Аргентиний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Тата Мартино багийнхаа лидер Лионель Мессигийн Өмнөд Америкийн цомд гаргасан тоглолтыг өндрөөр үнэлж, шүүмжлүүлэх ёсгүй гэж үзэж буйгаа өгүүлсэн байна. Мөн Мессигийн шигшээдээ тоглохоос татгалзсан талаархи мэдээллийг ч үгүйсгэжээ.
“Миний бодлоор бол Месси өнгөрсөн Өмнөд Америкийн цомд шигшээ багтаа урьд байгаагүйгээрээ сайн тоглосон. Тийм учраас түүнийг шүүмжлэгчдийн элдэв асуултад би хариулах ч үгүй. Учир нь энэ шүүмжлэл ор үндэсгүй зүйл.
Месси шигшээ багтаа тоглохоос татгалзсан гэдэг худлаа. Мөдхөн Мексикийн шигшээгийн эсрэг тоглох бүрэлдэхүүнийг зарлахад та бүхэн үүнийг харах болно. Аргентин хүний хувьд дэлхийн шилдэг хөлбөмбөгч Мессиг шигшээдээ харахгүй байна гэдэг харамсалтай шүү дээ.
Чилид хожигдсон тухайд уу? Хожигдлын дараагаар багийнхаа залуусын нүүрийг харах надад хэцүү байсан. Манай багийн маш сайн бэлтгэл хийсэн байсан” гэж Мартино өгүүлжээ.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn