Тариаланчид 150 тэрбум төгрөгийг газарт булжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.05-нд нийтлэгдсэн

Тариаланчид 150 тэрбум төгрөгийг газарт булжээ

"Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо"-ноос /МҮТЭГТХ/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас /ХХААЯ/ 2015 онд 300 мянган га-д буудай тарилаж, 469 мянган  тонн буудай хураан авна гэсэн төлөвлөгөөтэй байжээ. Гэхдээ тус төлөвлөгөө нь 2014 оны гүйцэтгэлтэй харьцуулахад га-ын ургацыг долоон хувиар бууруулж төлөвлөсөн гэдгийг тариаланчдын төлөөлөл онцоллоо. Харин тариаланчдын зүгээс 511 мянган га-д тариалалт хийж, 850 орчим мянган тонн буудай хураан авахаар тооцож, тариалалтаа хийжээ. Тариалалтын нийт нутгаар гандуу, бороо орохгүй байгаагаас ийм байдалд хүрсэн. Хамгийн гол нь өнгөрсөн дөрөв, тавдугаар сард цаг агаарын мэдээллийг тариаланчдад зөрүүтэй өгсөн гэж МҮТЭГТХ үзэж байна.

Нийт тариалалтынхаа 80 хувийг алдсан ч гэсэн 250-230 мянган тонн буудайг хураан авна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад буюу нөөцөнд 30 мянган тонн буудай хадгалагдаж буйг салбар яам нь тодотгосон. Үүн дээр гурил үйлдвэрлэгчдэд тариаланчдаас зээлээр авсан 40 мянган тонн буудай байгаа. Харин Монгол Улсын хэмжээнд буудайн бодит хэрэглээ 350 мянган тонн буудай шаардагдана. Дээрх тооцооллыг харвал улсын хэмжээнд шаардлагатай буудай бий тухай тариаланчдын төлөөлөл мэдэгдсэн юм. Гэвч ХХААЯ-наас 150 мянган тонн буудайг импортоор авч, буудайн нөөцийг бүрдүүлнэ гэсэн нь тооцоололгүй үйлдэл гэж тариаланчдын төлөөлөл эсэргүүцлээ.

Салбарын сайд, төрийн нарийн бичгийн дарга, улсын Онцгой комисс, Аж үйлдвэрийн сайд гэхчилэн албаны хүмүүс тариалалтын мэдээллийг зөрүүтэй өгсөөр байна. Бодит тооцооллоор бол алдаж буй тариалалтын хувь хэмжээ ХХАА-н сайд Р.Бурмаагийн тайлбарласнаас хоёр дахин их байгааг тариаланчид тодотголоо. ХХААЯ-ны тооцоолол, Р.Бурмаа сайдын мэдээлэл ч хоорондоо  зөрүүтэй байгаа гэлээ. ХХААЯ-ны гаргасан 230 мянган тонн улаан буудай хураан авна гэсэн тооцооллыг урьд онтой харьцуулахад 53 хувиар, энэ хаврын төлөвлөгөөтэй харьцуулахад 51 хувиар, хаврын тариалалтын мэдээний гүйцэтгэлтэй харьцуулахад 60 хувиар тус тус ургац алдсан гэсэн дүн гарч байгаа ажээ.

Мөн ХХААЯ-ыг тариаланчдаа дэмжсэн нэрийдлээр өндөр үнэтэй бензин нийлүүлдэг. Тодруулбал, Магнай трейд, Шунхлай, Петровис зэрэг компаниудын тариаланчдад олгодог шатахууны бөөний үнэ нь литр тутам нь 1400 төгрөг байхад Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас литр тутмыг 1870 төгрөгөөр тооцон өгдөг. Үүнээс гадна өндөр үнэтэй тоног төхөөрөмж тариаланчдад шахдаг тухай МҮТЭГТХ-ны гишүүд ярьсан юм.

Д.УЛАМБАЯР, Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж