Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 220 хувьтай тэнцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 220 хувьтай тэнцэж байна

Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 220 хувьтай тэнцэж байна

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Гадаад өр ба Хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски есдүгээр сарын 02-11 өдрүүдэд манай улсад ажиллаа. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд хийсэн судалгааныхаа тайланг өнөөдөр /2019.09.11/ сэтгүүлчдэд танилцуулсан юм.

НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски Монгол Улсын гадаад өр, эдийн засгийн бодлого, дэд бүтэц, уул уурхайн төслүүдэд олгосон зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хүний эрхийн үүднээс авч үзжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ний 220 хувьтай, Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байна. Мөн хувийн салбарын өр дотоодын нийт өрийн /ипотек, хэрэглээ, компанийн өр/тал хувийг эзэлж байгаа бол бусад 50 хувь нь ихэвчлэн уул уурхайн корпорацуудын гадаад өр эзэлж байна.

Энэхүү өрөө төлөхийн тул Засгийн газар төсвийн бүрдүүлэлтээ хийж, хүний эрх, нийгмийн асуудлыг орхигдуулж, энэ чиглэлийн төсвийн хөрөнгийг танах үзэгдэл түгээмэл ажиглагдаж байна гэв.

Тухайлбал, өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь ядуу. Түүний дотор зарим бүс нутагт нийт хүн амын бараг тал хувь нь ядуурлын төвшнөөс доогуур төвшинд амьдарч байна гэдгийг тэрбээр илтгэлдээ дурдлаа.

Мөн нийгмийн салбарт өнгөрсөн арван жилд хуваарилсан төсвийн хөрөнгө  хумигдаж иржээ. Тухайлбал, боловсролын салбарт нийт төсвийн 18 хувь нь бага болон дунд сургуулийн санхүүжилтэд зарцуулагдаж байна. Харин эрүүл мэндийн салбарт 2018 онд гэхэд гэр бүл төлөвлөлтийн чиглэлийн үйл ажиллагаанд 1.8 тэрбум төлөвлөсөн нь 2010-2017 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт гарчээ.

Эрүүл мэндийн салбар гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр хүн амд үзүүлэх үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах боломжгүй болсны үр дүнд үр хөндөлтийн хувь ихээхэн хэмжээгээр өссөн байгааг онцолсон юм.

Бүрэн бус, дунд болон бүрэн дунд сургууль төгсөгч эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс илүү хэдий ч эмэгтэйчүүд цалин багатай ажлын байранд илүүтэй ажил эрхэлж байна. Ажил мэргэжлийн ялгаатай байдлаас цалингийн зөрүү их байна. Эрэгтэйчүүд  эмэгтэйчүүдээс 11.4 хувь илүү цалин авч байна гэв.

МОНГОЛ УЛСЫН ӨСӨЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД МЭДЭГДЭХҮЙЦ ХЭМЖЭЭНД ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧЭЭ

Монгол Улсын хүний хөгжлийн индекс 2010 онд 0.697 байсан бол 2017 онд 0,741 болж ахиц дэвшил гарчээ. Гэсэн хэдий ч улсын эдийн засаг ашигт малтмалын үнэ болон эдийн засгийн уналтын цикл нөлөөнд автан 1996, 2000, 2009 онд ДНБ-ний өсөлт доогуур түвшинд хүрсэн ба 2009 онд 1.269 хувь болж буурчээ.

2010 онд Монгол Улсын эдийн засаг гайхалтай өсч, 17 хувийн өсөлт үзүүлсэн ч 2015, 2016 онд ашигт малтмалын үнэ огцом унасан нь Монголын эдийн засагт ихээхэн хэмжээгээр нөлөөлж, хүн амд сөргөөр нөлөөлжээ. Эдийн засгийн тэгш бус байдал, ядуурал буурах хандлагатай байсан ч дээрх он жилүүдэд эхийн эндэгдэл хоёр дахин өсч, тав хүртэлх насны хүүхэд, нялхсын эндэгдэл өсчээ. Харин ядуурлын түвшин 2014 онд 21.4 хувьтай байсан бол 2016 онд 29.6 хувьд хүрч өссөн байна.

Хямралыг даван туулахын тулд Монгол Улс ОУВС-гийн гурван жилийн хугацаатай 425 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон чухал эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэв. Гэсэн хэдий ч эдийн засгийн шинэчлэл хүний эрхэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг шүүх засаглалын түвшинд ч, гүйцэтгэх салбарын түвшинд ч хийж заншаагүй байгааг НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски анхааруулж байна.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ АСУУДАЛД ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭД СУУРИЛСАН ХӨВӨГЧ РОЯЛТИ ХЭРЭГЛЭХ ХУВИЛБАРЫГ СОНГОХ БОЛОМЖТОЙ

Мөн тэрбээр уул уурхайн төслүүдтэй танилцаж, холбогдох албаны болон нутгийн иргэдтэй уулзжээ.  Тухайлбал, Оюутолгойн уурхайг хөгжүүлэх талаар 2009 онд Монгол Улсын Засгийн газар Рио Тинто-той байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь манай улсын татварын нөхцөл байдалд мэдэгдэхүйц үр дагавартай гэрээ юм.  Уг гэрээний татварын тогтвортой байдлын тухай заалт нь 30 жил хүчинтэй бөгөөд цаашид гэнэтийн ашиг болон ер бусын ашигт татвар ногдуулах эсэх асуудлаар санал зөрчилдөөнтэй байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хоёр тал гэрээг дахин авч үзэн, хэлцэл хийх замаар зах зээлийн үнэд суурилсан хөвөгч роялти хэрэглэх хувилбарыг сонгох нь хувилбар байж болох юм гэсэн саналаа дэвшүүлжээ.

НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски өнөөдөр танилцуулсан тайлангаа дахин хянан боловсруулж, ирэх арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт танилцуулах юм байна. Монгол Улсын Засгийн газар түүний тайлантай танилцаж, хариу өгсний дараагаар НҮБ-ийн хүний эрхий комисст тайлангаа бүрэн дуусгавар болгон хүлээлгэн өгөх ажээ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж