Төр өрөө яаралтай барагдуулахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2015.08.05-нд нийтлэгдсэн

Төр өрөө яаралтай барагдуулахыг шаардлаа

Улсын төсвийн хөрөнгөөр хийх ажлуудын жагсаалтыг баталсан ч санхүүжилтийг нь шийдэж өгөлгүйгээр хувийн хэвшлийг өөрсдийнхөө хөрөнгөөр гүйцэтгээд улсын комисст хүлээлгэж өгсний дараа мөнгийг нь шилжүүлэх гэрээг төр компаниудтай хийжээ. Үүний улмаас 200 гаруй аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр барилга бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Эдгээрээс 81 аж ахуйн нэгжийн ажлын гүйцэтгэл 80-аас дээш хувьтай явна. Компаниуд ихэвчлэн банкнаас зээл авч бүтээн байгуулалтын ажлаа явуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Гэвч өнөөдөр дээрх компаниуд  төрөөс мөнгөө авахгүй бол өр ширэнд баригдаж, ажилтнуудынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрсэнээ мэдэгдэж эхэллээ. Тухайлбал худаг гаргах, засварлах, услалтын систем барих ажлыг гүйцэтгэдэг "Ус-Эрдэнэ" компани. Тус компани өнгөрсөн онд ХХААЯ-ны захиалгаар Увс аймгийн Түргэн сумын Колагийн услалтын системийг барих гүйцэтгэгчээр нь шалгарч, 322.9 сая төгрөгийн өртөгтэй барилгыг зээлээр барьж, өнгөрсөн аравдугаар сард улсын комисст хүлээлгэн өгчээ. Гэтэл одоог хүртэл буюу есөн сарын дараа "Ус-Эрдэнэ" компани хийсэн ажлынхаа хөлсийн 82 хувь буюу 260 орчим сая төгрөгийг төрөөс авч чадаагүй гэлээ.

Уг нь компаниудад төр вексель буюу өрийн бичиг бичиж өгөн наймдугаар сарын эхэн гэхэд санхүүжилтийг нь арилжааны банкуудаар дамжуулан өгөхөөр болоод байсан. Гэвч өчигдөр хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр уг ажлыг судлах, шалгах ажлын хэсэг байгуулж, тодорхойгүй хугацаагаар вексель бичихийг зогсоосон юм. УИХ-ын төсвийн байнгын хорооноос гаргасан тус шийдвэрт аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл шүүмжлэлтэй хандаж байна.

“Ус-Эрдэнэ” компани ажил гүйцэтгэсэн санхүүжилтийг авах векселийг өнгөрсөн долоодугаар сарын 30-нд гаргаж өгөөд байсан ч гурав хоногийн дараа шийдвэр нь ийнхүү өөрчлөгджээ. Яг энэ компани шиг төрөөс хийсэн ажлынхаа хөлсийг авахаар хүлээж буй 200 гаруй компани байна. Сангийн яамнаас эхний ээлжинд 81 аж ахуйн нэгжид 95.2 тэрбум төгрөгийн Векселиэр бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдлийг хүргүүлээд байсан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж