Афганистаны нийслэл Кабул дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны ойролцоо есдүгээр сарын 11-ний Лхагва гаригт томоохон дэлбэрэлт болжээ. Энэ тухай "Синьхуа" агентлаг эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлсэн байна.
Дэлбэрэлтийн дараа ЭСЯ-ны дохиолол унтарсан бөгөөд хэр хэмжээний хохирол учирсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын Нью-Йорк ба Вашингтон хотууд руу исламын “Аль-Каида” террорист байгууллагын гишүүд зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалан халдлага үйлдсэн билээ.
Аль-Каидагийн 19 гишүүн эхлээд хоёр онгоцоор Нью-Йоркийн хоёр өндөр барилгад халдаж, нэг онгоц нь Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөн талыг нь нураасан бол дөрөв дэх онгоц нь Капитолыг чиглэн яваад Вашингтоноос зайтай газар унажээ.
АНУ төдийгүй дэлхийн түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн уг аймшигт халдлагын улмаас 2750 гаруй хүн амиа алдаж, нийт 75 мянга орчим хүн сэтгэл санааны болон бие махбодын эмгэгтэй болж үлдсэн гэж үздэг.
Эх сурвалж: СИНЬХУА