Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Өнөө жил уг өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл, дүүргийн салбар комиссууд уламжлал болсон ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна зарим хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Батлах хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй төрийн дээд албан тушаалтнууд, нам эвслүүдийн төлөөлөл, хэлмэгдэгсэд, тэдний хань, үр хүүхдүүд, ач зээ нар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Р.Дагва, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс мөн оролцов.
Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсдэд зориулсан хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл, дүүргийн салбар комисс, холбогдох албаны хүмүүс, хэлмэгдэгсэд, тэдний хань, үр хүүхдүүд, ач зээ нар өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Цэрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга М.Баярмагнай, ЦАУЗБУК-ын нарийн бичгийн дарга Д.Ууганбаатар, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхцэцэг болон Сонсголон, Толгойт, Сонгино цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд оролцов. Мөн Сонгинохайрхан дүүргийн XXX, XXXI дүгээр хороонд байрлах Хамбын овоонд зул өргөж, лам хуврагууд ном хурлаа. Зул өргөх ёслолд дүүргийн удирдлагууд болон хэлмэглэгсэд, тэдний үр хүүхдүүдийн төлөөлөл, иргэд оролцов.
Шилэн хорго бүхий бурхны хөшөө бүтээв
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл дүүргийн салбар комиссоос хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж байгуулсан дурсгалын хөшөө, самбар, багана, суварга, нэрэмжит болгосон гудамж, талбай зэрэгт шаардлагатай засвар үйлчилгээ хийх, шинэчлэх, сэлбэх, сэргээн засварлах, тохижуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Тухайлбал, Багануур дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос санаачлан хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан 4м өндөр, бурхан байрлах шилэн хорго бүхий бурхны хөшөө бүтээжээ. Уг ажлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын болон нийслэлийн салбар комисс, Багануур дүүргийн салбар комисс хамтран бүтээж, энэ сарын 9-ний өдөр нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.
Лосолын Лааган агсны түүхэн баримтат номын нээлт боллоо
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааган агсны амьдралыг хүүрнэсэн түүхэн баримтат “Лосолын Лааган-БНМАУ-ын төрийн тэргүүний хувь заяа” нэртэй номын нээлт боллоо. Номын зохиогч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан архивын түүхэн баримтуудад тулгуурлан эл номыг туурвижээ. Номын нээлтийн арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Лосолын Лааган агсны хүү Ховд аймгийн хурц арслан Л.Найдан агсны үр хүүхдүүд, “Лосолын Лааган сан” хамтран зохион байгуулсан юм.
Номын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Захиргаа, дүн шинжилгээний албаны дарга Д.Ууганбаатар, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Батбямба, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар болон түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн докторууд, Л.Лааган агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцов. Эл номыг цөөхөн хувь хэвлүүлсэн бөгөөд нийслэл, 21 аймгийн ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиуд, төрийн байгууллагуудад түгээх юм байна.
Л.Лааган агсан нь 1887 онд хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч Вангийн хошуу, одоогийн Ховд аймгийн Буянт сумын нутагт төрсөн бөгөөд бага насандаа Наран хутагтын хүрээнд шавилан сууж бурхны ном үзэж байжээ. Богд хаант Монгол Улсын үед нутагтаа Харганы өртөөний ахлагч хэмээх ажлыг хийж байсан аж. Улмаар Чандмань уулын аймгийн Намын хянан байцаахын дарга, МАХН-ын Хянан байцаах төв комиссын даргын албыг хашиж байгаад 1930-1932 онд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байжээ. Түүнийг мөн Монгол банкны 9 дэх даргаар ажиллаж байсан тухай архивын баримтуудад дурдсан байдаг талаар тус номд өгүүлсэн байна. Тэрбээр 1928-1940 оны хооронд улс төрийн хилс хэрэгт гурван удаа холбогджээ. Түүнийг Японы төлөөлөгчтэй холбоотой байсан, Ванчинбогдтой харилцаа байгуулах ажил зохиолцсон, хасгуудаар дээрэм хийлгэх ажлыг зохион байгуулсан гэх зохиомол хэрэг тулган, буудан хороох ял тулгасан байдаг ажээ. Хожим 1962 оны хоёрдугаар сард түүнд тулгасан хэргийг цагаатгажээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ