Хийн хоолойн төлбөр Монголын ардчилал уу?

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Хийн хоолойн төлбөр Монголын ардчилал уу?

Хийн хоолойн төлбөр Монголын ардчилал уу?

Байгалийн хий нь одоогоор хүн төрөлхтөнд мэдэгдэж буй хамгийн цэвэр, хямд, хүртээмжтэй, тээвэрлэхэд хялбар түлш юм.

-МОНГОЛЫН НУТГААР ДАЙРУУЛАХ НЬ УЛС ТӨРИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ-

Дэлхийн байгалийн хийн нөөцийн 25 хувийг эзэмшдэг хойд хөршийн “Газпром” 2006 онд Хятадын Үндэсний нефть-хийн корпораци (CNPC) байгалийн хий нийлүүлэх тухай протоколд гарын үсэг зурснаас хойш царцанги байсан ажил урагшилж, 2010 оны есдүгээр сард БНХАУ-тай хийн нийлүүлэлтийн гэрээ байгуулжээ.

Байгалийн хийн хоолой 2015 онд ашиглалтад орсон байхаар хоёр тал тохиролцсон ч хаагуур явуулах замаа хараахан тогтоогүй байв. ОХУ-ын зүгээс “Алтай” хэмээх 11 дүгээр чиглэлээр Казахстан, Монгол хоёрын хоорондох зайгаар Хятад руу хоолой явуулна гэсэн төсөөлөл гаргажээ. Энэ зам ЮНЕСКО-гийн байгалийн үнэт өвийн жагсаалтад багтсан дархан цаазат нутаг Укокийг дайрах болсон нь Оросын байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Алтайн онгон байгалийг хадгалж үлдэхийн тулд байгалийн хийн хоолойг тэр нутаг дээгүүр явуулахгүй гэсэн 30 мянган иргэн Засгийн газартаа эсэргүүцэл илэрхийлж, гарын үсгээ зуржээ.

БНХАУ-ын хувьд эрчим хүчнийх нь хэрэглээнд багагүй хувь эзэлж буй байгалийн хийн энэ хоолойг татсанаар 2020 гэхэд жилд 300 тэрбум шоо метр хэмжээтэйгээр хий нийлүүлнэ гэж тооцсон байна. Энэ нийлүүлэлтийг хангах хоолойг Монголын нутгаар дамжуулах нь техникийн болоод өртөг зардлын хувьд хамгийн боломжтой хувилбар гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Гэвч Алтайн хязгаарын захирагч Александр Бердников Горно-Алтайскт болсон хурал дээр Казах, эсвэл Монголын нутгаар хийн хоолойг дайруулах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч улс төрийн эрсдэл ихтэй гэж мэдэгдэж байв.

ОХУ-ын зарим шинжээчид Монголоор дамжуулан хийн хоолой тавих нь эдийн засгийн хувьд ашиггүй. Монголын хүн ам цөөн тул хэрэглэгч бага. Мөн гадаад улс орноор дамжуулахад эрсдэлтэй, ямар нэг улс төрийн маргаан гарахад Монголд л ашигтай болно” хэмээн эсэргүүцэж буйгаа удаа дараа илэрхийлсээр иржээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жилийн өмнө ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт дээр “Монголчууд байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулах санал тавьсан. Бид дэмжиж байна. Гэхдээ техник-эдийн засгийн судалгаа хийх шаардлагатай” хэмээн хэлж байв.

Энэхүү хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулан тавьснаар Монголд хэр ашигтай байж болох талаар “Veta” группийн Удирдах зөвлөлийн гишүүн Илья Жарский хэлэхдээ “Мэдээж Монгол Улс дамжин өнгөрөх орон болсноор дамжин өнгөрөх төлбөрөөс ашиг олж, Оросын хийг шууд худалдан авах боломж бүрдэнэ” хэмээн хэлжээ.

Зарим эксперт “Бээжин рүү хий нийлүүлэх тохиолдолд Монголын нутгаар дамжуулвал туулах зам 1 мянган км-ээр дөт байна. Монголын тэгш талаар хийн хоолойг дайруулвал өртөг багасна. Оросын нутаг дэвсгэр дээр хийн хоолой Ямалаас Томск хүртэл, дараа нь Красноярск, Эрхүү, Улаан-Үд рүү хүрэх бөгөөд Дорнод Сибирийн томоохон хотууд, үүний араас Монголын Улаанбаатарыг хийгээр хангах боломжтой болно. Ингэснээр Баруун Сибирь, Ямалын хийг Европ болон Хятад, Алс Дорнод руу нийлүүлж, хийн хангамжийн нэгдсэн систем утгаараа бий болох юм” гэж мэдээлжээ.

ПУТИН: МОНГОЛООР ДАМЖУУЛАХ АЖИЛ АМАР БҮТЭХГҮЙ Ч БОЛОМЖТОЙ

ОХУ өнөөдрийг хүртэл байгалийн хийгээ БНХАУ руу ямар нэг дундын зуучлагчгүйгээр нийлүүлсээр байгаа юм. 2014 онд Москва “Сибирийн хүч” дамжуулах хоолойгоор Хятад руу байгалийн хий нийлүүлэх түүхэн гэрээг үзэглэсэн. Гэрээний дагуу Дорнод Сибирийн газар нутгаар буюу Якут дахь Чаяндинский болон Эрхүүгийн бүс нутаг дахь Ковыктинский ордуудаас ОХУ-ын дотоод зах зээлд байгалийн хий нийлүүлж, улмаар БНХАУ руу экспортлоно. Энэхүү хий дамжуулах хоолойн барилгын ажил бараг дуусч байгаа бөгөөд дамжуулах хоолойн шугамын ажлын 40 км цооногийг гагнах ажил үлджээ.

Эхний хийн нийлүүлэлтийг 2019 оны эцсээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд гэрээнд жилдээ 38 тэрбум куб метр хийг 30 жилийн хугацаатайгаар, 400 тэрбум ам.долларын өртөгтэйгөөр нийлүүлэхээр заасан аж.

Үүний дараахан баруун чиглэлд Хятад руу хий дамжуулах "Сибирийн хүч-2" гэх хийн хоолойн хоёр дахь чиглэл буюу Хятадын баруун хойд хэсэг рүү Ямало-Ненецкийн автономит тойргоос Алтайн хязгаар нутгаар дамжуулан жилд 30 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх тухай ярьж эхэлсэн билээ.

ОХУ-ын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн тэргүүлэх мэргэжилтэн Игорь Юшков “Монголын газар нутгаар дамжуулан хийн хоолой барих үлгэр мэт төсөл “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэх бас нэгэн хувилбар байх боломжтой” хэмээн ярьжээ.

Владимир Путин хийн хоолойг Монголоор дамжуулах саналыг дэмжсэн бөгөөд Оросын баруун хилээр дамжуулан хийн хоолой барихыг хүсэхгүй байгаа бол Монголоор дайруулж барья. Энэ тохиолдолд чиглэл илүү дөт болно. Хятадын зүүн эргийн бүс нутагт хийн хэрэгцээ шаардлагатай гэсэн санаагаа Хятадад далдхан илэрхийлжээ.

Хятадын хувьд Монголоор дамжуулан хий нийлүүлж авах шаардлага байхгүйг мэргэжилтнүүд хэлж буй юм. Оросын тал Монголын нутгаар дамжуулан хийн хоолой барих саналыг дэмжиж байгаа нь “Газпром” компанитай хийх хэлэлцээнд Хятадыг шахаж буй Москвагийн түлхэц төдий гэж үзэх хүн цөөнгүй байгаа аж.

Хятадын тал Оросын хийн үнийг бууруулахыг эрмэлзэж байгаа ч “Газпром” буулт хийхгүй хэвээр буй. Юшков "Газпром Хятадын зах зээлд нийлүүлэх хийнээс олох ашгаа Европт нийлүүлэхэд олдог ашигтайгаа ижил түвшинд байлгахыг хүсч байна. Европ, Хятад руу нийлүүлэх түүхий эд бүгд адил баруун Сибирийнх” гэж хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос-Хятадыг холбох хийн хоолойн төслийг хэрэгжүүлэгч төрийн мэдлийн “Газпром” компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллертэй уулзаж, хийн хоолой дамжуулах дараагийн чиглэлийг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих ажлыг судлаж үзэх тухай зааварчилгаа өгөөд буй юм.

Тэрбээр “Баруун чиглэлийн дагуух хийн хангамжид шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зорилгоор Эрхүү муж, Красноярскийн нутаг дэвсгэр, Ямал хойгийн нөөцийг нарийвчлан шалгаж, баруун чиглэл дагуух замаар буюу Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан Хятадад байгалийн хийн экспортлох гарц бий болгох хэрэгтэй. Хятад дахь түншүүд ч энэ санааг дэмжиж байна. Энэ ажил тийм хялбар бүтэхгүй ч боломжтой зүйл” гэжээ.

“Газпром” компаний Сибирийн зүүн хэсгээс Хятад руу хийн хоолой тавих ажил дуусч буй бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс БНХАУ руу байгалийн хий экспортолж эхлэх юм.

Алексей Миллерийн хэлснээр, энэ нь түүхэн өдөр, түүхэн үйл явдал болох бөгөөд дэлхийн хамгийн том байгалийн хий экспортлогч компани дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогчид шууд ханган нийлүүлэлт хийж эхлэх аж. Улмаар 30 жилийн дотор БНХАУ-д 30 их наяд куб байгалийн хий экспортлох юм байна.

МОНГОЛД ЯМАР ЭРСДЭЛ УЧРАХ ВЭ?

Монгол Улс дамжин өнгөрөх орон болсноор дамжин өнгөрөх төлбөрөөс ашиг олж, Оросын хийг шууд худалдан авах боломж бүрдэнэ. ОХУ-тай дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлж, БНХАУ-ын байгуулж буй “Торгоны зам” эдийн засгийн бүсэд багтах явдал бидний шинэ зорилт болж буй. Гэвч энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд гадаад харилцаандаа баримталж ирсэн “Аливаа эвсэлд үл нэгдэх” уламжлалт бодлогоосоо татгалзах хүндхэн сорилттой тулгарч байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй юм.

Байгалийн хий дамжуулах хоолойг манай нутгаар тавьснаар Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь цаг хугацааны асуудал болж байна гэж үзэж буйгаа ч илэрхийлсээр байна. Хоёр хөрш өмнө нь нэг бус удаа дээрх шаардлагыг тавьж, биелүүлвэл том төсөлдөө багтаах асуудлыг авч үзэхэд бэлэн гэж мэдэгдсэн билээ.

Хоёр хөрш орон Монголыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсүүлэх лоббиг олон жил идэвхтэй явуулж буй. Цаашлаад хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах нь манайд улс төрийн дэглэмтэй холбоотой өөрчлөлт авчрах нь бараг л ойлгомжтой боллоо гэж дүгнэх нь ч байгаа юм.

Эх сурвалж: REUTERS, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж