"Би урлагийг бүтээж буй юм биш, харин байгальд буйг нь л олж илрүүлсэн хэрэг" хэмээн чихгүй зураач Ван Гог бичиж байжээ. Түүний чихээ боосон хөрөг зургийг мэдэхгүй хүн өдгөө үгүй. Тэрбээр ямар учраас сахлын хутгаар өөрийнхөө чихийг огтлох болов. Үүнд Урлаг судлаач М.Амина үзэгчдэд хариулт өгсөн нь энэ намрын анхны өвөрмөц шоу болох “Синдром арт шоу” байлаа.
Урлаг судлаач М.Аминагийн үзэгчдэд тайлбарласнаар нэрт зураач Ван Гог Францын өмнөд нутгийн Арль гэх жижигхэн хотод амьдарч байхдаа өөрийг нь ойлгоно гэж итгэсэн хамгийн сайн найзтайгаа муудсан учраас уурсаж гомдсондоо сахлын хутгаар чихээ огтолжээ.
Өөрийнх нь итгэж бас ойлгоно гэж бодсон найзтайгаа хоёр сар хамт амьдрахдаа түүнтэй ойлголцож чадаагүй учраас ширүүхэн зодоон өрнөсөн аж. Энэ үед л тэрбээр чихгүй болсон гэнэ.
Сахлын хутгаар чихээ огтлох үедээ тэрбээр сэтгэц мэдрэлийн өөрчлөлтөд орж сэтгэл санаа нь тогтворгүй болсон нь өөрийнх нь зурсан хөргөөс илт харагдах. Тэрбээр өөрийн амьдралаа урлагт зориулсан нэгэн бөгөөд их ганцаардаж байсан гэдэг нь уран бүтээлээс нь харагддаг билээ.
Түүний сэтгэц мэдрэлийн эмнэлэгт байхдаа зурсан бүтээлүүд өдгөө дэлхийн хамгийн алдартай уран зурагт тооцогдох болсныг хүн бүр мэднэ. Гэхдээ дэлхийн алдартай томоохон музейнүүдэд Вангогийн бүтээлүүдээс үзэгчдэд таваас илүүг үзүүлдэггүй аж. Учир нь түүний зураг хүмүүсийг татах ер бусын чадвартай учраар тэр.
САЛЬВАДОР ДАЛИ ЭМЭГТЭЙ ХҮНЭЭС ХАМГИЙН ИХ АЙДАГ БАЙЖЭЭ
Харин Вангогоос тэс өөр ертөнц болох Испанийн нэрт зураач Сальвадор Далийг урт нарийн сахлаар нь дэлхий нийт андахгүй биз ээ. Тэрээр өөрийгөө суутан гэж итгэдэг, өвөрмөц сонин үйлдлүүдээрээ олны анхаарлыг үргэлж татдаг нэгэн байв. Түүний “Dream Caused by the Flight of a Bee Around a Pomegranate a Second Before Awakening”, “Цаг хугацааны оршихуй” гэх хоёр бүтээл нь өдгөө хамгийн алдартай. Түүний хувьд нойрыг илүү чухалчилдаг байсан учраас уран бүтээлээрээ дамжуулан зүүд нойр үхэл, далд ертөнцийн тухай илэрхийлдэг байсан төдийгүй эмэгтэй хүнээс хамгийн их айдаг байжээ. Гэхдээ түүний гэргий Гала нь энэ айдсыг нь дарж, бас онгодыг нь хөглөж байсан гэдэг.
Ийнхүү Урлаг судлаач М.Аминаатай хамт дэлхийн алдарт уран бүтээлчдийн намтар түүхийг сонирхож, тэдний ертөнцөд зорчилсон юм. Өчигдөр /2019.09.11/ Корпорейт Конвеншн центрт болсон энэхүү сонгодог үдшээр уран бүтээлчдийн намтар түүхээр аялахын сацуу ДБЭТ-ийн Балетийн жүжигчин Б.Төгөлдөрийн Сальвадор Далигийн уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн модерн бүжгийг толилуулсан билээ.
Холбоотой мэдээ