Тавьсан шаардлага чинь талаар өнгөрчээ, ОБЕГ-ынхаан

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Тавьсан шаардлага чинь талаар өнгөрчээ, ОБЕГ-ынхаан

Тавьсан шаардлага чинь талаар өнгөрчээ, ОБЕГ-ынхаан

2019 он  гарсаар эхний долоон сарын байдлаар объектын гал түймэр нийт 2885 удаа гарч, үүний улмаас 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр гал түймрийн давтамж, хамрах хүрээ улам бүр нэмэгдэх болсныг мэргэжлийн байгууллагууд сануулах болжээ.

ОХУ-ын Гал эсэргүүцэх албанаас 2012-2016 онд хийсэн гал түймрийн судалгаагаар Монгол Улс 1000 хүнд ногдох гал түймрийн тоогоор 57 орноос 40-д, 100 мянган хүн тутамд нас барсан хүний тоогоор  есдүгээрт, түлэгдэж бэртсэн хүний тоогоор 42 орноос 34-д жагсаж байна.

Нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суух Улаанбаатар хотод гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Үүнийг батлах мэт сүүлийн үед орон сууц, үйлдвэр үйлчилгээний газруудад гал түймэр цөөнгүй гарч байна. Томоохон жишээ гэвэл 2017 онд “Говь” ХК-ийн үйлдвэрийн байранд, 2016 онд “Нарантуул” худалдааны төвд, 2014 онд “Шангри Ла" зочид буудалд гал гарч байсан.

Тэгвэл өчигдөр /2019.09.10/ 15.04 цагт  Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Монполимент группын оффист гал гарлаа. Гал түймэр унтраах  аврах гурван баг  цаг 20 минут ажиллаж галыг унтраасан юм. Азаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд лифтенд гагнуур хийж байгаад гал алдсан гэх мэдээлэл бий. Онц аюултай гэнэтийн үзэгдлийг даван туулахад амар биш ч урьдчилан сэргийлснээр хохирол багатай давах боломж бий.Гэтэл хэнэггүй зан нь дийлэв үү гэлтэй, Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж, сануулсаар байтал энэ мэтчилэн тохиолдлууд гарсаар байна.

Гал гарахаас сэргийлэх ганц арга нь урьдчилан сэргийлэлт. Гадны орнуудад галын аюулгүй байдлын стандартыг нийтээр дагаж мөрддөг, энэ стандартыг биелүүлээгүй тохиолдолд оногдох шийтгэл нь өндөр байдаг аж. Тухайлбал, Их Британид галын аюулгүй байдлын стандартыг зөрчсөн тохиолдолд мөнгөн торгуулиас эхлээд  хоёр жил хүртэл хорих ял ногдуулдаг. Гэтэл манай улсад галын аюулгүй байдлын стандартыг мэддэггүй, мэдсэн ч түүнийг дагаж мөрдөхгүй байгаа нь гал түймэрт өртөх шалтгаан болоод байгаа юм. Тиймээс иргэн хүний санаатай, санамсаргүй буруутай үйлдлээс гарч буй гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо хэрэгтэй байна гэдгийг холбогдох албаны хүмүүс тодотгож буй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж