон байна.

Импортын цемент хүлээн хэдэн өдрөөр ажлаа алддаг байсан барилгын компаниуд өнөөдөр үндэсний компаниудын үйлдвэрлэсэн цементээр барилгаа барьдаг болсон. Шинээр үйлдвэр барьж, цементийн хэрэгцээгээ дотоодоосоо хангах бодлогыг амжилттай хэрэгжүүлсний үр дүн энэ.

Гэтэл өнөөдрийн эрх баригчид юу донгодож байна гээч, “Ардчилсан намынхан хэрэгцээнээсээ давсан цементийн үйлдвэр байгуулсан” гэж муулж суугаа.

Урагштай удирдлага ийм зүйл ярьж, өөрсдийгөө онигоонд оруулахгүй. Яагаад гэвэл төмөр замынх нь дэр мод муудчихсанаас борооны усыг давж чадахгүй өнгөрсөн жилээс эхлээд хоёр ч том осол гарлаа. Хуучин модон дэрнүүдээ бетонон болгоод шинэчилчихвэл энэ улсад л хэрэгтэй. Төмөр замын бетонон дэр мод хийхэд цемент хамгийн ихээр хэрэг болно. Ухаангүй ноёнд урагшгүй түшмэд гэж тэр байх даа, даанч энэ тухай санаж сэрж асуудал хөнддөг салбарын сайд ч алга.

Ардчилсан намын үед “Эрдэнэт”, “Дархан нэхий” гээд үндэсний олон компани Чингис бондын хүчээр үйлдвэрийнхээ техникийг шинэчилж, экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг болсон.

Бага, дунд орлоготой иргэдээ орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлсний дүнд гэр хорооллын өрхүүд хашааны газраа байраар сольж, юу ч үгүй байсан Яармагийн дэнжид хямд өртөгтэй “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллууд боссон юм.

Энх тайвны гүүр давахад л орчин үеийн шийдэлтэй шил толь болсон барилгууд хэдэн зуугаар сүндэрлэж байгаа нь Ардчилсан намынхны хийлгэсэн ажлын бодит үр дүн.

Монголчууд юмыг мартахдаа амархан болохоор хэний үед ямар бодлого хэрэгжиж, улс орон хөгжсөнийг санах нь даанч цөөхөн юм даа.

Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлдэг болсны үр дүнд өнөөдөр 100 мянга хол давсан иргэн байртай болсон. Гэр хорооллын 220 мянган өрхийг орон сууцжуулахад энэ л схемийг ашиглаж таарна.

Оюутолгой төслийн далд уурхайг хөдөлгөсний хүчинд монголчууд хэдэн мянгаараа ажлын байраар хангагдсан байна. Анх төсөл хэрэгжиж эхэлсэн 2009 онтой харьцуулахад өнөөдөр гадаад, дотоодын ажиллах хүчний харьцаа өөрчлөгдөж, 70 шахам хувь нь монголчууд болсон. Ажил хийнэ, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлнэ гэдэг бол иргэдээ ажлын байраар хангаж, орлоготой болгохоос эхлэх ёстой юм.

Гэтэл энэ Засгийн газрын хийдэг ажил лиценз цуцалж, иргэдээ хэдэн зуугаар нь ажилгүй болгож, цахилгаан, дулаан, усны үнэ нэмж, дарамт учруулдаг болсон.

Тавантолгой төслийг хөдөлгөнө, IPO гаргана гэдэг үлгэрийг хэдэн жил ярив. Ажил хэрэг болсонгүй. Сонгууль ойртоход 1072 ширхэг хувьцаагаа мөнгө болгоод хувь хишиг нэрээр иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тараагаад юу ч биш битгий болгоосой л гэж найдах.

С.Батболдын Засгийн газрын үед МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ард иргэдийн саналыг татах гээд нүүрсээ урьдчилж зарсан орлогоос орж ирсэн мөнгөө бэлнээр тарааж, улсаа нураах дөхсөн туршлагатай.

Нүүрсээ экспортод гаргахаар төмөр замыг цэргийн хүчээр барьж буй ч автор нь Ардын Засгийн газарт биш Ерөнхийлөгч Х.Баттулгад илүү хамаарах асуудал болж хувираад байгаа. Харин тус нам эрх барих хугацаанд авлига хээл хахууль төрийн албанд цэцэглэв. Авлигатай тэмцэх газар тэмцээд ч дийлэхгүй байна. Ямар аргатайдаа бичлэг цацах билээ дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж