"Музейнүүд ховор үзмэрүүдээ хав дарж, соёлын өвөө устгадаг" | News.MN

"Музейнүүд ховор үзмэрүүдээ хав дарж, соёлын өвөө устгадаг"

"Музейнүүд ховор үзмэрүүдээ хав дарж, соёлын өвөө устгадаг"

"Музейнүүд ховор үзмэрүүдээ хав дарж, соёлын өвөө устгадаг"

Манай улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг угтан музейн салбарын ажилтнууд, соёлын өвийн мэргэжилтнүүд нэгэн дор цугларч, цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлох “Музейн хөгжил-2019” чуулга өнөөдөр /2019.09.11/ "Blue Sky тауэр"-т эхэллээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газраас Монгол Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж буй энэхүү чуулганаар салбарын мэргэжилтнүүд музейн цаашдын хөгжлийг тодорхойлохдоо “музейн үзмэрүүдээ олон нийтэд нээлттэй болгох” санал дэвшүүлж, музейн зориулалтын байрны асуудлыг ч хөндөв.

МУЗЕЙН ЗОРИУЛАЛТЫН БАЙРТАЙ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн, доктор Д.МЭНДСАЙХАН:

-“Музейн хөгжил-2019” чуулга уулзалт өнөөдөр болж байна. Анх 2009 оноос зохиогдож эхэлсэн уг чуулга уламжлал ёсоор зохиогдож байгаа юм. Музейн ажилтнууд өмнөх жилүүдэд “дэлхийн музейн хөгжлөөс хоцрохгүй байх, хөл зэрэгцэн алхах тухай ярилцаж, чуулдаг, өөр хоорондоо туршлага судалдаг байсан. Энэ жил Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ойн босгон дээр Монголын ирээдүйн музейн хөгжлийн агуулга үзэл баримтлал, цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлохыг зорьж байгаа юм.

Мэдээлэл технологийн эрин үе XXI зуунд бүтээлч сэтгэлгээ, бүтээлч байхыг шаардаж байна. Тиймээс музейд бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх, үйл ажиллагаагаа инновацлах үүднээс шат ахиулан хөгжүүлэх шаардлагатай. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар музейн зориулалтын байшин барилга улсын хэмжээнд ес орчим л байна. Ихэнхдээ байшин барилгыг музейн орчин нөхцлийг механик аргаар бий болгож байгаа юм. Цаашид зориулалтын техник технологийн шийдлийг хангасан байшин барилгуудтай болох шаардлагатай байна. Хэдийгээр Засгийн газраас музейн барилгын асуудлыг өндөр түвшинд авч үзэж байгаа ч зориулалтын байртай болох зайлшгүй шаардлага бий.

  ҮЗМЭРИЙГ ШИЛЭН ХОРГОНД ДЭЛГЭДЭГ ҮЕ ХОЦРОГДСОН

Монголын Үндэсний музейн Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга  И.БУДБАЯР: 

-Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ойгоор музейн хөгжлийн хэтийн төлвийн асуудлыг хэлэлцэж байна. Бид  жил бүр нэг удаа чуулахдаа музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, барилгын сэргээн засварлалтын асуудлыг хөнддөг байсан. Сүүлийн таван жилийн байдлаар энэ асуудал цэгцэрч улс, орон нутгийн музейнүүдийн сан хөмрөг, бүртгэл, тооллогын асуудал цэгцэрсэн. Байрны сэргээн засварлалт, шинэ байрны асуудлыг ч бас орон нутаг, Засгийн газрын түвшинд шийдэж байна. Та бүхний мэдэж байгаагаар Байгалийн түүхийн музейн шинэ байр, Чингисийн музейн байрыг барихаар болсон. Музей бол танин мэдэхүй, урлаг соёл, боловсрол олгож байдаг. Энэ утгаараа бага насны хүүхдүүдэд бүх музей үнэ төлбөргүй үйлчилдэг. Гэтэл зөвхөн музейн нээлттэй өдрүүдээр л бага насны хүүхдүүд үзэхээр дугаарлаж буй нь мэдээлэл байхгүйтэй холбоотой. Хэдийгээр бид явуулын музейг ажиллуулж, музейн зар мэдээллийг хүргэдэг ч хүүхэд залууст төдийлөн хүрдэггүй бололтой. Гэхдээ тэдний сонирхол эрэлт хэрэгцээнд тулгуурлан, цаашид техник технологийн ололт, давуу талыг ашиглан музейн дэглэлт, виртуал орчноор дамжуулан сан хөмрөгт буй үзмэрүүдээ олон нийтэд нээлттэй үзүүлэх хэрэгтэй. Шилэн хоргоны цаанаас эд өлгийн дэлгэн харуулдаг үе дэлхий нийтэд хоцрогдсон л асуудал болсон шүү дээ. Энэ үүднээс өнөөдрийн чуулга уулзалтаар уг асуудлыг түлхүү ярилцаж байгаа юм.

ТЕХНИКИЙН ДЭВШЛИЙГ ХЭТ ИХ АШИГЛАВАЛ ДЭЛХИЙД ГАНЦХАН НҮҮДЭЛЧНИЙ ӨВ СОЁЛ УСТАХ АЮУЛТАЙ

СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Соёлын өв судлаач, доктор Ж.МЯНДАС:  

-Музей бол соёлын өвийг хадгалах хамгаалах урьдчилан сэргийлэх түгээн дэлгэрүүлэх, мэдлэг олгох зэрэг маш олон үүрэгтэй. Орчин цагт өнөөгийн XXI зуунд музей ямар үүрэгтэй вэ гэвэл тогтвортой хөгжилтэй холбон санал дэвшүүлж байна. Дэлхий нийтэд музей нь арьс өнгө, ядуурал, цөлжилт, байгаль экологийн тэнцвэртэй байдлын эсрэг гэх мэт нийгмийн өмнө тулгамдаж буй бүх асуудалд хариулт өгөх, маш чухал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх байгууллага болсон. Үүнийг би өнөөдрийн хэлэлцүүлгээр хэлж, өөрийн саналаа дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл, музей нь зөвхөн нийгэмд үүрэг гүйцэтгэх төдийгүй нийгэмд бий болж буй олон асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй гэсэн үг. Музейгээр дамжуулан хүүхэд залууст мэдлэг боловсрол олгоход музейн салбарынхан үзмэрийн цуглуулгын судалгаа, түүнд хадгалагдаж буй ой санамжийг зөв тодорхойлох, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан үнэн бодит, зөв ой санамж, мэдлэг мэдээллийг  үзэгчдэд түгээх нь чухал юм. Үйлдвэрлэлийн IV эрин үе эхэлж буй энэ үед музей судлаач хүний хувьд харахдаа музейн цаашдын хөгжлийн чиг хандлагад техник их хөгжвөл соёлын өв устах аюул бий  гэж харж байна. Энэ эрсдлээс урьдчилан сэргийлэхэд дэлхийд ганцхан байдаг нүүдэлчний өв соёлоо байгаа байдлаар нь авч үлдэх нь л чухал. Гэхдээ мэдээж уламжлалт, шинжлэх ухааны танин мэдэхүйн байдлыг нь хэвээр хадгалахдаа техникийн дэвшилттэй хослуулах хэрэгтэй.

МУЗЕЙН САЛБАРЫНХАН ХАЙРЦАГЛАГДСАН СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ ГАРАХ ЁСТОЙ 

Монголын уран зургийн галлерейн Боловсролын ажилтан Э.ТОГТОХ:

-Музейн салбар new brand /байгууллагын шинэчлэлт/маш сайн хийж байж олон улсын тавцанд хүрч чадна. Монголын музейн салбарын байгууллагууд дотооддоо шинэчлэлт хийхгүйгээр хөгжихгүй. Бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас Засгийн газар нь соёлын салбартаа анхаарал хандуулах нь чухал. Музейн салбарууд ашгийн бус гэдгээр биш бизнес талаасаа сэтгэж ажиллахгүй бол олон улсын музейн салбарын хөгжлөөс хоцорсоор л байна. Орон нутгийн музейнүүд хүний нөөц, мэргэжилтэн, үйл ажиллагаа талаасаа их хоцорч явна. Залууст өв соёл, түүх, уламжлалт зан заншлаа танин мэдүүлэхэд маш олон сонирхолтой event зохион байгуулах хэрэгтэй. Шинэлэг бүтээлч үйл ажиллагаа явуулж, эрэлхийлэх нь чухал. Түүнээс биш сан хөмрөгтөө үнэт үзмэрүүдээ хав дарж, хадгалсаар л байвал устаж үгүй болох нь. Үзэгчдэдээ сонирхуулж, олон улсад үзэсгэлэнд оролцуулах ёстой.  Музейн салбар хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ гарвал олон улсын музейн салбарын хөгжилтэй хөл нийлүүлж чадна. Жилд нэг удаа илтгэл хэлэлцүүлснээр олон улсын түвшинд гарч, Монголын музей дэлхийд танигдахгүй гэлээ.

Энэ сарын 13-ныг хүртэл гурван өдрийн турш хуралдах эл чуулганд музейн ажилтнуудаас гадна аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумдын соёлын төвийн Орон нутаг судлах танхимийн ажилтнууд, салбарын, хувийн хэвшлийн музей, галерей, хөдлөх өвийг судлах, хадгалж хамгаалах, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сан, төвүүдийн төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцож байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-11 64.119.25.151

ҮНЭТЭЙ ҮЗМЭРҮҮД ХҮЙТЭН ГАРААР ИХ ОРСОН. ҮҮНЭЭС ХАМГААЛАХ АРГА ОЛОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА ГАРААД УДАЖ БАЙНА. ЯДАЖ ЖИЛД ХЭД ХЭДЭН УДАА ОНЦГОЙ ҮНЭТЭЙ ҮЗМЭРҮҮДИЙГ НИЙТЭД МЭДЭЭЛЛИЙН БҮХ ХЭРЭГСЛЭЭР ЗАРЛАЖ БАЙМААР., УДАХГҮЙ ДУУСАХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА ШҮҮ.

Avatar

Зочин 2019-09-11 203.91.112.133

музейнүүдийн ховор үзмэр байдаг юм болов уу даа, Шуналтай гарууд аль хэдийн сольчихоо байлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж