"Ослоос хамгаалах" хашлага ба орц гарцгүй зам

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

"Ослоос хамгаалах" хашлага ба орц гарцгүй зам

"Ослоос хамгаалах" хашлага ба орц гарцгүй зам

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг өргөтгөж, шинэчлэх төсөл өнгөрсөн хавар эхэлсэн. Уг төслийг Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй. Үүний үр дүнд хоёр эгнээ авто зам дөрвөн эгнээ болон өргөжих юм. Бид энэ удаа Налайхын замын зарим хэсгийн барилгын үйл явцыг сурвалжиллаа.

Улаанбаатар хотоос 14 цагийн үед Налайхыг чиглэсэн бид түр зам руу ороод саатаж эхэллээ. Чулуу ихтэй, дэржигнүүр замд машинаа эвдчихгүйн тулд аажуухан явсаар зам барилгын ажил явагдаж буй талбай дээр ирэв. Энд замын бүтээн байгуулалт ид өрнөж байлаа. Зам тэгшлэх дөрвөн индүү болон бетон хучилтын машин бусад техник хэрэгсэл ээлжлэн ажиллана. Монгол ажилчид замын бетон суурийг тавьж, араас нь Хятад компаний ажилчид асфальт тавина. Бетон хучилттай зам Хонхорын талаас Петровис ШТС хүртэл үргэлжилж, араас нь асфальтан замын ажил эхэлжээ.

Бараг нэг км гаруй замыг гялгар цаасаар хучсан байв. Ажилдчаас учрыг асуувал замын бетон хучилтын чийгийг барихын тулд ийм арга хэмжээ авчээ. Цемент, хайрга хольж зуурмаг болгоод индүүдэж тэгшлээд бэхжүүлсний дараа хоёрдугаар хучилт буюу бетон зам /барсмал/ бий болдог. Үүний дараа дээрээс нь асфальтан зам тавьдаг байна. Ингэснээр бетон 30см, асфальт 10см, нийтдээ 40 см зузаантай зам босох юм байна.

Замын барилгын явцыг зургийн хальсанд буулгаад эргэхэд хажуугийн түр зам дээр “авто ралли” болж байв. Хаашаа ч юм яарах машинууд тоосон дунд уралдана. Портер машины араас галын аюултай гэх бичигтэй машин зам руу өрсөж ороод золтой л шүргэчихсэнгүй. Энэ замаар том, жижиг машинууд хурд мэдэн сүлжилдэн давхих нь айдас хүрмээр. Ай даа, энэ жолооч нар аминдаа яасан хайргүй юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Дээр нь энэ хавийн шороонд урдах зам үл харагдана. Хоолой аргаж, нүд бүрэлзэнэ. Зөрөөд өнгөрөх оршин суугчаас энэ талаар асуувал, “Говийн айлууд элстэй цай уудаг шиг бид шороон дунд л амьдарч байна даа” хэмээн толгой сэгсрэн зөрөв. Үүний дараа бид уг замын арын хэдэн айлыг зорив.

Энэ бол Баянзүрх дүүргийн 11-р хороо, Эмийн ургамал гэдэг газар. Ургах наран хорооллоос цааш яваад байх уг газарт нэлээд хэдэн айл суурьшжээ. Салхин талд амьдрах эдгээр айлууд өдөржин, шөнөжин машины тоосонд дарагдана. Ийм байдалд тэд хавар, зун, намар гурван улирлын турш амьдарч байна. Энэ тухай тус суурингийн оршин суугч М.Бэхболд ярихдаа

“Энэ хавийн хүмүүс тэр чигтээ шороогоор амьсгалж байна. Ялангуяа шөнийн цагаар том, том тэрэгүүд маш их явдаг. Гэр, амбаарт тавьсан бүх юм шороо. Замыг нь норгодог л гэсэн, нэмэр алга.Үүнээс гадна бид Хонхор луу шууд яваад орчихдог байсан. Одоо зам баригдаад тойрох болоод байна. Хонхорт хүүхдийн цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төв байдаг шүү дээ. Эндээс тийшээ явахад уг нь долоон км. Гэтэл хашлагатай шинэ зам тавигдсанаар бид бараг дахиад долоо, нийтдээ 10 гаруй км тойрч явах болчихоод байна. Замаа барьж дуусаад үүнийг хэрхэн, яаж шийдэх юм, харж л байна” гэв.

Энэ айлаас холгүйхэн иргэн С.Амарсанаа гэр бүлийн хамт амьдардаг. Эдний хүүхдүүд хотын төвд сурдаг учир өдөрт 3-4 удаа хот хооронд явна. Ингэж явахдаа тэр түр замд хэд хэдэн удаа машинаа эвджээ. Гэсэн ч шинэ зам тавигдтал гүрийгээд явахаас өөр аргагүй гэв. Тэрбээр ярихдаа “Хамгийн гол нь хотоос нааш явах нэг урсгалын замыг ерөөсөө засахгүй байна. Бороо орсны дараа зам дээр том нүхнүүд бий болдог. Үүнээс болж машин маш их эвдэрч байна. Жишээ нь би доод талын карланаа нүхэнд ороод хэд хэдэн удаа сөхсөн, амаржинаа сольсон. Бас дугуйгаа  2-3 удаа хагалсан гэх мэт хүндрэлүүд байна. Гэхдээ хүндрэлтэй байна гээд яалтай билээ. Тэвчихээс өөр аргагүй” гэсэн юм.

Иргэд шинэ замтай болно гээд тулгарч байгаа бүх асуудлаа тэвчиж байна. Тоос шороонд дарагдаж, явах замаа хоёр дахин туулж, машин тэргээ эвдэж эцэст нь сайхан замтай болно гээд бүлтийтэл хүлээж сууна. Одоо дахиад хоёрхон сар гүрийчихвэл асуудал шийдэгдэх байх аа хэмээн итгэж байна. Иргэдийн энэ итгэлийг хөсөр хаялгүй шинэ замаа 11-р сард ашиглалтад оруулах байх гэж найдая. Гэтэл зам тавигдсаны дараа иргэд долоон км явах газарт 14 км явах болбол цаашид яаж амьдрах юм бэ. Цаг хугацаа, бензин тосноос эхлээд ядарсан ардад ачаа болох вий. Оршин суугчдын яриагаар замын зураг төсөлд айлууд руу явсан орц, гарц байхгүй аж. Тухайлбал, Эмийн ургамлын оршин суугчид Хонхор луу явахын тулд нэлээн тойрч байж очих гэнэ.

Бид энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Бид уг замыг Олон улсын стандартын дагуу хийгдсэн зураг төслөөр барьж байгаа. Налайхын чиглэлийн замд осол, аваар их гардаг. Тиймээс иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангах үүднээс замын голоор тусгаарлагч цементэн хашлага тавьсан. Мэдээж орц, гарц хийнэ” гэв. Хэрэв үнэхээр орц, гарцгүй зураг төсөл байгаа бол Зам тээврийн яам болоод Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүнийг анхааралдаа авч, эргэн харах хэрэгтэй болов уу. Зам шинэчилж буйн сайн хэрэг боловч, цаг хугацаа, бензин тосноос эхлээд иргэдэд эдийн засгийн хүндрэл учруулж боломгүй. Тиймээс энэ хавийн оршин суугчид шинэ замаа ойрхон орц, гарцтай байхыг хүсэж байна.

Бид оройн 17 цагийн үед хотын төв рүү буцлаа. Түр зам бүдэг зам болжээ. Харагдах байдал шороон дунд хязгаарлагдаж, арай хийж урагшилж байв. Ядаж замын чулуу, хотгор гүдгэр машин эвдэх шахна. Машины донсолгоонд биеэ чангалж явсаар гэр хорооллын дундах зам руу орлоо. Хаашаа явахыг заах замын тэмдэг ч алга. Зам дагаж явсаар урсгал сөрөөд оров. Буцаж эргэж, будилж төөрсөөр түр замдаа ороход дахиад л битүү шороо. Зураг авахад хүртэл хэцүү байв. Уг нь Ургах наран хороололд агаарын чанар хэмжигч төхөөрөмж суурилуулсан байжээ. Гэвч зам барилгын үеэр тоосжилт хэвийн хэмжээнээс хэт өндөр байгаа тул уг төхөөрөмжийг эвдэрхээс хамгаалж авсан тухай хэвлэлээр бичиж байв. Төхөөрөмж эвдрэх хэмжээний тоосжилт тэнд байна гээд бодохоор…Битүү тоосноос бид дөнгөж гараад хотын түгжрэлд нэгдлээ. Ахиад хэдэн цаг хүлээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж