-Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Хушаат, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур, Шаамар, Сүхбаатар, Алтанбулаг, Баянгол, Мандал, Баруунхараа сумдаас гадна Дулаанхан, Номгон тосгонд ажиллаж, ЖДҮ-ийн үйл ажиллагаатай танилцлаа-
Энэ онд улсын хэмжээнд 15 мянган Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/ шинээр бүртгэгдсэнээс 2000 нь Сэлэнгэ аймагт байгуулагджээ. Эдгээр 2000 ЖДҮ-ийн дийлэнх хэсэг хөдөө аж ахуйн салбарт хамаарч байна.
Өнөө жил тус аймагт зуншлага тааруу тариаланчид ургац алдах эрсдэлтэй тулсан ч хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчдын хувьд арвин ургац авах нь. Зөгийчид ч борви бохисхийлгүй ажиллаж байгаа юм. Тухайлбал, Шаамар сумын иргэдийн 60 гаруй хувь зөгийн аж ахуй эрхэлж, жилдээ 70 тонн зөгийн бал хураадаг бол 200 гаруй өрх хүнсний ногоо, нарийн ногоо тариалж улсын хэрэгцээг хангах хэмжээнд хүрч бяр суужээ. Гэвч бүтээгдэхүүнээ борлуулах арга замаа олоогүй сул талыг нь ашиглаж “Шаамрын зөгийн бал” нэртэй хуурамч бүтээгдэхүүн Улаанбаатар хотод зарагддаг болсон. Иймд “Шаамрын зөгийн бал” брэндийг нь илтгэх сав баглаа боодол, шошготой болох, мөн зөгий өвөлжүүлэх зоорь, 1000 тонн хүнсний ногоо агуулах зоорь барьж өгөх хүсэлтийг Аж үйлдвэрийн сайдад хандан тавьж байлаа.
Дээрх хүсэлтэд сайд Д.Эрдэнэбат “Жил тутамд 70 тонн зөгийн бал хураана гэдэг улсын хэрэгцээг хангах боломжтой гэсэн үг. Сав баглаа боодол, шошгыг сумандаа шийдэх боломжтой, нэг нь энэ чиглэлийн жижиг үйлдвэр байгуулчих, бүгдээрээ шуурч болохгүй. Биенээ дэмжиж, дутуугаа нөхөж ажиллах ёстой. Тэгж байж зардлыг ч бууруулна. Ингэхгүй бол Улаанбаатар хот руу тав, таваараа уралдаж очиж, сав баглаагаа захиалж ажиллаад амжилт олохгүй. Нэгдэж ажилла. Зохион байгуулалтын л асуудал. Одоо тэнд нэг нь ногооны зоорь, нөгөө нь зөгий өвөлжүүлэх зоорь байгуулж өг гэж нэхэж байна. Борлуулалтын асуудал ч хөндөгдлөө. Шаамарт Хөдөө аж ахуйн парк байгуулах боломжийг наймдугаар сардаа багтаагаад ажлын хэсэг томилж, судлуулъя” гэсэн хариулт өгч, Шаамрынхан зохион байгуулалтад орохоор болов.
“ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ ЯАЖ АВАХ ВЭ САЙД АА?”
Зүүнхараа, Баруунхараа, Түшиг, Цагааннуур, Алтанбулаг сумдад ажиллах үед Аж үйлдвэрийн сайдад хандан олонтаа хаяглагдсан асуулт бол ЖДҮ-ийн зээлд яаж хамрагдах тухай байлаа. Шазруун нэг нь “Арын хаалгатайд нь олддог зээл юм уу, гурван ч удаа блокны үйлдвэр байгуулах төсөл бичлээ, шалгарсангүй” гэж лавлаж суухад “ЖДҮ-ийн зээл авах эрх үүссэн ч барьцаа хөрөнгө бүрдүүлэх, мөн банкны салбарын захирал амарсан, эдийн засагч өвчтэй зэрэг шалтгаанаас болж цаг алдсаар зээл авах эцсийн хугацаа дууслаа. Маргааш наймдугаар сарын 1-н, яах ёстой вэ?” гэх зовлонг ч тоочсон юм.
Салбарын сайдын тодотгосноор ЖДҮ-ийн зээл олголтын шалгуур өндөрсчээ. Уг зээлийг зөвхөн бүтээгчид өгнө. Бүтээгчид өгөхөд бас учиртай. Экспортыг дэмжсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ЖДҮ-ийн зээл олдох аж. Ийм шаардлага тавьж эхэлсэн нь Монгол Улс жилдээ 5.6 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортолдог ч 300 сая ам.доллар нь монголчуудын гараар бүтээгдсэн. Үлдсэн 5.3 тэрбум ам.долларыг зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг болжээ. Гэтэл жил тутамд импортын бараа худалдан авахад зориулж 5.2 тэрбум ам.долларыг “цацдаг” байна. Тодруулбал, 1.6 тэрбум ам.доллар нь нефтийн бүтээгдэхүүн, 1.5 тэрбум нь авто машин худалдан авахад зарцуулагддаг аж.
Дээр нь авсан зээлээ баялаг бүтээхэд зарцуулах бус наймаа хийхэд ашигладаг. Ийм сэтгэлгээнээс болж, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс наймаачин сэтгэлгээтэй болж хувирсан тул ЖДҮ-ийн зээлийг төсөл бичсэн болгонд өгөхгүй гэдгээ Аж үйлдвэрийн сайд тодотгосон юм. Энэ тухай тэрээр “Хүн бүр төсөл бичдэг, тэр нь хэрэгждэггүй, тэгээд өрөнд ордогоо болих хэрэгтэй. Аж үйлдвэрийн яам ЖДҮ-ийг дэмжих хүрээнд экспортын баримжаатай, хөдөө аж ахуйн импортыг орлох төслүүдийг голлож дэмжсэн. Барилгын төслүүдийг ерөнхийдөө бага дэмжсэн. Блок хийнэ, тоосго хийнэ гэдэг үеэ өнгөрөөсөн технологи болж эхэлж байгаа учраас ийм төсөл явахгүй болж байна.
Өөрсдийн суурь баазтай, өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ хажуугаар өөр зүйлийг нэмж хийе гэсэн төсөл дэмжигдсэн. Ирэх жилээс ЖДҮ-ийн зээлд цаасан дээрх төслийн тухай ойлголт байхгүй болно. Бодлогын зээлийн төслүүд явна. Бодлогын зээл гэдэг нь зорилготой чиглэлтэй, суурь баазтай, түүнийгээ өргөтгөх, чанаржуулах, экспортод гаргах, импортыг бодитойгоор орлож, бөөний хэмжээгээр үйлдвэрлэх энэ чгилэл рүү чиглэсэн төслийг маш их хэмжээгээр дэмжинэ. Одоо ингэж эрэмбэтэй явахгүй бол шат, шатандаа энэ Монгол Улс худалдаачин болж дууслаа. Үйлдвэрлэдэг бүтээдэг хүн нь цөөрөөд төсөл барьж явж, зээл авдаг. Авсан зээлээ гадагшаа явж чанартай, чанаргүй бараа авч ирж, Монголдоо нугалж зардаг. Төрд ч зардаг, хувьд ч зардаг. Ийм амьдрал манайд хавтгайрсан.
Аж үйлдвэрийн яам байгуулагдаад долоон сар болж байна. Энэ яамыг босгох гэж нэлээн гүрийж ажилласан, тодорхой амжилт ч гарсан. Монголд үйлдвэр хэрэгтэй юм байна, баялаг бүтээгчдээ дэмжих хэрэгтэй юм байна, энэ бидний амьдралын гол судас юм байна гэдгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч дэмжих болсон.
Хоёрдугаарт, үйлдвэр эрхэлдэг, юм хийдэг хүмүүсийн сэтгэл санаа сэргэсэн. Хийх хүсэл эрмэлзэл нь өндийж эхэлж байгаа. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг Аж үйлдвэрийн яамнаас санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулсан. Дээрх хуулиар хэд, хэдэн асуудлыг шийдсэн. Дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор авахад татвар тогтоох шийдвэр гаргуулж чадсан. Хүнсний ногоо тариалагчид хятад ногоонд татвар ногдуулах шаардлагатай тухай олон жил ярьж ирсэн, энэ асуудал шийдэгдсэн. Мөн энэ хуулиар үндэсний үйлдвэрлэлийнхээ техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, бараа бүтээгдэхүүн гаргавал технологи нэвтрүүлсэн судалгааны зардлын 75 хүртэл хувийг төрөөс даана.
Тендэрийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар төрийн худалдан авалтад тендэр зарлахдаа дотоодод үйлдвэрлэж чадаж байгаа бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн барааны тендэрийг гадаадын бараанд зарлахыг хориглосон. Энэ бүхэн үйлдвэр эрхэлж байгаа хүмүүст бодитой дэмжлэг болно. Одоо наймааны аргаар амьдрахаа болих хэрэгтэй. Ажлын байраа нэмэгдүүлье, орлогоо нэмэгдүүлье гээд яв. Бодитой төслийг л дэмжинэ. Одоо сум бүр тэргүүлэх чиглэлээ тодорхойл. Түүнийхээ дагуу ажилла. Сумын Засаг дарга нь бизнес эрхлэгчдээ, иргэдээ тойруулж суугаад хуралд” гэсэн юм.
Харин ЖДҮ-ийн зээл олголтын хугацааны тухайд наймдугаар сарын 15-н болгож, хойшлуулжээ.
БАЯНГОЛ СУМ 3.5 САЯ ЛИТР СҮҮ ҮЙЛДВЭРЛЭДЭГ
Монгол Улс 50 сая гаруй толгой малтай ч хуурай сүү импортоор авч хэрэглэдэг. Жилдээ 45 сая ам.долларыг зөвхөн энэ төрлийн бүтээгдэхүүнд зарцуулдаг тоон мэдээлэл байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг хэд, хэдэн сумд байгаагийн нэг нь Баянгол юм. Тус суманд фермэрийн аж ахуй эрхлэгчид жилдээ 3.5 сая литр сүү үйлдвэрлэж, сумын хэрэгцээг хангаад зогсохгүй хөрш зэргэлдээ Дархан-Уул, Орхон аймгийн сүүний хэрэгцээг хангадаг болжээ. Сүүний гарц сайтай үнээг тэжээлээр бордож ашиг шимийг нь авах ёстой ч тэжээл үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Хятад улс руу экспортолдгоос энэ нь ховрын “бараа” болсон байна. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэв.
Аж үйлдвэрийн сайдын хариултаар бол гадаад руу хивэг экспортлохгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан аж. Мөн Баянгол сум тэргүүлэх чиглэлээ фермэрийн аж ахуй байхаар төлөвлсөн бол газар тариалангийн компанидаа үүрэг өгч, 900 га талбайд үр тариа тарих бол 10-га нь тэжээлийн ургамал байх ёстой гэсэн шаардлага тавьж, харилцан биенээ дэмжиж ажиллахыг зөвлөсөн юм.
НЭГ БУТНААС 37 ЛИТР ҮХРИЙН НҮД ХУРААЖ АВДАГ
Дулаан хан сумын иргэн С.Наранцогт хашаандаа үхрийн нүд, чацаргана тариалжээ. Үхрийн нүд нь эхнээсээ боловсорч гүйсэн тул хурааж эхлээд байна. С.Наранцогтынх 470 гаруй жимсний модтой. Нэг бутнаас дунджаар 37 литр үхрийн нүд хурааж авдаг бол жилдээ 3 тонн гаруй жимс хураадаг аж. Үүнээс гадна 9 га талбайд загас үржүүлэх аж ахуй эрхэлж, цөөрөм бий болгожээ. Жилд 1,5 тонн загас барих зөвшөөрөлтэй. Одоогийн байдлаар 170 гаруй сазана загас цөөрөмд үржүүлж байна.
Жимсээ Улаанбаатар хотод борлуулж, мөн жил бүр 50 шахам жимсний модыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй өгч, жимс, жимсгэний чиглэлээр өрхийн аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлдэг байна.
Харин Дулаанхан сумын хувьд тэргүүлэх чиглэлээ аялал жуулчлал байхаар тодорхойлжээ. Тус суманд үйл ажиллагаа эрхэлдэг нум сумын үйлдвэр нь цаашид цогцолбор болон хөгжих боломжтой гэнэ. Цогцолбор болгон хөгжүүлэхэд зориулж нийт 5 га газрыг аймгаас шийдсэнээр“ Цэргийн хүрээ” төслийг санаачилсан байна. Уг төслөөр дамжуулан жуулчдыг татахын тулд нум, сумыг хэрхэн хийдэг талаарх бодитой зүйлийг харуулах ёстойг Аж үйлдвэрийн сайд зөвлөсөн юм.
МАНДАЛ СУМАНД 1000 ТОННЫН ЗООРЬ АШИГЛАЛТАД ОРНО
Хүнсний ногоо тариалагчдын өмнө тулгамддаг хамгийн том бэрхшээл бол зоорь аж. Эл асуудлыг шийдэхийн тулд Мандал суманд 1000 тоннын хүчин чадалтай, 15 ширхэг ногоо хадгалах зоорь барьсан нь удахгүй ашиглалтад орох аж. Наймдугаар сарын 15-нд хүлээлгэн өгнө гэдгийг сумын удирдлагууд онцолж байлаа. Нийт 2.8 тэрбум төгрөгийн улсын төсвийн санхүүжилтээр баригдаж буй тус зоорийн ажил хийгдсэнээр ногоо эрхлэгчдийн хувьд хадгалах савгүйгээс болоод хямдхан борлуулдаг асуудал байхгүй болно.
Иргэд бүлэг хоршооддоо Улаанбаатарын ханшнаас доогуур үнээр хүнсний ногоог хадгалуулах боломжтой болох аж.
Г.ДАРЬ