Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв эсэхийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсон. Тодруулбал, ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар тогтов. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаашид Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай эсвэл парламентын засаглалтай байх уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар асуух шаардлагатай хэмээн үзэж тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн бариад буй.
Ерөнхийлөгчийн асуултын дагуу засаглалыг ард нийтийн санал асуулгаар асуух нь хуулийн хүрээнд боломжтой эсэх талаар талуудын байр суурийг энэ долоо хоногийн VS булангаараа хүргэж байна.
З.Энхболд
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Парламентын засаглал хамгийн мундаг нь гээд хэн хэлсэн юм. 30 жилийн турш бид янз бүрээр оролдлоо. Хамгийн сүүлийн оролдлого Үндсэн хуулийнхаа 35 хүртэлх хувьд нь өөрчлөлт хийгээд явъя гэлээ. Гэтэл ажиллахгүй нь. Тэгэхээр засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг юм бол ард түмнээсээ асууя. Ард түмэн аль нэгийг нь сонгоно. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ, парламентын засаглалыг дэмжинэ гэдэг шийд гарна. Ард түмний сонголтын дагуу Үндсэн хуулиа өөрчлөх үүрэг нь парламентын үүрэг. Одоо бид хэлбэр, агуулгаа ялгах хэрэгтэй. Болохгүй гэдэг хязгаарлалт хаана ч байхгүй. Боломжгүй гэж хэлж байгаа хүмүүс Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг үндэслээд байгаа юм. ЖДҮХС-аас зээл авсан 40 гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй ийм арчаагүй парламенттай байснаас улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдэж чаддаг, гэхдээ засаглалын ямар хэлбэр байх нь сонин биш Үндсэн хуультай байх нь чухал.
О.Мөнхсайхан
МУИС, Хуульзүйн сургуулийн профессор, доктор, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийн гишүүн
Ийм асуултыг ард нийтийн санал асуулга руу оруулах боломжгүй. Үндсэн хуулийн болон бусад хуулийн үндэслэлийг хэлье. 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал нь парламентын тогтолцоо. Парламентын тогтолцоог өөрчлөх буюу үүнээсээ татгалзах эсэх асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт биш, харин шинэ Үндсэн хуулийн асуудал. Парламентын тогтолцоог өөрчлөх агуулгатай Ард нийтийн санал асуулга явуулахыг Үндсэн хууль зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль өөрөө өөрийгөө устгах асуудлыг санаачилж хийхийг Ерөнхийлөгчид ч, УИХ-д ч зөвшөөрөөгүй хэрэг. Үндсэн хуулийн 68.2-т зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар л Ард нийтийн санал асуулга явуулж болохоор заасан. Мөн, Үндсэн хуулийн 32.2-т заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж энэ Ерөнхийлөгч тангараг өргөсөн атлаа уг Үндсэн хуулийнхаа амин сүнс болсон парламентын тогтолцооноос татгалзъя гэж байгаа нь тангаргаасаа няцсан ноцтой үйлдэл мөн. 2018 оны намын чуулганы нээлтэд бас ийм зүйл хэлсэн, өнөөдөр үүнийгээ бодит үйлдэл болгож байгаа нь төрийн тэргүүн буюу үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд байж болохгүй алхам. Үүний зэрэгцээ, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль гэсэн гурван хуулиар Ард нийтийн санал асуулгыг явуулдаг. Үндсэн хуулийн асуудлаарх Ард нийтийн санал асуулгыг зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулиар л явуулна. Парламентын засаглалтай байх уу, ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэсэн асуулт асуух Ерөнхийлөгчийн санаачилга нь уг журмын хуулийг процедурын болон агуулгын талаас нь ноцтой зөрчиж байгаа юм. Процедур талаасаа гэвэл Засаглалын хэлбэрийг асуух төслийн талаар иргэдийн санаа бодлыг огт сонсоогүй, судалгаа хийгээгүй, хэлэлцүүлээгүй, холбогдох байгууллагаас санал аваагүй зэргээс үзэхэд уг тогтоолын төсөл нь төслийг боловсруулахад тавих журмын хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Мөн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийж, УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас дээш дэмжлэг авч байж Ард нийтийн санал асуулга явах боломж бүрдэнэ. Засаглалын хэлбэрийн асуудлаар ийм процесс огт хийгдэхгүй тул Ард нийтийн санал асуулга руу шууд орно гэж байхгүй. Нөгөө талаар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэх эсвэл Үндсэн хуулийн 35-аас илүү хувийг өөрчлөх агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах эсхүл Ард нийтийн санал асуулга руу оруулахыг хориглочихсон. Тэгэхээр засаглалын хэлбэрийг өөрчилнө гэдэг нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэж байгаа учраас үүгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Дээрээс нь энэ нь шинэ Үндсэн хуулийн асуудал учраас Үндсэн хуулийн нийт зүйлийн 35 хувиас хэтэрч, агуулгын хувьд хориглогдож байгаа юм. Тэгэхээр өнөөгийн хууль тогтоомжийн хүрээнд парламентын засаглалаас татгалзах асуудлаар Ард нийтийн санал асуулгаар явуулахыг хориотой. Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулж болно. Гэхдээ энэ нь саяын журмын хуулийн дагуу л явна. Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг дангаар нь бариад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярьж болохгүй.
Холбоотой мэдээ